Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    “Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ

    Манай төрийн түшээд, улс төрийн өндөр албан тушаалтнуудад нэг сонин үзэл байдаг. Хятадын эрлийз гэж хэлүүлэхээс үнхэлцгээ хагартал айцгаана.Хэрэв тэд хятад гаралтай болчих юм бол нэр хүнд, карьер нь уначихна гээд жигтэйхэн их ичиж, эмээх юм.Тийм болохоор улстөрчид нэг нэгнийгээ байсхийгээд л эрлийз, хурлийзаар нь “намнах” явдал түгээмэл.Архив ухаад “Тэр, тэр хятадын эрлийз юм байна шүү” гэж гаргаж тавиад нийгмээр зүхүүлдэг бохир улс төрд гаршсан хүмүүс ч бий. Тэднийхээр бол Монголын төрд хятадын эрлийз өчнөөн олон хүн сайд, дарга хийж байна гэдэг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас өгсүүлээд Р.Гончигдорж, М.Энхсайхан, Да.Ганболд. С.Баярцогт, М.Энхболд гээд бүгд л хятадын эрлийз юм байх.Нөгөөдүүл нь ч ингэж дуудуулсандаа эмзэглэж, нүүр хийх газаргүй болж бантангуутаа буруу нүүдэл хийж орхидог. Жишээлбэл, Р.Гончигдоржийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хятадын эрлийз гэж баахан шуурсан даа. Сүүлдээ эхнэр нь хятадын эрлийз болж, ийм хүн тэргүүн хатагтай байж болохгүй гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин П.Очирбат гуай хятад эцэгтэй гэх олны хэл амнаас ухаалгаар мултарч Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй. Тэгвэл М.Энхболдыг хятадын эрлийз гээд чичлэнгүүт нөгөөх нь пайнагт орж гөлийсөөр байгаад улс төрийн карьераа дуусгасан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь хятадын эрлийз гэх яриа идэвхижсэн дээ. Тэгэхэд Хүрэлсүх шадар сайд байхдаа “Эрлийз адуу уралдуулахгүй” гэсэн хоёрдмол утгатай юм гаргаж ирэн өрсөлдөгчийг нь ялуулж байв. Дараа жил нь М.Энхболдыг хятадын эрлийз гэж дахиад л давшлахад айгаад хөдөлж чадахгүй байсаар байгаад УИХ-ын даргаасаа бууж, улс төрөөс явсан. Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цахим сүлжээнд намайг хятадаар яриуллаа” гээд хоёр хүнийг шоронд хийчихэв. Ер нь анзаараад байхад энэ улстөрчид хятадын эрлийз болчихоор амьдрал нь дуусна гэж боддог юм шиг.Ийм яриа гарсны дараа заавал ялагддаг кэйс ч олон.

    Монголчуудыг хятадын эрлийз гэж гадуурхаж, жигших үзэл социализмын үеэс эхтэй. Гэхдээ социализмын бүх цаг үеийн түүхэнд биш шүү. Ю.Цэдэнбалын үеэс л монголчуудыг эрлийз, хурлийз гэдэг ялгаварлал хүчтэй дэлгэрсэн. Харин 1960-аад он хүртэл Монгол Хятад хоёр улс ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн юм. Тэгж яривал “Дорно зүгээс наран мандлаа. Дорнод Хятадаас Мао төрлөө” хэмээх мөртүүдийг хүн болгоныг цээжлүүлэн дуулуулдаг байсан гэдэг. Улаанбаатар хотыг энэ дөчин мянгат, их дэлгүүр, 120 мянгат гээд хятад ах дүү нар барьж өгсөн юм гээд л хуучны ном сонин дээгүүр дүүрэн байгаа. Эндээс харахад манай хоёр улс үнэхээр зузаан нөхөрлөж ирсэн. Ю.Цэдэнбалын үед хятадын эрлийз гэгдээд буруудаж, албан тушаалаасаа унадаг байсан нь орчин цагт огт өөр болсон шүү. “Тэр намайг хятад гэж хэллээ” гээд айж чичрээд байх хэрэггүй. Энэ бол үнэхээр хоцрогдсон, тэнэг айдас.

