Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Алтантогос: Залуу насаа цэргийн албаар төсөөлж явах сайхан

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 500 орчим хүнд гардуулснаас өдгөө 130 гаруй нь амьд сэрүүн аж төрж байна. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчин, тэр дундаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл өнгөрсөн 100 жилийн түүхэндээ эгнээнээсээ гурван ч Хөдөлмөрийн баатар төрүүлсний нэг нь төмөр замын салбарт зүтгүүрийн депогийн ачигч, засварчин, илчит тэрэгний туслах, машинистаар тасралтгүй 40 орчим жил ажиллаж, гарамгай амжилт гарган эх орныхоо бахархал, гавьяат үйлсийн эзэн болсон Н.Алтантогос гуай юм. Тэрээр 1977-1980 онд тус нэгтгэлд хугацаат цэргийн алба хаахдаа танкийн механик жолоочийн бага мэргэжил эзэмшсэн нь түүний ажил, амьдралын алтан шанг татаж хожмоо Хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолд хүргэжээ.
    Таны төрсөн нутаг орноос ярилцлагаа эхэлье. Анх ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг байснаас эхлээд бага насны дурсамжаасаа хуваалцвал…
    -Юуны өмнө “Соёмбо” сонины уншигчдадаа мэндчилье. Миний ижий, аав Завхан аймгийн уугуул хүмүүс. Аав тус аймгийн Сонгино, ээж Цэцэн-Уул сумынх. Тэд маань гэр бүл болоод хожим Улаанбаатарт ирж суурьших үед нь миний бие хорвоод мэндэлсэн гэж байгаа. Ингээд бодохоор Алтантогос гэдэг хүний чинь уугуул нутаг Завхан ч унаган хотынх, төрсөн газар минь Улсын Хоёрдугаар төрөх болж таарна.
    Намайг бага байхад манай гэр Улаанбаатар зүтгүүрийн депогийн ардхан талд, хуучнаар Автобус бааз хавьцаа байсан боловч харамсалтай нь 1966 оны их үерт өртсөн. Золоор бидэнд улсаас Тасганы овооны хойхон талд газар өгч манайх гэдэг айл тэндээ олон жил аж төрсөн.
    Үерийн балгаар гэр маань нүүсэн ч заавал харьяалал энээ тэр гэлгүй анх элссэн 6 дугаар дунд сургуульдаа үргэлжлүүлэн сурч, 8 дугаар анги төгсөхөд Дархан хотын Усны аж ахуйн техникумд хуваарилагдсан. Гэтэл ижий их л дурамжхан байв. Ганц хайртай хүүгээсээ холдохыг хүсээгүй юм байлгүй. Би ч яахав хүүхэд юм болохоороо эцэг эхийнхээ үгнээс гарахгүй шүү дээ. Тэр үед ижий Улаанбаатар зүтгүүрийн депод ажилладаг байсан тул намайг тэндээ ажилд оруулахаар ярьсан юм байна лээ. Ингэж л 16 настай залуу төмөр зам гэгчтэй анх холбогдож ачигчаар ажил амьдралын гараагаа эхлэв.
    Ачигч гэдэг маань ухаандаа вагоны засвар үйлчилгээ, сэлбэн засахад хэрэгцээтэй сэлбэг, хэрэгслийг энд тэндээс зөөдөг, ер нь бол хүндэвтэр талдаа ажил. Зарим сэлбэгүүдийг нь би өргөж дийлдэггүй байсан гэхээр аргагүй хүүхэд байжээ гэж бодогддог юм. Тэндээ би нэг жил ажиллаад элчит тэрэг буюу зүтгүүрийн засварчны курст сууж, 18 нас хүртлээ засварчнаар ажилласан.
