Бэлтгэл ахмад С.Ойдовтой ярилцлаа. Ардын Армийн ахмад явсан тэрээр 30-аад жил мал малласаар “Аварга малчин” болжээ.
Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор аймгийн уугуул, эхээс тавуул. Аав маань шашин номын мөр хөөсөн ч Халхын голын байлдаанд оролцсон А.Самбуу гэж хүн байв. Харин ээж Занги хүний хүүхэд. Мал хуйгаа улсад хураалгачихаад уйлж хоцорч байсан л гэдэг. Феодалын үлдэгдэл гэж их л чичлүүлсэн гэдэг юм билээ.
Би тэр жил хугацаат цэргийн албанд татагдаж, тухайн үеийн барилгын цэргийн 012 дугаар ангид хуваарилагдсан юм, 1972 онд. Ахлах дэслэгч Чойжилсүрэн, бага дэслэгч Нарангэрэл, салааны захирагч ахлах дэслэгч Сэвжид нар намайг анх хүлээж авч байлаа. Ингээд 8 дугаар сард тангараг өргөж, салбаруудад хуваарилагдав. Манай салбарын захирагч ахлах дэслэгч Дашхорлоо, улс төрийн орлогч нь дэслэгч Калина, харин салааны захирагч дэслэгч Дугаржав нар байв.
Ангийн захирагч нь хурандаа Самбуу. Эх оронч ч гэж нэрлэдэг байсан санагдана. Штабын дарга нь хошууч Баатар, ерөнхий инженерээр хошууч Бямбадорж нар ажиллаж байв. Ар талын орлогч хошууч Пүрэвжав. Захирагч, дарга нараас нэлээд хэд нь дайнд оролцчихсон чанга улс. Би гэдэг хүн алба хаагаад төд удалгүй л зөв сонголт хийжээ гэж бодогдох болсон. Одоо бодоход тухайн үеийн цэргүүд их азтай. Манай ангийн ахлагч нар цэргүүдийг дагалдуулаад л ямар нэгэн мэргэжил үнэртсэн улс болгочихно. Ер нь цэргүүд ажлын дөртэй болоод л халагддаг байсан. Үнэгүй атлаа хожмын амьдралд нь хэрэгтэй их том хөрөнгө оруулалт хийж өгсөн байгаа биз.
Та тэгэхээр анхандаа өөрийн хүслээр татагдаагүй гэх гээд байна уу?
-Багадаа эцэг, эхээ алдаж өнчирч хоцорцгоосон улсад нэг хэсэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Ердөө дөрөвдүгээр ангийн боловсролтой би айлын мал маллаж, ажил төрөл хийсээр бор хоногийг өнгөрүүлдэг байж билээ. Сайран хөлтэй моньд л байсан. Нутгийнхан намайг ямар хүүхэд байсныг андахгүй. Хүйтэн өдөр үхрийн шинэхэн баасанд хөлөө хийж дулаацуулах шиг жаргал үгүй. Зундаа бол тэр болгон мах идээд байхгүй.
Сургууль соёл гээд нэг их сүртэй яваагүй болохоор МСҮТ-д суралцаж, барилгын өрлөгчин мэргэжил эзэмшсэнээр хэсэгтээ л өөрийгөө торгоож, амьдралаа залгуулахад дэм болдог байлаа. Залуу хүн юм хойно алдаж, ононо. Хайнга, хэнэггүй ч байж. Олон ч газраар явсан даа. Ингээд цэрэгт ирснээр номдоо ордог юм байна. Тэр ч бүү хэл алба хаангаа оройгоор сургууль төгсчихсөн, их хувьтай. Дээр хэлсэнчлэн дайн, байлдаанд оролцсон, халуун чулуу атгасан мундаг дарга нарын гар дээр очсон болохоор ч юу нь буруудах вэ.
Эндээс л миний амьдрал жинхэнэ утгаараа эхэлж байгаа мэт итгэл төрж байсныг хэлэх юун. Оройгоор 10 төгссөн, офицерын мэргэжил дээшлүүлэх курсэд суралцахаас авхуулаад Зүүнбаян цаашлаад олон аймаг сумдаар явж, хүн харахад ёстой л нэг цэргийн хүн болж төлөвшсөн дөө. 1975 онд ангийн удирдлагууд санал тавьснаар нормчин ахлагчаар улирч, 1984 онд офицер хэмээх эрхэм хүндтэй цолыг зүүв. Бас мандаж явсан, ангийн хөдөлмөрийн аваргаар хоёр ч удаа шалгарав. Таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулсан. За тэгээд “Цэргийн алдар”, Цэргийн хүндэт медаль хүртэж, Армийн, Улсын тэргүүний барилгачин ч болж үзсэн. Энэ бол наддаа л баатар гэсэн үг. Ингэж л хүндэтгэж, боддог.
