Монгол Улсын Засгийн газар 2022 оны аравхоёрдугаар сарын 12-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ)-өөр Н.Мягмарыг томилсон. Ингэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад гадаад руу оргон зайлсан Н.Удаанжаргалаас улбаатай улгайг таслан зогсоож, дотор нь буй но-той нөхдийг “шүүр”-д гэсэн үүргийг Н.Мягмарт өгсөн байдаг.
Гэтэл Засгийн газрын БЭТ Н.Мягмар хулгай худлыг илрүүлж таслан зогсоох биш хуйвалдааны намагт өөрөө шигдэв үү гэлтэй усанд хаясан чулуу шиг сураг алдрлаа. Улмаар төмөр замын төлөвлөгөөт ажил үндсэндээ зогсоод байгаа талаар баримт өгүүлье. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” компани энэ онд 5 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн том зорилт тавьсан. Гэвч оны эхний улирал дуусаж байхад олигтой үр дүнд хүрсэнгүй тээвэр нь нам гацаатай байна. Өөрөөр хэлбэл, ажил гацааж байгаа явдал нь БЭТ Н.Мягмар өөрөө эдийн засгийн сэргэлт амлаад буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “БЭТЭГ” болж хувирах шинжтэй.
Шалтгааныг нь тодруулбал, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч хулгай нь илэрсэн даруйд гадагшаа “шувуу” болоод нисчихсэн Н.Удаанжаргалын томилсон хуудуутай нөхөдтэй нэг баг болж, Засгийн газрын бус, харин төмөр замын оффтек гэрээг эзэмшигч, Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” компанийн бүрэн эрхт төлөөлөгч болж зүсээ хувилгажээ. Мөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын ажлыг шуурхайлах ёстой БЭТ өдий болтол тоймтой хийсэн ажилгүй төрийн ажилд буглаа болж, мөнгөтэй бүлэглэлийн хүүхэлдэй болж хувирсан юм биш байгаа гэх хардлага дагуулах болсон байна.