    Гэтэл тэр жилийнхээ зун цэрэгт татагдах болов. Уг нь байгууллагаас намайг цэргийн албанд явуулахгүй байж болно гэсэн ч би өөрийн хүсэлтээр цэрэгт явах сонирхолтой байгаагаа хэллээ. Энэ талаараа ижий, аавдаа хэлтэл таатай хүлээж аваагүй, дээрээс нь байгууллагынхаа хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад хөлөө бэртээчихсэн, доголсон хөлдөө таяг тулж таарав. Гол нь тэр үед би өөрөө цэргийн алба хаахаар сэтгэл шулуудчихсан байсан учраас тулж явсан таягаа булан тойруулж үлдээчхээд далий, муруй гишгэчихгүйхэн шиг л комиссын байрыг чиглээд алхчихсан. Комисст шалгуулах ажил бол бүтэмжтэй байсан л даа, цэрэгт очсон хойно хэсэг доголж байсныг эс тооцвол. Улмаар Улиастайн дивизийн хээрийн полигонд цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж тэнд цугларсан мянган цэргийн дундаас Ардын Армийн 016 дугаар нэгтгэлийн 036 дугаар Танкийн хороонд хуваарилагдаж таарав.
    Бид ангидаа 70-уулаа очсон санагдаж байна. Биднийг ирэхэд ангийн хөгжмийн салааны захирагч ахлах дэслэгч Ганболд гэгч чулуу тогшуулж үзнэ гэв. Амьхандаа хөгжмийн хэмнэлээр тогшиж чадаж байгааг нь өөрийн салаандаа авах гэж л тэр шүү дээ.
    Би нөгөө чулуунуудыг хэмнэлд нь тааруулаад тогшчихсон шиг байгаа юм, намайг хөгжмийн салаанд авлаа гэхэд үг дуугүй зөвшөөрч айлт хөгжим дээр хуваарилсан. Би ч угаас хөгжим, уран сайхан гэж яваагүй тул нэг л болж өгдөггүй, сурах гэж их л юм болсон дог. Нэг өдөр намайг штабын дарга дуудаж байна гэв. Бодвол Ганболд дарга л намайг шилжүүлж өгөөч гэж хэлсэн байлгүй. Өрөөнд нь яваад ортол намайг Ардын Армийн 150 дугаар анги буюу Бага даргын сургуульд яваад ирэх жил ангидаа буцаад хүрээд ир гэв. Тэгээд би Бага даргын сургуульд нэг жил алба хаасан. Бас болоогүй ээ, наадмаар цэргийн ёслолын жагсаалд тус ангийн нэрийн өмнөөс алхаж байв. Дараа нь өөрийн ангидаа буцаж ирээд 1 дүгээр ротод хуваарилагдан тухайн жилээ бууны дарга хийсэн. Тэр үед анги маань танкийн гурван мэргэжлээр бэлддэг байсан нь бууны дарга, механик жолооч, танкийн дарга. Би механик ротын жагсаалын даргын албан тушаалд томилогдож дороо дөрвөн салаа цэрэг хариуцаж ажиллах болов. Миний салааны захирагч Оросоо гэх хүн байж байгаад дараа нь ротын дарга болж дэвшиж байсан.
    сонин mn
    Жагсаалын дарга байна гэдэг үеийн олон залууг хариуцаж ажиллахаас эхлээд ярвигтай, онцлогтой алба шүү дээ. Тэр талаараа яривал…
    -Жагсаалын дарга, бага дарга байна гэдэг асар том үүрэг хариуцлага. Би гэхэд л дороо 13 бага дарга, 160 орчим цэрэгтэй байсан. Тэгэхээр өөртэйгөө нийлээд 174 хүний ажил, амьдралыг зохицуулна гэсэн үг. Хичээл сургалт, цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг хариуцахаас гадна ажил, амралтын хуваарийг нарийвчилж хийнэ. Ер нь бага дарга гэдэг тухайн ротынхоо эцэг л гэсэн үг. Цаашлаад өмсөж зүүх, идэж уухаас нь эхлээд бүгдийг хариуцна. Тэр үеийн цэргүүд ч ухамсар өндөр, дуулгавартай, амьдралын ухаантай, их л хэрсүү байсан санагддаг юм. Ганц хоёр шанаа өгөх зүйл бишгүй гарна шүү дээ. Тэр болгонд л жавхаажна гэхээс бус гомдож туньдаг зүйл гардаггүй байлаа. Харин одоогийн залуучуудтай арай өөр аргаар л ажиллахгүй бол хэцүүдэх биз дээ.