Ингээд 1980 онд Өмнөговь аймагт барилгын цэргийн 223 дугаар анги гэж байгуулагдахад нь томилогдож очив. Шинэ анги болохоор Өмнөговь аймгийн удирдлагууд ч их орж, гарна. Тэр хэрээрээ тусалж дэмждэг байсан. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн босгонд ангийн хөдөлмөрийн аваргыг шалгаруулна гээд л бөөн ажилтай улс боллоо, бид. Өмнө нь 012 дугаар ангид байхад социализмын уралдаан өрнүүлж, түүнд нь тэргүүлсэн бол энэ удаад ч ажлын үзүүлэлтээрээ манлайлж эхлэв. Шинэ ангидаа ч хөдөлмөрийн аварга гэдгээ баталсан.
Сэтгэлээс гардаггүй нэг зүйл гэвэл сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Өмнөговь аймагт ирэх үед орон нутгийн удирдлага, хамаг том сайчуултай зэрэгцээд ангиас Адьяа ахмад бид хамт тосож байснаа сайн санадаг юм. Сансарт нисэж ирчхээд аймгуудаар зочилж бууж мордсон энэ хүндтэй эрхмийг тосно гэдэг нэг ёсны шагнал байсан юм уу даа. Бид хамтаар нэг дурсгалын зураг татуулсан нь ч бий. Тэр нь хожим аймгийн музейд тавигдсан юм билээ.
Сэтгэл хангалуун, гэдэс цатгалан явсан минь яах аргагүй армийн буян. Би найман хүүхэдтэй. Жил дараалж төрсөн дөрвөн охин бий. Тэгээд нийгмийн хүнд цаг үед сургууль соёлд орчихсоныг ч хэлэх үү. Даваад л гарсан. Зарим нь намайг дагаад малчин болсон бол сувилагч, багш, жолооч, тангараг өргөсөн цэргийн хүн ч байна. Цэрэгт би юу сурсан билээ дээ. Болгоно, бүтээнэ гэж гүрийсээр бүгдийг нь сургууль соёл төгсгөж, ажил мэргэжилтэй болгоодохлоо.
Тухайн үед ангидаа ахлагчаар үлдэхэд дагаад л их үүрэг, хариуцлага ирсэн байх даа?
-Хоёр эгч багаасаа хар ажилд нухлагдсан. Өөрсдийгөө л яая даа гэж яваа улс шүү дээ тухайн үедээ. Харин хоёр дүүгээ айлд өргүүлчихсэн байдаг. Тэгэхээр би л өөрөө өөрийгөө авч явахгүй бол ам руу хоол халбагадаад, гэртээ толгой хоргодуулах хүн ер үгүй. Хүмүүс цэргээс халагдаад баярладаг бол би эсрэгээрээ. Халагдах өдөр ойртох тусам ажилгүй, орлогогүй, очих газаргүй яана вэ гэсэн асуулт намайг их зовооно. Гэхдээ Арми, анги намайг авч үлдсэн. Ёстой л гэгээ татах шиг болоод ирсэн дээ. Би ч ажлыг улам чанартай, хариуцлагатай хийж ирсэн. Тэр шийдвэр миний загатнасан газар маажих шиг л болсон. Чухамдаа Ардын Армид алба хаасан нь миний амьдралд эргэлтийн цэг болсон.
Зүүнбаянгийн томилолтын сонин сайхнаас хуучлахгүй юу?
-1984 онд офицер болоод Их говийн гарнизоныг зорилоо. Цэргийн ангиудыг өргөтгөн зохион байгуулж байсан үе юм. Олон хороо байлаа шүү дээ. Эмнэлэг, сургууль, клуб, орон сууц гээд их хотожсон, хөл хөдөлгөөн ихтэй газар байлаа.
Би тэгэхэд Барилгын цэргийн 023 дугаар ангид салбарын захирагчийн улс төрийн орлогчоор томилогдсон, бага дэслэгч цолтой. Ангийн захирагч нь дэд хурандаа Шагдар. Штабын дарга нь хошууч Ганбаатар байв. За тэгээд улс төрийн орлогч хошууч Гантөмөр, ерөнхий инженер ахмад Цоодол, ар талын дарга хошууч Ням-Осор, салбарын захирагч ахмад Мөнхөө, дэслэгч Баярдалай, ахлах дэслэгч Сүрэнжав, барилгын инженер Бямбаа, техникч ахлах дэслэгч Нацагхүү гээд их л олон нэр санаанд бууж байна. Ажил хөдөлмөрт дуртай, ариун цагаан мөртэй энэ олон хүнд талархаж явдаг юм.