    Оны өмнөхөн Ч.Хүрэлбаатарыг хятадын эрлийз болохыг нь дэлгэлээ гээд л дээр, дооргүй амтай болгон нь ярих шив. “Бурхан минь Ч.Хүрэлбаатар чинь хятадын төд дэх үеийн хүүхэд байжээ. Ийм хүнийг өдий болтол сайд, дарга хийлгээд явж ирсэн байна шүү дээ.Даанч яав даа” гэж нийгэм даяараа халаглацгааж байгаа харагдав. Ядаж байхад Ч.Хүрэлбаатар нь хүртэл өөрөө сандарч гүйгээд барьц алдаад байх юм. Хашир улстөрч хүн байж “Би эрлийз биш” гээд дэвхцэж, цовхчиж байгааг нь харахад цочмоор байлаа. Яг үнэндээ түүнийг эрлийз гэж цоллосон хүнээс нь ч илүү энэ үйлдэл нь сэжиглэмээр санагдав. Шинэ оны эхний өдөр архивын байгууллагыг тэр чигт нь ажиллуулж, өөрийнхөө намтар түүхийг дэлгэж, мэдэгдэл хийх Ч.Хүрэлбаатарыг хүн бүхэн гайхаж харж байсан. Энэ эрлийз гэдэг яриаг нийгэмд гаргаж тавьдаг нэг нөхөр байдаг юм шиг байна. Олны ярианаас сонсоход Женко гэцгээж байна. Орчин үед эрлийз гэж ингэж хүчтэй маргалдаж байгаа хүн Женко гэгч та хоёроос өөр байгаа юм уу. Женкогийн хувьд урьд нь олон хүнийг ингэж хятадын эрлийз хэмээн зарладаг байсан нь үнэн бол ёстой бүдүүлэг байна.Тэгээд ч гаргаж тавилаа гээд яадаг юм бэ.Тоохгүй л байвал болоо юм биш үү. Та нар өөрсдөө ингэж эмзэглэж гүйгээд байхаар чинь улам л элдэв юм ухаж гаргаж ирээд ялсан баатар болж бах тав нь ханах үндэс болоод байгаагаа хардаггүй хэрэг үү. Ингэхэд та нарыг хятадын эрлийз гэдгийг тоогоод сүйд болж байгаа газар байна уу. Энэ бол дэлхий ертөнцөд энгийн үзэгдэл болсон. Жишээлбэл, Английн Ерөнхий сайд Р.Сунак гэж тус улсын колони байсан Энэтхэг гаралтай хүн байна.Тэрбээр Английн анхны өнгөт арьст Ерөнхий сайд.АНУ-ын Ерөнхийлөгч асан Брак Обамаг кени гаралтай гэдгийг бүгд мэднэ. Бас Латин Америкийн оронд япон хүн төрийн тэргүүнээр бүхэл бүтэн 10 жил ажилласан жишээ ч бий. Перу улсын ерөнхийлөгч асан Алберто Фүжимори нь тус улсад цагаачилж ирсэн япончуудын хүүхэд байв. Энэ мэтчилэн африк гаралтай америк, герман гаралтай америк, хятад гаралтай америк, япон гаралтай америк гэдэг шүү дээ. Ингээд харахаар эрлийзгүй хүн хаана байгаа юм бэ. Энэ арьс өнгө, цус ярьдаг үзэл дэлхийд байхаа болиод удаж байна. Яахав вэ, бүдүүлэг тосгон хавьцаа бол иймэрхүү яриа явж байхыг