    Ер нь цэргүүд ганц хоёр сарын давтамжтай жаал задгайраад ирдэг юм. Тэр үед нь бага дарга нар жинхэнэ ажиллаж эхэлнэ шүү дээ. Ажиллана гэхээрээ зодож жанчихыг хэлэхгүй л дээ. Салаа, салаагаар нь гүйлгэнэ. Зовлонт хайрхан өөдөө, Туул голын эрэг дагуу гээд л. Манай Зовлонт хайрхан гэхэд л өөрийн гэсэн онцлогтой.
    Бөндгөр чулуунууд ихтэй тул авирч мацахад маш хүнд. Дээшлэхээс илүү доош гулсах нь их. Нэг дээш өгсөөд уруудахад бие чангараад л явчихна. Цэргүүдийн ханиад шуухитнаа бол оргүй алга болно доо. Бас тэр үеийн цэргийн соёл хүмүүжлийн ажил өндөр түвшинд явдаг байжээ гэдгийг зориуд онцолмоор байна. Манай ангид урлаг, спортын уралдаан тэмцээн тасардаггүй байсан. Нэг удаа дивизийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай танкийн хороо түрүүлчхэв. Улмаар манай баг дивизээ төлөөлж Армийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход би долоон цэргээ дагуулаад 14 дүгээр сургуулийн урдхан талд байрлаж, “Алдар” нийгэмлэгийн хөл бөмбөгийн талбайд бэлтгэл хийдэг байв. Дараа нь би Армийн гурван төрөлтөд хоёр ч удаа орж байсан. Ингээд бодохоор цэргүүдийн дунд тэмцээн, уралдаан тасралтгүй зохиогддог байж.
    Ийм л цаг үед би цэргийн алба хааж танкийн мэргэжил эзэмшсэнээрээ үргэлж бахархдаг. Тэр үед бидэнд танкийн механик жолоочийн гуравдугаар зэргийн үнэмлэх гардуулж байсан.
    Тэр үнэмлэхээр бүх төрлийн гинжит техникийг жолоодох эрх дагалддаг байв. Энэ мэргэжил намайг хожим төмөр замын салбарт илчит тэрэгний машинист болоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь ч цэрэгт эзэмшсэн мэргэжлээрээ Хөдөлмөрийн баатар болтлоо дэвшсэн хүмүүс бишгүй бий.
    Гурван жилийн цэргийн амьдрал танд юу өгсөн гэж боддог вэ?
    -Цэрэгт явсан минь миний амьдралын хамгийн том их сургууль байсан гэж би хувьдаа боддог. Эр цэргийн алба хааснаараа би хүний үг дааж сурсан. Цаашлаад тэсвэр хатуужил, амьдралын ухаанд суралцсан. Энэ маань миний хожмын ажил, амьдралд том нөлөө үзүүлсэн юм шүү дээ. Энэ хугацаанд шантарч няцах олон ч зүйл тохиолдоно.
    Аливаад эргэж буцаагүй, шантарч няцаагүйнхээ хүчинд миний бие өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолны эзэн болчихсон сууж байгаа байлгүй. Тиймээс цэрэгт алба хаасан гурван жилээ би хамгаас түрүүнд тавьдаг даа.
    Цэргээс халагдангуутаа шууд л туслах машинистын зургаан сарын курсийг төгсөөд илчит тэрэгний туслах машинистаар үргэлжлүүлэн гурван жил ажилласан. Дараа нь илчит тэрэгний машинистын курст суугаад тэрхүү мэргэжлээрээ 1985 оноос хойш тэтгэвэрт гаран гартлаа буюу 2014 оныг хүртэл ажилласан. Ингээд бодохоор би төмөр замын салбарт нийт дөчөөд жилийн ажил амьдралаа зориулжээ.
    Онгоцны нисгэгч агаарт ниссэн цагаараа үнэлэгддэг шиг төмөр замын машинист туулсан замаараа ажлын туршлага, зэрэглэлээ тунхагладаг байх…
    -Тэгэлгүй яахав. Би гэхэд л 1 сая 300 мянга орчим километр газрыг туулсан. Мөн 22 залууг мэргэжлээрээ дагалдуулж сургасан. Сургууль төгссөн залуучуудыг хажуудаа авч сургана гэсэн үг л дээ. Намайг Хөдөлмөрийн баатар болоход миний нэг шавь Л.Ганбаатар нэг тушаалаар Гавьяат тээвэрчин цол хүртэж байсан сонин тохиолдол байдаг. Тэрхүү шавь маань “Хоёр загал” гэх илчит тэргийг эх орондоо угсарсан бахархам гавьяатай хүн шүү дээ.