Олон цэрэгтэй, том ч хороо. Тус Зүүнбаянд олон ч бүтээн байгуулалтад оролцсон. Сэтгэлд тодхон үлдсэн хүн, дурсамж ч олон юм. Ямартай ч цэргийн хүн болсных Зүүнбаянгаар дамжиж, барилгын цэрэгт алба хаасных олон ч бүтээн байгуулалтад оролцсон. Хот, хөдөөгүй л явсан юм даг. Засгийн газрын барилгын өргөтгөл, одоогийн Материал техникийн газар, сум орон нутагт бол 150 ортой эмнэлэг, сургууль, клуб, цэргийн байрны гал тогоо, орон сууц, засварын газар, граж гээд явж өгнө өө. Зундаа бол өдөр шөнийн алинд ч түжигнэсээр л байдаг. Ажилд махруу, шаргуу эв дүйтэй гэж дарга нар ч ам сайтай. Тэр хэрээрээ ч их итгэл хүлээлгэнэ. Би ч урамшина гэж жигтэйхэн. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, дарга нар ч офицер болох асуудлыг хөндөж, шийдэж өгч байв.
Та хэзээнээс мал маллах болов?
-Эхнэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Би ч дагаад тус суманд суурьшсан. Тэтгэвэртээ гарчихсан, энэ олон хүүхдийг дан ганц тэтгэврээр тэжээнэ гэвэл ёстой хол хэвтэнэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө улсын хэмжээнд явагдсан түвшин тогтоох үзлэгээр сайн шалгагдаж, их сайшаал хүртсэн. Иймд хошууч цол өгөөд, аль нэг хилийн цэргийн ангийн улс төрийн орлогчоор ажиллуулах талаар ч яригдаж л байсан. Гэвч 45 настайдаа тэтгэвэрт гарахаар шийдэж, дагуулах биш эхнэрээ дагаж нутаг сэлгэж байгаа юм. Багадаа мал малладаг байсан учир энэ ажилд арга туршлага дутахгүйгээ сайн мэдэж байлаа.
Би мал дээр гараад 26 жил болж байна. Армиас халагдахдаа 36 сарын цалин гээд 700 мянган төгрөгийг жилийн зайтай хоёр хувааж авсан. Гэртээ бүлтийгээд хүлээх олон үрс байгаа хойно хөдөлмөрлөхгүй л бол болохгүй. Өнөөдрийг хүртэл сурсан эрдэм маань л хүний дайтай амьдрахад гол зэвсэг болж байна. Хүний мэргэжил, толгойд байгаа юмыг хэн ч авч чадахгүй. Үүндээ ч их олзуурхдаг юм. Барилга байшин барина, өрлөгчин шаварчин хийнэ. Олдсоныг нь голохгүй хийнэ. Бүдүүлэг хэлэхэд халтуур хийнэ гэх үү дээ. Тэгээд завсар зайгаар нь малаа маллана. Цэргийн амьдралд дасаж, дадсан хүний хувьд ажилдаа түүртэж, ядрах нь үгүй. Энгийн амьдралд шилжсэн ч цэргийн хүн шиг няцахгүй, цуцахгүй зүтгэсэн дээ, харин ч нэг. Анх 20, 30-аадхан байсан бол 2004 он гэхэд хонь, ямаа нийлсэн 100 гаруй малтай, бас 10 хүрэхгүй адуу, үхэртэй болсон байв.
Олон жилийн хөдөлмөрийн үрээр одоо таны малын тоо толгой нь хэд хүрсэн бэ?
