7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.07.17-2023.07.23/
- ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРААС 2023 ОНД 6 АЙМГИЙН 14 СУМДАД 620 ТОЛГОЙ МОНГОЛ ТАРВАГЫГ АМЖИЛТТАЙ СЭРГЭЭН НУТАГШУУЛЛАА
Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй. Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшууллаа. - ТЭРЭЛЖ ОРЧМООС 17,5 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил 2023 оны 7 сарын 15 өдрөөс эхлэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна. - ХЯРГАС НУУРЫН ЭРЭГ ОРЧМООС 28 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖ, ХОГИЙН ЦЭГТ ХҮРГЭВ
Баяр наадмын амралтын 7 хоногийн хугацаанд Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс хэсгээс 28 тонн хог цэвэрлэж хогийн цэгт хүргэлээ. - ХЭНТИЙ АЙМАГТ УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/22 дугаартай удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдлээ.
Хяналт шалгалтаар 01.1.4 кодтой “Үйлдвэр үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах” хяналтын хуудсаар 11 объектын эрсдэлийн түвшнийг үнэлэхэд 4 буюу 36 хувь нь их, 6 буюу 54 хувь нь дунд, 1 буюу 10 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлийн түвшин дунджаар 46.6 хувийн дунд эрсдэлтэй байна. - ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС ИРЭХ НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТОГТМОЛЖУУЛАХ АСУУДЛААР ТАЛУУД УУЛЗЛАА
Монгол-Тайланд, Тайланд-Монгол чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын тур операторуудын төлөөлөл болох “DUNAMIS777” ХХК-ийн Захирал Буадит Санудда болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. - ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ЦЭНЭГЛЭХ СТАНЦУУДЫН ЗӨВ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Geely holding group”-ийн бүс хариуцсан Захирал Кай Янг болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
МУ-ын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд цахилгаан автомашины томоохон үйлдвэрүүдтэй танилцсан. МУ-ын зүгээс байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгааг онцлов. - ХӨРСНИЙ БОХИРДОЛ ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭГ ХИЙВ
Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна. БОАЖ-ын Сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. - ХЭНТИЙ АЙМГИЙН 21 ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАВ
БОАЖЯ-НЫ Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/22 тоот удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн ойн мэргэжлийн байгууллагууд болон мод модон материалын худалдаалалт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 21 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. - УЛААГЧИЙН ХАР НУУР БЦГ-ЫН ОТОГЛОХ ЦЭГ ОРЧМООС 500 КГ НОЙЛЫН ЦААСНЫ ХАЯГДАЛ ТҮҮЖ ЦЭВЭРЛЭВ
Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажиллалаа. - БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОЙН САН БҮХИЙ СУМДАД ХУШИН ОЙН СУДАЛГАА ХИЙЛЭЭ
Баян-Өлгий аймгийн ойн сан бүхий Алтай, Алтанцөгц, Цэнгэл, Баяннуур Бугат, Булган, Ногооннуур, Дэлүүн суманд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажил болон Цэнгэл сумын хушны ойн сангийн төлөв байдалд үнэлгээ өгөх, хамгаалах, нөхөн сэргээх талаарх судалгааны ажлыг “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ-тай хамтран хийж гүйцэтгэв. - ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ МАЗААЛАЙН АМЬДРАХ ОРЧНЫ ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БАЙГУУЛНА
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2018 онд байгуулсан “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн дэд профессор Xue Yadong тэргүүтэй судлаачдын баг бүрэлдэхүүн Монгол Улсад ажиллаж байна. - ДАЙРГЫН ГОЛ ДАГУУ 13 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэв.
Уг ажилд хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 5 хоногийн хугацаанд ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, нийт 13 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэн ажиллав. - ҮЕРИЙН ДАРААХ ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автагдсан. Үүнтэй холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах хүрээнд чиглэл бүрээр ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. - УЛААГЧНЫ ХАР НУУР БЦГ-ЫН БӨӨРӨГ ЭЛС, ОТОГЛОХ ЦЭГ, НУУРЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГ ХАЯГДЛЫГ ТҮҮЖ ЦЭВЭРЛЭВ
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 албан хаагч, Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргааны 4 албан хаагч, Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 3 албан хаагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын элсний бөөрөг, отоглох цэг, нуурын урд хойд хэсгээр нийт 30 км орчмын газрыг цэвэрлэж, хагас тонн нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажиллалаа. - УЛААН НОМД БҮРТГЭЛТЭЙ ХОВОР АМЬТНЫГ СУУРЬШЛЫН БҮСЭЭС АЮУЛГҮЙ ГАРГАЖ БАЙГАЛЬД НЬ ТАВИВ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Баянбулгийн иргэн Н.Бат-Эрдэний хашаанд “Эрээн хүрнэ” гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн, байгаль хамгаалагч очиж, анхан шатны тусламж үзүүлэн, амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явууллаа. - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО ҮҮСГЭН БАЙГУУЛАХ БҮХ НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО
БОАЖЯ-аас Аялал жуулчлалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй уялдуулан тус хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г үүсгэн байгуулах хуралд салбарын тур оператор, тур агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дүрмээ хэлэлцэн баталлаа. - УЛААНБААТАР ХОТЫН ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛ БҮХИЙ ГЭР ХОРООЛЛЫН 10 ХОРООНД НҮБ-ЫН ХАБИТАТ БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ахалсан ажлын хэсэг UN-HABITAT /НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр/ байгууллагын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын өндөр эрсдэлтэй гэр хорооллын 10 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг оршин суугчдын оролцоотойгоор шийдвэрлэх төслийн хэрэгжилттэй танилцлаа.🇲🇳 ОРОН НУТАГ - ҮЕНЧ-БОДОНЧ-БУЛГАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Ховд аймгийн Барлаг, Үенч, Булган голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийж нийт 7ш самбар байршуулав. Үенч голын онцгой хамгаалалтын бүсэд 4ш, Барлаг голын онцгой хамгаалалтын бүсэд 4ш, Үенч голын 2ш самбарыг сэргээн засварлан нийт 10ш хамгаалалтын бүсийн самбарыг байрлуулан, хуучин эвдэрч унасан самбарыг засварлан ажиллалаа. - ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Булган аймгийн Баян-Агт сумын Хануй, Цагаан голын рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын рашаан усны нөөц, түүний сав газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны эрүүл ахуйг сахиулах, рашаан усаа бохирдлоос сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа. - ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Баяр наадмын өдрүүдээр Орхоны хөндийн хяналтын постуудаар суудлын машин 1237, ачааны машин 5, автобус 5, онгоц 2 дамжин өнгөрч, нийт 4030 иргэнд түр нэвтрэх тасалбар олгож, 26 тонн хог хаягдал цэвэрлэн хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж ажиллалаа. - БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад “Иргэд олон нийтийг хоггүй цэвэр цэмцгэр” наадаж, байгальд ээлтэй аялахыг Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас уриалан ажиллаж байна. Буйр нуурын эрэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг бууруулах зориулалтын цэгт хогоо хаях, нүхэн жорлонг хэрэглээнээс халж байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж ашиглах, ундны усны эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл зөвлөмж өгөв. - УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн мод үржүүлгийн газрын тооллогыг хийж эхэллээ. Тооллогыг Увс аймгийн БОАЖГ-ын ойн мэргэжилтнүүд хамтран хийж байгаа бөгөөд сум дундын 3 ойн анги, 17 ААН, байгууллага, 30 гаруй иргэдийн мод үржүүлгийн талбайд ажиллаж, тооллого хийж гүйцэтгэж