    Монголын төмөр зам гэх энэ том айлын  түүхэн замналын 40-өөд жилтэй холбоотой болохоор амьд түүх гэхээс яах билээ. Ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар юу хэлэх вэ?
    -Манай мэргэжил бол өвөл зун, бороо цас, салхи шуурга, өдөр шөнийг ялгалгүй, ажралгүй ажилладаг онцлогтой. Ямар ч үед зорчигчид, ачаа тээврийг хүрэх газарт нь л аваачих үүрэгтэй. Цаг, минут бүрийг ягштал тооцоолох нь манай мэргэжлийн бас нэг онцлог. Ер нь их л хийморьлог ажил гэж боддог. Хүн зон амарч байхад бид ажиллаж л байна. Хүйтэнд хөрж, халуунд хална гэдгийг ч ёстой үзүүлнэ шүү дээ. Энэ болгоныг би цэргийн гурван жилийн тэвчээрээр л давдаг байсан гэж итгэл төгс хариулмаар байна. Одоогийн залуучууд цэрэгт явах хүсэл, сонирхолгүй болсон мэт санагддаг. Ер нь цэрэгт явсан хүн ажил дээр гараад тэс өөр байдаг шүү. Илүү чанга, хэрсүү болчихсон байдаг. Аливаад хандаж байгаа байдал, үг хэлэхэд тусгаж авч байгаа зэрэг нь андашгүй. Харин энгийн сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд илүү нялцанхай байдаг шиг ээ.
    Төмөр замынхны дунд тусгай суудалд явах тохиолдол бишгүй гардаг байх. Мэдээж хамгийн туршлагатай хүнээ өгч явуулна биз…
    -Би ажиллах хугацаандаа нийт 17 удаа тусгай суудалд явсан. Тусгай суудал гэдэг нь Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон гадаад дотоодын томоохон зочид төлөөлөгчдийг галт тэргээр тусгайлан тээвэрлэхийг хэлдэг. Бүх үйл ажиллагаа тагнуулын байгууллагын хяналт дор зохион байгуулагдана. Манай байгууллагаас аль сайн ажилчдаа л шилж, өгч явуулдаг. Өгсөн хүнийг Төмөр замын комисс шалгаад дараа нь НАХЯ-аас хамгаалалтад авдаг байсан. Яг хөдлөх болоход л бидэнд явах маршрут, графикийг гаргаж үзүүлдэг. Би гэхэд л П.Очирбат гуайгаас Ц.Элбэгдорж хүртэлх бүх Ерөнхийлөгчийг зөөж байсан. Энэ үзүүлэлт маань намайг Хөдөлмөрийн баатар цолонд хүргэхэд нөлөөлсөн гэж боддог.