    үгүйсгэхгүй. Манайхаар бол өнөө оркууд хавиар л ийм яриа байх ёстой. Яахав вэ, хоцрогдсоноороо Женко гэдэг нь л улсуудын эрлийз хурлийзыг дэлгэж л байдаг юм байгаа биз. Тэр улс төрийн байгаа оноод ашгаа хийдэг болохоор л гаргадаг байх. Үүнийг нь та нар өөрсдөө тоохоо больчихвол хэн дахиж өдөх юм бэ. Энэ тоож байгаа цочрол чинь гаргаж байгаа хүнээсээ доор шахам эвгүй харагдаж байна. Арай ч Засгийн газрын гишүүний түвшний хүн ийм байх гэж. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийг хариуцсан сайд хүн ингэж аашлах нь дэндүү жижигхэн харагдуулаад байна. Шууд утгаараа Ч.Хүрэлбаатар нь хятадын эрлийз байхаасаа аймар ичиж байгаа юм байна гэж ойлгогдохоор. Та ингэж ичиж байгаа бол яаж Хятад руу очиж хэлэлцээр наймаа хийх гээд байгаа юм бэ. Хятад чинь дэлхийд эдийн засгаараа ноёлж байгаа, хөгжилд хүрсэн хүчтэй том гүрэн. Гэтэл хөрш орны зэргэлдээ Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Би хятад хүн биш” гэж орилоод, архив самарч тайлбар хийж байхыг өнөө хятадууд нь хараад сууж байгааг боддоггүй юм уу. “Бидний нэг байхаасаа энэ хүн яасан их ичдэг юм бэ. Бид дэлхийд тийм ичмээр үндэстэн юм болов уу” гээд өнөө хятадууд боддоггүй юм уу. Хэн ч гэсэн тэгж бодно л биз дээ. Дэлхий ертөнц даяаршсан өнөө цагт аль нэг орны дотоод асуудал нөгөө оронд ил тод байдаг болсон. Сонирхсон асуудлуудынхаа хүрээнд мэдээллийг цензургүй авах бүрэн боломжтой цаг үе. Тэгэхэд Ч.Хүрэлбаатар сайд нь ингэж дөвчигнөдөг нь буруу байна. Түүний энэ зан үнэхээр илүү байлаа. Дээрээс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнх нь дүрсийг ашиглаж хятадаар үг хэлүүлсэн хоёр нөхөр түүнийг англи юм уу оросоор яриулсан бол хорих байсан болов уу. Хятадаар яриуллаа, үндэсний аюулгүй байдалд халтай юм боллоо гээд л дэвэн дэлхийгээр нэг шуугиад л эгээ л зурагтаар хэлээ угааж үзүүлээгүй дээ. Манай Ерөнхийлөгч байсгээд л Хятад руу элдэв тусламж хамтын ажиллагаа гээд л очдог. Цаадуул нь “Бидний хэлээр ярихыг доромжиллоо гээд иргэнээ хорьж байгаа хүн манайд ирлээ дээ” гэж бодохгүй юу. Тийм байж элдэв хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл хийе гээд гуйвал эдийн засгийн хамтын ажиллагаа чинь бүтэлтэй байх уу. Ийм энгийн наад захын асуудлуудаа хардаггүй хэрэг үү. Манай төрийн удирдлагууд юун ч хөөргөн, эмзэг болчихсон юм бэ.

    Дээдчүүд нэгийгээ эрлийз хурлийз гэж дуудах нь Монгол Улсын нийгмийн харилцаанд их сөрөг нөлөөтөй байдаг. Яагаад гэвэл тэрийг нь доодчууд хүчтэй хүлээж аваад дуурайгаад нэгнийгээ пүү паа болж жигшдэг. Энэ нь нийгмийн доод давхаргад асар хорлонтой үргэлж хооронд нь дайсагнуулсан байдалд байлгавал яах юм. Ер нь дээрээ ингэж арьс, өнгө, угсаа гарлаар биенээ ялгаварлан гадуурхахаар ард түмний хоорондын харилцаанд муу уршигтай.Тэд “эрлийз байх нь гэмт хэрэг” гэж үзнэ. Улам дэвэргэнэ. Энэ хийрхэл манай эдийн засгийг боомилохоос өөр ямар ч нэмэргүй. Тэгээд ч ингэж арьс өнгө, гарал угсаа, яс үндсээр ялгаварлах үзэл дэлхийд хориотой байдаг.Одоо та нар наад хятадын эрлийз гэх хоцрогдсон айдсаасаа салах хэрэгтэй.

    МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

    logo

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