7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.07.24-2023.07.30/
- БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд явагдаж буй Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Ашихай 37.9 км замын гүйцэтгэгч нартай уулзлаа. БНХАУ-ын компаниас улбаатай цаг алдан удааширч буй асуудлуудыг яаралтай шийдэл гарган шийдвэрлэх, гүйцэтгэл дээр анхаарах, тус компанид хариуцлага тооцох зэрэг олон талын яриа хэлцэл явагдаж байна.
МОНГОЛЫН ИРГЭН БҮР ЭХ ОРОНЧ БАЙГАА НЬ ГҮН СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН
2023 онд БНСУ-аас 150.000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин БНСУ-аас ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байна. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүллээ.
БОРЦГОР ХОТОН /PELICANUS CRISPUS/ ШУВУУНЫ ТОО ТОЛГОЙГ ТОГТООХ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА
Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран Борцгор хотон /pelicanus crispus/ шувууны тоо толгойг тогтоох судалгааг хийж байна.
“NAS SUMMIT” АРГА ХЭМЖЭЭГ ИРЭХ САРЫН 19-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Nas Daily-ийн багийнхан 08 сарын 19-нд Монгол Улсад ирж, “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээнд Nas Daily-ийн багийнхан болон Youtube сувагт олон сая дагагчтай контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм.
“УВС НУУРЫН ХОТГОР” ХИЛ ДАМНАСАН ДАРХАН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛДАВ
Хил дамнасан дархан газрыг байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан комиссын 8-р хуралдаан БОАЖЯ болон Увс аймгийн Улаангом хотод цахимаар болон танимаар зэрэг хуралдлаа.
ХӨВСГӨЛ НУУРЫН 128 МЕТРИЙН ГҮНД 28 ЖИЛ БОЛСОН АРВАН ТОНН ШАТАХУУНТАЙ, ТЭЭВРИЙН ЧИРГҮҮЛТЭЙ “ЗИЛ-130” АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн Газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” II, III төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.
ҮЕНЧ-БОДОНЧ-БУЛГАН ГОЛЫН САВ ГАЗАРТ ХАМААРАХ УС АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАВ
Үенч-Бодонч-Булган голын сав газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон ус ашиглагч иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, ус бохирдуулагч албан байгууллага, ААН, иргэний тооллогыг хамтад нь хийж ажиллалаа.
АРХАНГАЙ АЙМАГТ 20,000 ГА ТАЛБАЙД АГААРААС ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ТЭМЦЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Булган, Цэнхэр, Хотонт сумын ойн сан бүхий 20,000 га газарт ойн хөнөөлт шавжтай агаараас авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил гүйцэтгэж байгаатай Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс танилцлаа. Уг ажлыг Ойн газар, “Хатант форест” ХХК, “Томас эйр” ХХК болон Архангай аймгийн БОАЖГ хамтран гүйцэтгэж, сумын байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллаж байна.
УЛААГЧНЫ ХАР НУУРЫН БЦГ-Т 4 ШИРХЭГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2023 оны 07 сарын 23-нд Завхан аймгийн Засаг дарга санхүүжилтийг шийдвэрлэснээр Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын аялагчдын хамгийн их очдог гол цэг болох Зэгэстэй нуурт 2, Уртын булгийн адагт 1, нуурын дээд хэсэгт 1 тус тус хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулсан, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн стандартын шаардлагад нийцсэн нийт 4 ариун цэврийн байгууламжийг хамгаалалтын захиргааны ажлын хэсэг хүлээн авч ажиллалаа.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УГТАХ ХААЛГА ОРЧМООС 5 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ТҮҮЖ ЦЭВЭРЛЭЛЭЭ
”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймгийн угтах шинэ хаалганаас хуучин хаалга хүртэлх 16 км газрын хог, хаягдлыг ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 15 иргэдээр цэвэрлүүлж, ажлын байраар хангав.
- БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЗАВХАН АЙМАГТ ОН ГАРСНААС ХОЙШ 32000 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс Завхан аймагт ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзалт хийв. Тус аймагт БОАЖЯ-ны харьяа 7 газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт нийт 100 гаруй албан хаагч ажиллаж байна.
ЗАВХАН АЙМГИЙН БОАЖЯ-НЫ ХАРЬЯА ГАЗРУУДЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАВ
Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
ЖИЛ БҮР МУХАРТЫН ГОЛЫГ ҮЗЭХЭЭР 10000 ЖУУЛЧИН ИРДЭГ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Мухартын голын ундрага багасч буй гэх мэдээллийн дагуу БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Завхан аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Даваажаргал болон албаны хүмүүс нөхцөл байдалтай танилцав.