    сонин mn
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй цолоор шагнагдах үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач… 
    -Өмнө нь Хөдөлмөрийн баатар цолонд хоёр ч удаа тодорхойлогдоод буцаагдаж байсан удаатай. Харин тухайн жил намайг дахиж тодорхойллоо гэхэд нь угаас болохгүй биз дээ гээд нэг их тоогоогүй юм. Нэг өдөр гэртээ байж байтал орой есөн цагийн үед гэрийн утас дуугардаг юм байна. Автал манай албаны дарга “Замын дарга тантай ярина шүү, хүлээж байгаарай” гэв. Би ч ямар нэгэн чухал ажил гарсан юм болов уу ухааны юм бодоод сууж байтал утас дуугарлаа. Автал Очирхүү дарга “Бие тэнхээ сайн уу, сайхан өвөлжиж байна уу” гээд л асууж байна. Тэгснээ та нэг шагнал авахаар болсон гэв. Би ч “За л” гэсэн. Тэгснээ л эхнэр, хүүхэд нь сайн уу гээд л асууж эхлэв. Мэдээж шууд хэлчхэж болдоггүй л зүйл байх л даа. Тэгснээ “Та маргааш Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар болж байгаа, өглөө 9 цагт Засгийн газрын ордны баруун хаалга дээр иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй, би тэнд таныг тосоод авъя” гээд утсаа тавьсан. Тэр үед би гэдэг хүн чинь хэсэгтээ паникт орчихсон. Хэсэг байж байгаад нэг тамхи татлаа. Гал зуух руугаа ороод хөргөгчөө онгойлгосон чинь нэг тал юм байна. Гаргаж ирээд нэг татчихав. Тэгээд энэ талаараа эхнэртээ хэлсэн. Гэтэл эхнэр нэг л итгэж өгөхгүй, намайг тоглоом хийж байна л гэж бодсон байх. “Энэ бүгд үнэн гэнэ ээ” гэсэн чинь гэнэтхэн сандарч, маргааш ямар хувцас хунар өмсөх үү гээд л манаргаж гарсан. Тэр даруйдаа замын даргадаа хэлье гэж санаад гэрийн утас руу нь залгалаа. Эхнэр нь утсаа аваад “Нөхөр унтаж байна, өглөө эрт ажилтай” гэж байна. Би “Хөдөлмөрийн баатар болох гэж байна аа, даргадаа хэлэх гэсэн юм” гэсэн чинь шуудхан л нөхрөө сэрээхээр ухасхийсэн. Тэр хүн хүртэл тэгж хүлээж авдаг юм байна лээ. Тэр шөнө сэрвэлзээд унтаж чадалгүй өглөө болгосон санагдаж байна.
    Өнгөрсөн хугацаанд таны арыг чинь дааж, түшиг тулж явсан гэр бүлийн тань талаар асууя гэж бодлоо. Гэргийтэйгээ анх хэзээ, хэрхэн танилцсан бэ?
    -Би гэр бүлийн хүнтэйгээ 1983 онд танилцаж, гэр бүл болсон. Бид охин, банди хоёртой. Манай хүн төмөр замын өртөөний жижүүр, харин би машинист байлаа. Тэр үед бид өдөрт 12-хон цаг амардаг байв. Өглөө гэртээ ирээд орой нь буцаад гарах тохиолдол их гарна. Гадуур, дотуур явах боломж байхгүй шүү дээ. Миний явдаг газар ганцхан төмөр зам. Бидэнд юу харагдах вэ гэхээр төмөр замын зөрлөг дээр байгаа жижүүрүүд шүү дээ. Тэгээд л бид танилцаж, айл гэр болсон. Манай эхнэр хожим Улаанбаатар төмөр замд нярваар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хүү маань миний мэргэжлийг өвлөж авсан. Харин охин нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор бизнес эрхэлж байгаа. Би 2014 онд тэтгэвэртээ гараад хотоос зайдуу 61-ийн гарам, Рашаантад суурьшаад арваад жил боллоо. Зундаа ач, зээ нараа агаар салхинд гаргачихна, хотын утаа, түгжээнээс холуур сайхан л байдаг юм. Анх энэ хэсэгт ганцхан манайх л байсан. Харин одоо бараг л жижиг сумын төв дайны болжээ. Ихэнх нь манай хамаатан садан, хамт ажиллаж байсан хүмүүсийнх. Тэд маань хошигнож энэ хавийг Алтантогосын вант улс гэж ярьдаг шүү. (инээв)
    Залуу хойч үеийнхэндээ хандаж үг хэлэхэд…
    -Сүүлийн үед залуучууд маань цэргийн албанаас их дайжих болж. Улс орны чинь тусгаар тогтносон бүрэн бүтэн байгаагийн гол хүчин зүйл нь цэргийн алба шүү дээ. Залуу сайхан насдаа цэргийн албыг хаачихад гэмгүй. Энэ албанаас эр хүн тэсвэр тэвчээрийг олж авдаг. Хамгийн гол нь хүний үг дааж сурдаг. Энэ нь амьдралд сургаж байгаатай адил юм шүү. Залуу насаа цэргийн албаар төсөөлж явах сайхан байдаг юм.
    Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
    Дэслэгч Т.ИДЭР
    Эх сурвалж: “Соёмбо” сонин
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