байна. - УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Увс аймгийн БОАЖГ-аас Увс нуурын ай савын УТХГНХЗ-ны мэргэжилтнүүдтэй хамтран смарт программын сургалт зохион байгууллаа. Сургалтаар төслөөс олгосон тусгай зориулалтын 9 гар утсанд смарт программыг суулгаж, хуваарилагдаж буй сумдын байгаль хамгаалагчдад хэрхэн ашиглах талаар зөвлөмж, аргазүйгээр хангав. “Смарт” программыг байгаль хамгаалагч нар хэрэглээнд нэвтрүүлснээр судалгаа, ажиглалт, тухайн бүс нутагт хийх байгаль хамгаалагчийн эргүүл шалгалт, аюулгүй байдалд техникийн шийдэл ашиглан цахимаар хяналт тавих боломж бүрдэнэ. - БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сумдаас авч нэгтгэв. Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газартай хамтран сумын төвийн
урд дөрвөлж болон цагаан голын гүүрний хог хаягдлыг цэвэрлэлээ. - ХЯРГАС НУУР ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн Ургамал суманд ажиллаж Тосгуур багийн хуралд оролцон ард иргэдийг усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар мэдээлэл зөвлөмж өглөө. Ургамал суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Форс Голд Майнинг” ХХК-ны ус ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар тухайн компани нь ус ашиглагчийн үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зөрчил арилгах хүртэлх хугацаанд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.3.1, 29.3.6 дахь хэсгийг үндэслэн 2023 оны ус ашиглах гэрээ, зөвшөөрлийг 07.17-ны өдрөөр цуцаллаа. - ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Сав газрын захиргааны алба хаагчид Идэр, Хожуул голын дагуух ахуйн хог хаягдал, үерийн усаар урсаж ирсэн урийн модыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт буулгалаа. Голын эргээр амарч аялж буй иргэдэд хоггүй цэвэрхэн аялж амрах зөвлөмж өгч ажиллалаа. - БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Баян-Өлгий аймагт наадамчин олонд хогоо хогийн саванд хаяж, цэвэрхэн наадахыг уриалж ажиллав. Уг ажлын хүрээнд хогны уут тараан, нэг уут хогийг 1000₮-өөр худалдан авсан. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах зорилгоор тухайн жил Цэвэрхэн наадах уриалга сурталчилгааг стадионы хананд арилгахгүй буудгаар зуруулав. Мөн 6 морины барианы газар болон цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 6 ширхэг том оврын хогийн бункер болон 15 ширхэг хогийн савнуудыг хаягжуулан байршууллаа. - СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлын хээрийн хянан баталгаажуулалтын ажлыг Булган аймгийн Хангал суманд гүйцэтгэж байна. Уг ажил нь холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх, түүний эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилготой. - УВС НУУРЫН АЙ САВЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсгээс 3 тн орчим хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсэг дэх отоглох цэгээс нийт 52 тн хог хаягдлыг цэвэрлэж Улаангом сумын төвлөрсөн хогийн цэгт хүргэв. Хамгаалалтын захиргаа баярын өдрүүдэд Орчны бүсийн Бөхмөрөн сумын БОТХ-ийн тасагтай хамтран “Хоггүй цэвэрхэн наадацгаая” уриатай хагас тонн орчим хог хаягдал цэвэрлэж Бөхмөрөн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. - ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Хөвсгөл нуур-эгийн голын сав газрын захиргаа Баяр наадмын өдрүүд болон Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хөвсгөл нуур, Эгийн голын эргийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн, эргүүл хяналт шалгалт хийж, усан зам тээвэр эрхлэгчдийн дүгнэлт гаргуулсан зөвшөөрөлтэй эсэх судалгааг гаргаж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар 5600 хүнд мэдээ мэдээллийг өгч ажиллав. - ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг авто засварын газруудыг аюултай хог хаягдал үүсгэгчээр бүртгүүлэх, ангилан ялгах хогийн савтай болох тухай мэдээлэл өгч, бүртгүүлэх албан бичиг хүргүүлэв. - ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Орон нутгийн сангийн 29,6 сая төгрөгийн хөрөнгөөр Японы Ямаха брэндийн мотоциклоор улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын албан хэрэгцээнд 7 ширхэг мотоцикл нийлүүлснийг хүлээн авлаа. - БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр 20 ширхэг био жорлон худалдан авч, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид гардуулан өглөө.
