УГ НИЙТЛЭЛИЙН ОНЦЛОХ ХЭСЭГТ “Эрдэнэс Тавантолгой” ХК www.ett.mn цахим хуудсандаа өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард нүүрс тээврийн 188 компанид 4017 С зөвшөөрөл олгохоор хуваарилсан байлаа. Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) Ж.Ганбат “Улс төрд хамаарал бүхий нүүрс тээврийн компаниудад С зөвшөөрөл олгохгүй” гэсэн мэдэгдлийг ажлаа авсан даруйдаа хийж байв.
Тэгвэл өнгөрсөн хоёр сард олгосон 4017 С зөвшөөрлийн 1231 нь буюу гуравны нэг нь төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий болон гаднын компаниудын эзэн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрч байгааг нээлттэй өгөгдөл өгүүлж байна.” “… зөвшөөрлийн хуваарилалт ямар ч хяналтгүй байгааг монгол компаниудаар дамжуулан хятад, сингапур эзэд л нүүрс тээвэр хийж байгаагаас харж болох. Үүнийг албаныхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Н.Элдэв-Очир “Манай шаардлагыг л хангаж байгаа бол бид С зөвшөөрөл өгөх нь тодорхой. Яах Вэ, Ашиг сонирхлын тухай хууль батлагдахаар дараа нь журмаар зохицуулагдах байх. Одоогоор улс төрд нөлөө бүхий, өндөр албан тушаалтай этгээдийн хамаарал бүхий компанид олгож байна уу, ямар компаниуд аваад байна гэдэгт хяналт тавих боломжгүй” гэж бидэнд хэлсэн юм…” Гэжээ.
Өөрөөр хэлбэл жирийн Монгол хүн нүүрсний зах зээл оролцож, чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдөж нүүрсний бизнес эрхлэх ямар ч бололцоо олгогдохгүйгээр үл барам урд хөршийн томоохон эзэдүүдтэй нэвт сүлбэлдсэн Монголын олигархи бүлэглэлийнхэн нүүрсний зах зээл, тээвэрлэх зөвшөөрөл, эрхийн дийлэнхийг гартаа атгачхаад Монголын эдийн засагт хор хохирол учруулж болзошгүй хэмжээг тоолгүй амин хувиа бодож хууль бус, хэт даварсан үйл ажиллагаа явуулж байгаа эсэх дээр сэтгүүлчид баримт түшин бичсэнийг хууль хяналтын байгууллага анхаар үзэх хэрэгтэй юм. Монголын экспортын гол түүхий нүүрсний эдийн засагт үзүүлдэг нөлөөлөл их.
2023 оны эхний улиралд л гэхэд БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 59.4 хувийг чулуун нүүрс эзэлжээ. Мөн Уул уурхай, олборлох салбараас 2023 оны 1 сарын байдлаар улсын төсөвт 306.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 6,4 дахин өссөнийг УУХҮЯ мэдээлжээ.