ЯМААН УСНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОЛДВОРТ ТУЛГУУРЛАЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ МАРШРУТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан Усны дурсгалт газрыг 2021 онд нээн илрүүлж, ШУТИС-ийн археологийн баг 2 удаагийн хайгуул судалгааг зохион явуулж, 2022 онд анхны малтлага судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Анх тус дурсгалт газарт 117 булш бүртгэж байсан бол 2022 онд нарийвчилсан хайгуул хийж, нийт 154 дурсгалыг шинэчлэн бүртгэжээ. ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатар, дэд профессор С.Болормаагаар ахлуулсан судалгааны баг хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ба малтлагын явцтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс танилцлаа.
УЛААГЧНЫ ХАР НУУР ТАТАРЧ БУЙ ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛОХ, ХАМГААЛАХ АЖЛЫГ ХЭСЭГ БАЙГУУЛНА
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм. Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16 – 50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
УЛААН ТАЙГЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ АЯЛАГЧИД ХОГ ХАЯГДАЛ ГАРГАХГҮЙ БАЙГААГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОНЦОЛЖ БАЙНА
Улсын Тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх 5 цэгт байнгын пост ажиллуулж аялагч жуулчдад тасалбар тасалж, ТХГН-ийн танилцуулга, аяллын зам маршрут, Соёны эко бүсийн мэдээллийн төвийг үзүүлж танилцуулах, бусад мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид болон байгаль хамгаалагчид үзүүлж байна. Тусгай хамгаалалттай газруудад аялагч жуулчдын хог хаягдлын асуудалд тогтмол хяналт тавьж, санамж зөвлөгөө өгч ажилласнаар хог хаягдлын асуудал үүсэхээ болив.
- БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ХЯРГАС НУУРЫН ЭРГЭЭС 5 КМ-ЫН ЗАЙД БАЙРЛАХ ХОГИЙН ЦЭГИЙГ НҮҮЛГЭНЭ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, ТХГНБЗГ-ын дарга Н.Баатарцогт, Ханхөхийн УТХГНХЗ-ны дарга Б.Цэлмэгдалай, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа, УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн нар Увс аймгийн Хяргас нуурын эрэг дагуу хог хаягдал, ариун цэврийн байгууламж, нуурын хамгаалалтын асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар Хяргас нуурыг зорьж энгийн өдөр 1000-1200, амралтын өдрүүдэд 10000-15000 гадна, дотоодын жуулчин ирдэг ба ариун цэврийн байгууламж,хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцлаа.
УВС НУУРЫН ЭРЭГТ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ОТОГЛОХ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн нар Увс нуурын хамгаалалт, хог хаягдал ариун цэврийн байгууламжтай танилцлаа.
УВС АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ОЙН ЧИГЛЭЛЭЭР 200 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нар чиглэлийн дагуу Увс аймагт ажиллаж байна. Тус аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа, БОАЖГ, Увсын ай савын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ханхөхийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Түргэн, Өндөрхангай, Малчин сум дундын 3 ойн ангийн нийт 8 байгууллагын 200 гаруй албан хаагч ажиллаж байна.
Орон нутаг
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Булган аймгийн Баян-Агт суманд Хануй, Цагаан голын рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын рашаан усны нөөц, түүний сав газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх холбогдох хууль, дүрэм журмыг хүрээн ажиллаж байгаа эсэх хяналт, шалгалтыг хийлээ. Харьяалах нутаг дэвсгэрийн усны сан бүхий газар, авто зам түүний орчмын ил задгай хогийн цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Нийт 74 байгууллагын 265 хүн оролцож, 222 м3 хог хаягдлыг цэвэрлэв.
МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хязгаарлалтын бүст рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрөл авахаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлсэн аж ахуй нэгж, иргэдэд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж барих талаар албан даалгавар хүргүүлэв. Стандартын шаардлага хангасан олон хангаагүй ариун цэврийн байгууламжийн судалгааг хийж хариуцагчид зөвлөмж өглөө. Хог хаягдлын 3 цэгээс 12 тн хог хаягдлыг ачиж төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Улсын төсвийн хөрөнгөөр аймгийн ойн санд ой зохион байгуулалт хийх ажлын 1-р хэлэлцүүлэг техникийн зөвлөгөөн хийлээ. Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжилтнүүд, орон нутгийн БОХУБ, байгаль хамгаалагчид оролцлоо. Хээрийн судалгааны ажил эхлэн Орхон, Дархан, Шарын гол, Хонгор сумдаар явахаар төлөвлөн ажиллаж байна.
ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт Зүүн Хойд Азийн Ойн Нийгэмлэг-NEAFF, Yuhan Kimberley Co. Ltd-ийн захиалгаар 2006, 2010, 2011, 2012, 2013, 2014 онд ойжуулсан талбайд ойн төлөв байдлын судалгааны ажлыг хийлээ. Уг судалгааг МУИС-ын багш доктор, профессор С.Гэрэлбаатар, докторантур н.Сэрод-Дамба болон хамгаалалтын захиргааны албан хаагчидтай хамтран хийж гүйцэтгэв.
ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Сав газарт хамрагдах Завхан аймгийн Идэр суманд усны тоо бүртгэлийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Тоо бүртгэлийн ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэр дэх гол горхи, нуур тойром, рашаан, булаг шанд, ус ашиглагч, хэрэглэгчдийн судалгааг гаргаж байна. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сав газарт хамрагдах Тосонцэнгэл сумын Хожуул голд хуулийн зүйл заалт бүхий 1м*1м хэмжээтэй 1 ширхэг анхааруулах самбар байршууллаа.
ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагт үүссэн хог хаягдлыг тогтмол
цэвэрлэж 7 хоногт 10.5 тонн хог хаягдал хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж ажиллалаа.
БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Орог нуур-Түйн голын сав газрын биологийн төрөл зүйлд судалгаа хийлгэх ажлын даалгавар боловсруулан хүргүүлэв. Аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах ажлын саналыг боловсрууллаа.
ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн Улиастай сумын Богд, Чигэстэйн гол дагуух ээлжит хяналт шалгалтын зохион байгууллаа. Усны сан бүхий газар хогоо хаяхгүй, машин техник хэрэгслээ угаахгүй байхыг сануулж, болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг иргэдэд давхар анхааруулав. Тус шалгалтад Завхан ОБГ, Аймгийн цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллав.
ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Цогцолбор газрын Марзын халуун рашаан орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Хог хаягдалгүй, цэвэр орчинд аялж амрахыг тогтмол сануулж, ухуулга сурталчилгааг зохион байгуулж байна. Байгаль хамгаалагч Ц.Нямдорж Тосонцэнгэл-Марзын рашаан 90 км замын хогийг цэвэрлэн ачиж төвлөрсөн хогийн цэгт буулгав. Мөн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Нэн ховор цоохор ирвэсийн судалгааг хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршуулан хийснээр цоохор ирвэс янгир ямааны байршил нутагт дахин бүртгэгдэж байгаа нь бидний судалгааны чухал суурь үзүүлэлт болж байна.
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу сав газарт хамаардаг сумдад 2024 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгээр санхүүжүүлэн хэрэгжүүлэх ажлын саналыг Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын БОАЖГ-уудад хүргүүллээ. Мөн Булган аймгийн Хангал, Бугат, Сэлэнгэ сумдад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлыг гүйцэтгэж байна.
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу эвдэрсэн болон нөхөн сэргээлт хийгдсэн газруудын тооллого, бүртгэлийн ажлыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын 2021 оны А/16 дугаар захирамжаар байгуулагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулан ажиллаж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
- Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгаас Дундговь аймагт 2 тонн алтан харганын үр нийлүүлж, тарилтын технологийн сургалтыг Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайд явууллаа.
- Орон нутгийн тусгай хамгаалалттай “Хаалган хад”, “Тогоогийн рашаан” орчимд хариуцсан байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчийн хамтаар эргүүл хийж, рашаан орчмын 1 км талбайн хогийг цэвэрлэж, тарваганы ажиглалт хийлээ.
ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны судалгааны мэргэжилтэн болон байгаль хамгаалагчид Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Менежментийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, газар ашиглалтаас үүдэн гарах нөлөөллийг тооцож, ирээдүйн газар ашиглалтыг төлөвлөх, хилийн гаднах 5 км доторх зам, 10 км доторх өвөлжөө, хаваржаа, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, хот сууриныг нэг бүрчлэн гаргаж дууслаа.
МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА Шавжийн судалгаанд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсийн газар нутагт хээрийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Хээрийн судалгаагаар цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутагт 50 сав суулгаж 24 цаг байршуулахад шавжийн 652 ширхэг үет хөлтөн амьтан баригдав. Үет хөлтөн амьтдын материалыг лабораторид тодорхойлно.
ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Тус сав газрын захиргаанаас ажлын хэсэг Баян-Өлгий аймаг ажиллаж Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Камелият БОАЖГ-ын дарга Марат болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж хийж, хэрэгжүүлж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Ховд аймгийн Байгаль орчны салбарын байгууллагууд, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран Буянт голын зуслангийн бүсэд байнгын хяналт хийх хуваарь гаргаж хөдөлгөөнт эргүүл болон тогтмол дрон нисгэж хяналтаар ажиллаж байна.
ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн буйр нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх” зорилгоор Шинжлэх ухааны академи Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Физик, газарзүй, орчин судлалын салбарын эрдэм шинжилгээний судалгааны баг Халх гол сумын нутагт орших Буйр нуур дээр 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллаж байна.
БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Булган аймгийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр худалдан авсан хог хаягдал тээвэрлэх зориулалтын 6 ширхэг автомашиныг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Баяннуур, Булган, Орхон, Сайхан, Сэлэнгэ сумдад гардуулан өглөө. Энэ нь “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг бөгөөд 2023 онд нийтдээ хог тээвэрлэх 10, бохир ус соруулах 2 автомашиныг шинээр үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
МОНГОЛ ЭЛСНИЙ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Монгол элсний УТХГНХЗ-ны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүсийн салбарын мэргэжилтэн болон судлаач багштай хамтран элсний нүүлтийг сааруулахаар хашиж хамгаалсан талбайд мониторинг судалгааны ажил хийж, Монгол бөхөнгийн (saiga tatarica) биотехник, идэш тэжээл бэлдэх талаар хамтран ажиллалаа.
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Өмнөговь аймгийн ОНТ, байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар Алтайн өвөр говийн сав газарт 6, Галба-Өөш-Долоодын говийн сав газарт 8 мониторингийн цэгийн багажийн засвар шинэчлэлтийн ажлыг хийлээ. Тендерт шалгарсан “KRM” ХХК-тай хамтран
Цогтцэций 2, Ханхонгор 1, Баян-Овоо 1, Ханбогд 4 цэгт мониторингийн багажийг засаж, шинэчлэн ашиглалтад оруулсан.
ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ, ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
БОАЖЯ-ны 2023 оны хяналт шалгалт, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу салбарын ерөнхий байцаагчийн 01/14 төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж БОАЖГ-ын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу Дорнод аймгийн Баяндун сум, Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтад нийт 8 аж ахуйн нэгж хамрагдаж байна.
УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Увс аймгийн Улаангом хотноо “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг байгуулах ухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийг /цаашид “Хэлэлцээр” гэх/ хэрэгжүүлэх үүрэг бүхий Монгол-Оросын Хамтарсан комиссын /цаашид “Хамтарсан комисс” гэх/ 8 дугаар хуралдааныг зохион байгуулав.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Өвөрхангай аймагт жил бүр таван төрлийн эвент зохион байгуулдгийн нэг нь “Сарлагийн баяр” юм. Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой “Сарлагийн баяр” бэсрэг наадмыг энэ жил Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгууллаа.
БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хөрсний бохирдлын тухай ойлголтыг иргэдэд түгээх зорилгоор мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэв. Үнэлшгүй баялаг усаа хайрлах, Хог хаягдлыг зориулалтын саванд хийж хэвшихийг уриалсан постер бэлтгэн цахимаар 2316 иргэдэд түгээлээ. Мөн иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж мэдээллийг түгээн ажиллаж, Халх голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотой цаг үеийн мэдээлэл, усны түвшний мэдээллийг иргэдэд мэдээлж ажиллав.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, ойн мэргэжлийн байгууллага, төсөл хөтөлбөрийн газрууд нийт 368 сая ширхэг мод тарьж ургуулахаар аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар мод үржүүлгийн 12 га талбайд 8 сая орчим тарьц суулгац /нарс, шинэс, монос, хайлаас, гүйлс, агч, хуш, шар хуайс/ тарьжээ. Ургалтын явц 100 хувь байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Архангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд байгууллагын тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор хариуцлагатай жижүүр томилж, энэ хугацаанд Өгийнуур, Хотонт, Булган сумдын нутаг дэвсгэрт тусгай үүргийн, хорын онгоцнууд болон бусад чиглэлээр 18 удаагийн нислэг үйлдэгдлээ. Уг нислэгүүд үйлдэхэд 3 төрлийн мэдээгээр 3 цагийн зайцтайгаар 104 удаагийн нислэгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаг тухай бүр нь түргэн шуурхай үйлчилгээ үзүүллээ.
ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Монгол Дагуурын ДЦГ-ын орчны бүсэд байрлах Ималхын заставын цэрэг, албан хаагчдад ТХГН-ийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Дагуурын ДЦГ-ын тухай мэдээлэл хийж, гарын авлага тарааж ажиллалаа.