Улс төрд нөлөөтэй намтай, ар талтай шинэ феодал анги давхраа үүссэн ба тэд тэгш бус байдлыг юман чинээнд тоолгүй харин ч өөрсдийнхөө булхайг нуухын тулд зүсэн зүйлийн бохир аргаар оролдож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл сүрьеэгээр тэргүүлдэг, эдийн засагаар хамгийн ядуу 30 орны тоонд Монгол цохиж явна. Сүрьеэ нь эдгэрдэг өвчин ч манайх шиг эдийн засаг сул, ядууралд живж буй улс оронд хүн амынх нь нэлээдгүй хэсэг, ялангуяа залуучууд сүрьеэгээр олноороо өвчлөх нь монголын төрд ноёлох хэсгийнхэний үйлдсэн гэмт хэргийн үр дагавар гэлтэй.
Өөрөөр хэлвэл ард түмний эдийн засгийн эрх чөлөөг булаагаад зогсохгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүртэл дээрэмдэн цөлмөж байна гэсэн үг.
Авлига бол товчхондоо цөөхөн хүнд дэндүү давуу эрх олгож, тэгш бус байдлыг хөхиүлэн дэмжиж, нийгэмд шударга өрсөлдөөн устаж, улс орны хөгжил дэвшлийг хойш нь татдаг хор. Авлига бол эрх мэдэлд хууль бусаар хүрэх эцсийн зорилго агуулдаг хүмүүсийн гаршсан үйлдэл учраас эцэстээ “сонгуулийн гэмт хэрэг” буюу ардчиллын амин сүнс болсон ард түмэн өөрсдөө төрөө удирдах эрхийг улайм цайм булааж буй хэрэг.
Авлигын болон сонгуулийн гэмт хэрэг хэдий эрүүгийн хуулиар шийтгэгддэг практиктай ч асуудлыг эрүүгийн эсвэл захиргааны аль нь болохыг тодорхойлоогүй гажуудлаас үүдэн мөнгөтэй хүмүүс хүссэнээрээ торгууль төлөөд хууль зөрчих дархан эрхийг олж авдаг байдал бийг судлаачид анхааруулдаг. Хууль ингэж завхардаг, хулгайчид дураараа дургих орон зай болсон Монгол улс хууль бүр дээр иргэдийнхээ саналыг бодитоор тусгасан шинэчлэл хийх цаг болжээ.
Хэрэв дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол 30-40 жил байтугай гурав дөрвөн зуун жил ухарч боолын нийгэм рүү гулсан орох ба бурангуй ийм орны тусгаар тогтнолыг газар нутаг, эд баялагтай нь зуушлан залгиж орхих гадны хүсэл сонирхол мөнх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1