Эдгээр био жорлонг баяр наадам, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах эвент болон бусад арга хэмжээний үеэр ашиглах бөгөөд энэ нь орчны бохирдлыг багасгахад нэн чухал ач холбогдолтой юм. - ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгаврын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа 35 шатахуун түгээх станцын нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт шалгалтыг зохион байгууллаа. - ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгааллын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант, магистрын оюутнуудын хамтарсан баг, Монголын шувуу хамгааллын төвийн судлаачид, ОХУ -ын баримтат киноны зураглаач, шувуу судлаач, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд оролцсон уулзалт Дорнод хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд боллоо. БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургууль, Монголын шувуу хамгаалах төвтэй манай Хамгаалалтын захиргаа нь 2017 оноос ховор шувууд, 2019 оноос эргийн шувуудын судалгааг хамтран хийж байна. - ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Чигэртэйн голын ай савын БЦГ-ын малчин иргэдэд хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтэн байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулав. Иргэдэд гол усны талаар мэдээлэл хүргэж нийт 25 өрхийн 83 иргэнд зөвлөмж, сурталчилгааны материал тараалаа. - ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Нийслэлийн Байгаль орчны газартай байгуулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл, судалгаа хийх” НБОГ-10 дугаартай гэрээний дагуу усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Тоо бүртгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн нийт нутаг дэвсгэр дэх гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны ширгэсэн, сэргэсэн, устай эсэх төлөв байдал болон эхийг нь хашиж хамгаалах шаардлагатай усны сан бүхий газруудын мэдээллийг нарийвчлан гаргаж, ус зүйн зураг, каталог бүхий тайлан боловсруулан Нийслэлийн БОГ, 9 дүүрэг болон улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. - ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын түүхэн 100 жилийн ойн баяр тохиолдож байгаатай холбогдуулан Тарвагатайн нурууны хамгаалалтын захиргааны албан хаагчид баяр наадмын хурдан морины комисст ажиллах, аялагчдад хоггүй цэвэрхэн наадахыг уриалан ухуулга сурталчилгааг хийж ажиллалаа. Мөн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Байгууллагын менежментийн төлөвлөгөөнд үнэт зүйлээр сонгогдсон Алтайн сонгинын тархац, нөөцийн судалгааг хийлээ. - ОРХОН – ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Өгийнуур сумын ЗДТГазар, Орхон-Чулуут голын сав захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын алба хаагчид Өгийнуур орчмын хог хаягдал түр хадгалах 6 цэгээс 120 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хаялаа. Өгий нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 5 аж ахуй нэгжид нуурын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх талаар зөвлөмж өгч, ус хангамжийн эх үүсвэрүүдийг шинжилгээнд хамрууллаа - МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид цогцолборт газрын орчны болон, хязгаарлалтын бүс нутаг Хөх хөндий, Мараат, Ар булаг, Хар ам, Хөшөөт, Ембүү, Цагдуултай, Балгатай, Цагаан салаа, Буга боодог, Хөх бэлчир, Хар дав, Баруун салаа, Тэмээт, Дайргат, Харнууд, Олон худаг зэрэг газруудаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа. Эргүүл хяналт шалгалтын үеэр байгалийн нөөцийн эсрэг гэмт хэрэг, зөрчил илрээгүй. Хяналт шалгалтын үеэр 3 сүргийн 64 угалз, 1 сүргийн 6 янгир ямаа тэмдэглэж мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүллээ. - ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд 2005-2015 оны хугацаанд ойжуулсан таримал нарсан ойд эрдэмтэн судлаач нартай хамтран судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажиглалтын цамхагт QR кодтой самбарыг байршууллаа. QR кодыг уншуулснаар иргэд аялагчид Тужийн нарсан ойн байгалийн цогцолборт газрын талаарх мэдээллийг авах боломжтой юм. - ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг ИТХ-аар шинэчлэн тогтоох, усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд тэмдэгжүүлэлт хийх ажлыг хийж гүйцэтгэж байна. Аймгийн захиалгаар Ус ундрах ХХК-ны гүйцэтгэж байгаа ногоон байгууламжийн усалгааны зориулалттай гүй өрмийн худаг гаргах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан. - ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Аяллын оргил ачааллын үе буюу 07 дугаар сарын 10-20-ныг хүртэлх хугацаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хамаарах Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн Болдогийн овоонд нийт 5810 иргэн гарч, тус цогцолборт газраас боловсруулсан түүхэн аяллын маршрутын дагуу аяллын голлох бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас хариуцлагатай жижүүр томилон Дэлүүн Болдогийн овооны нэвтрэх цэгт Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх нэг удаагийн тасалбарыг тасалж, аялагчдыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа. - ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Хархорин сумын Ганган Орхон багт явган зам, гэрэлтүүлэг, ангилан ялгах хогийн сав, ногоон байгууламж, цэцгийн мандал бүхий 3000м2 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулагдлаа. Уг ажлыг 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Даваагийн өргөө” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө. - СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Иргэдийн ачлал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан хоггүй наадъя уриалгыг гарган бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгууллаа. Төр төсвийн 161 байгууллага, 258 ААН, 1278 өрх нийт 2954 хүн, 412.3 тн хог хаягдал цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ. - ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дорноговь аймгийн ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, жишиг төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон салбарын эрдэмтэн, доктор, зөвлөх инженерүүд Дорноговь аймагт ажиллаж байна. - ХАР НУУР- ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Ховд аймгийн Байгаль орчны салбарын байгууллагууд, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран Буянт голын зуслангийн бүсэд байнгын хяналт хийх хуваарь гаргаж хөдөлгөөнт эргүүл болон тогтмол дрон нисгэж мөн Буянт гол дагуу зусаж байгаа айл өрхүүд болон аялал зугаалгаар явж буй иргэд ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хогоо зориулалтын хогийн саванд хаяж зүлгэн дээгүүр шинэ зам үүсгэхгүй байгаль экологид ээлтэй зусахыг уриалан ажиллаж байна. Ховд аймгийн Жаргалант суманд орших Улаан богочийн рашааны эргэн тойрны хогийг цэвэрлэж 1 тн хогийг хаягдлын цэгт хүргүүллээ. - МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хяналт шалгалтаар Хөх голын нуурын замаг түүх, тарвага агнахаар завдах, отор нүүдэл хийж буй айлууд буйраа хог хаягдалтай орхигдуулж, цэвэрлэхгүй нүүх зэрэг зөрчлүүд гарч байгаа тул зөрчлүүдийг таслан зогсоож сануулах арга хэмжээ авав. Сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд 62 иргэнд сурталчилгааны тараах материал гарын авлага тарааж ажиллалаа. - ДАРЬГАНГЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Төрийн тахилгат Алтан дарь овооны 110 жилийн ойг угтаж Алтан овооны хамгаалалтын хашааг шинээр сольж будах ажил явагдаж байна. Мөн ТХГН-ын аялал жуулчлалын бүсийн мэдээллийн самбар, тэмдэг тэмдэглээ, санамж анхааруулгыг шинэчлэн байршууллаа. - АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Архангай аймгийн Онцгой комиссын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн үүрэг хүргүүлэх тухай албан даалгаврын хүрээнд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь өдөр бүрийн урьдчилан сэргийлэх мэдээ, шторкийг Аймгийн Онцгой байдлын газар, иргэдэд цахим хэлбэрээр хүргэж ажиллалаа. Голын усны түвшин олон жилийн дунджаас Урдтамир-Цэцэрлэг, Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут, Чулуут-ӨндөрУлаан, Гичгэнэ-Тариат, Орхон-Өлзийт, Өгийнуур-Өгийнуур 5-80 см ахиу, Хойдтамир-Ихтамир, Суман-Тариат, Тэрхийн цагаан нуур-Тариат голуудын түвшин 10- 20 см-ээр бага байлаа. - УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын Жолгын Ногоон гол, Хавхан, Ар хэм зэрэг газруудад хууль бус ашигт малтмалын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн цэргийн дугаар заставтай хамтарсан гүний хяналт шалгалтыг хийж Тусгай хамгаалалттай газарт алт ухах зорилготой явсан 4 иргэнийг илрүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлж буцаан арга хэмжээ авлаа. Жуулчдын идэвхтэй үед Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсэд явагдаж байгаа спорт загасчлалын үйл ажиллагааны хяналтыг эрчимжүүлж 5 байгаль хамгаалагчийг нэмэлтээр томилон ажиллуулж хууль бус загасчлалаас урьдчилан сэргийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1