-Мэдээж сайны хажуугаар саар нь ч байх. Малын хулгай нүүрлэнэ, нутгийн зарим айл бэлчээрээ харамлах аядна. Цагаач шиг л үзнэ. Тэгэхэд нь би хэлдэг юм, Америк гэдэг том улсыг цагаачид бий болгосон гэж. Бас 18 аймгаар явж, хятад орос гээд янз бүрийн улстай гар нийлж ажиллаж үзсэн хүн шүү гээд их додигор оо. Одоо мянгаар тоологдох малтай, өнгөрсөн жил сумын аварга малчин болсон. Хөдөлмөрч хүн бол хэдийд ч амьдрах аргаа олдог. Жишээлбэл, Өмнөдэлгэр сумын малчин Сүх-Очир гэж хүн бий. Насаараа мал малласан. Социализмын үед аварга малчин байсан. Зах зээлийн үед ч олон малтай, сайн малчин хэвээрээ байна. Тэр хүнээс би үлгэр жишээ авсан байхгүй юу. Тэгээд л энэ олон жил малаа овоо дориун чиг өсгөлөө. Харин сүүлийн жилүүдэд цаг уурын хүндрэлтэй нөхцөл үүссэн нь малчид бидний сэтгэлийг түгшээж байна. Бэлчээрийн байдал бас тиймхэн байна. Яваандаа малчин гэхээсээ илүү баячууд, том компаниудын малаар дүүрэх нь. Залуучууд хотод суурьшиж амьдрах сонирхолтой. Зарим нь халамжид хэт умбасан. Тэгэхээр ажил хийж, мал маллах талаар бодохгүй нь лавтай биз. Хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээ их хортой доо, уг нь.
Таныг алба хааж байх үеэс Зэвсэгт хүчин хэр өөрчлөгдсөн байна. Танд юу мэдрэгдэх юм?
-Би өөрийгөө хуучны “Улаан од” сонины үнэнч уншигч гэж боддог. Энэ сониноор дамжуулж, олон ч хүнд мэдээ мэдээлэл хүрч, иргэн-цэргийн харилцаа бэхжиж байгаа гэж ойлгодог. 90-ээд оны хүндхэн үеийг бодвол цаг өөр болсон.
Зэвсэгт хүчний хөгжил, өөрчлөлтийг харж сонсож, мэдэрч л сууна. Наад зах нь ангиуд сэтгэл зүйчтэй, цэргийн цагдаагийн бүлэгтэй болсон байх юм. Алба хаах орчин нөхцөл ч ихээхэн өөрчлөгдөж. Хүний эрх талаас нь бодолцож ийм орчныг бүрдүүлж байгаа байх.
Тэр салааны захирагч аавын олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг нь хариуцдаг чухал албыг хашиж байна. Хүнтэй ажиллана гэдэг ур чадвар, ухаан, сэтгэл зүй гээд юм юм л шаардана. Үүнийг бид бас ойлгож, цэрэг хүний ажлыг хүндэлдэг байх нь чухал. Нийгэм цаг үе, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Тиймээс гүйцэтгэх албан тушаалтан гэхээс илүүтэй дарга нарыг цаг үеэ мэдэрдэг байгаасай гэж хүсэж байна.
Эмэгтэй офицерууд тэр дундаа эмэгтэй хурандаа олон болжээ. Эмэгтэй хүн энэ цолонд хүрнэ гэдэг бахархал. Эрчүүдтэй эн зэрэгцэж алба хаана гэдэг өөрөө тэсвэр тэвчээр, тууштай байдлын их ундарга болохоор би их хүндэлдэг юм. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа эмэгтэй генералтай болсонд туйлын их баяртай байгаа. Тэр хүний хүч хөдөлмөр, ажлын үр дүн, цаашлаад эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг оролцоог төр маш өндрөөр үнэлж байгаа хэрэг. Ер нь аль ч салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байж гэмээнэ бодлого, үйл ажиллагаа нь их оновчтой, уян хатан болж ирдэг.
Цэргийн хүний гэргий байх сонголтыг хийсэн өрх гэрийн хос баганагүй бол энэ амьдрал тэгш дүүрэн байхгүй нь лавтай.
Тийм үү?
-Хэлээд юу гэх вэ. Ханийг минь Ж.Энхтайван гэдэг. Бид анх 1975 онд танилцсан. Хотын охид ч намайг тоох, тоохгүй нь хамаагүй. Тэд ч надад огт сонин биш. Харин хөдөө газраас ирсэн энэ охин надад тун чиг дотно санагдаж билээ. Ёстой л нөгөө бор чемоданаас өөр товойх хогшилгүйгээр хоёр талаасаа нийлж гэр бүл болсон. Сарын цалингаасаа цааш нь хийж байгаад ганц нэг юм авна. Тэгсээр байтал анх эхэлснээ бодвол бас ч гэж айл шиг айл болж төвхнөсөн. Төвхнөөд удаагүй байсан ч халшралгүй намайг дагаад л Өмнөговь руу явсан. Нярав, худалдагч, тогооч гээд хийгээгүй ажил юу сан билээ. Цэргийн хүний гэргий болохоор арга ч үгүй биз. Шантарвал шантрах л байсан. Гэхдээ энэ олон жил нугарч, хугараагүй л юм даа.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1