Иймд иргэдийн төлөөлөл болох хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.
– Таны хувьд IPTV үйлчилгээний төлбөр дээр сар бүр 2,500 төгрөг авахыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл. Энэ талаарх өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?
– 2019 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдаад, уг хуулийн дагуу телевизүүдийн холбооны гэх өргөн нэвтрүүлгүүдийг дамжуулдаг тухайн үед 15 (одоо 18) сувагт сар бүр иргэд төлбөр төлнө. Энэ төлбөрийг тухайн телевизүүд хувааж авна гэх заалт орсон. Энэ төлбөрийг IPTV үздэг айл өрхүүд төлбөр дээрээ нэмж өгөхөөр хуульдаа зохицуулсан байдаг.
Бид зах зээлийн эдийн засгийг сонгосон улс. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь би юу хүснэ түүнийгээ худалдаж авах үйлчилгээ бөгөөд худалдан авахдаа түүндээ тохирсон төлбөрөө төлөх асуудал юм. Тухайн бараа бүтээгдэхүүн нь хэрэгцээтэй байгаа хүн өөрийн хүсэл зоригийн үндсэнд тохирсон төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд хоёр тал зөвшилцөөд, гэрээ байгуулсны үндсэнд худалдах худалдан авах харилцаа бий болдог.
Гэтэл нэг талын хүсэл зориг огт байхгүйгээр нөгөө тал нь ганцаараа дур мэдэн шийдээд “энэ бүтээгдэхүүн үйлчилгээг заавал ав, оронд нь бид төлбөр авна” гэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2,500 төгрөг авахыг хуулиараа тулгаад хуульчилчихаар, хуульчлагдсан дээрэм л болж байна гэсэн үг. Хүний юмыг зөвшөөрөлгүй булааж авах чинь дээрэм шүү дээ.
Өнөөдөр 2,500 төгрөг төлж яваагаа магадгүй ихэнх гэр бүл мэдэхгүй. Ялангуяа дунджаас дээш амьдралтай айлууд 2,500 төгрөг амьдралд нь нөлөөлдөггүй айлууд бүр ч мэдэхгүй яваа. Гэтэл ингэж хураамж авах байдал 2019 оноос хойш буюу дөрвөн жил үргэлжилж байна.
– Айлуудын төлж буй хураамжийг хэдэн телевиз авч байгаа вэ?
– Анх 15 телевиз авдаг байсан бол одоо 18 телевиз хувааж авч байгаа юм билээ. Монголчуудын нийт өрхийн 82 хувь нь IPTV үйлчилгээ хэрэглэдэг гэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 768,028 IPTV хэрэглэгч байдаг бөгөөд сар болгон айлуудаас 2,500 төгрөг авдаг. Нийт дүнгээр нь харвал хоёр жилийн өмнө 24 тэрбум төгрөг, өнгөрсөн жил 29 тэрбум төгрөг цугларсан байна.
Өөрөөр хэлбэл, 29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна.