“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жил, ангийнхаа 50 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзэл хүмүүжил олгох сургалт, нөлөөллийн ажлыг шат дараатай зохион байгуулсаар байна.
Тухайлбал, энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг урьж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа. Ахлах ангийн сурагчдыг Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолоор угтаж, хугацаат албаны дайчдын жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулав.
Үргэлжлүүлэн “Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийн жим”, “Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо”, “Бидний мэргэжил бидний бахархал” зэрэг сэдвийн хүрээнд ахмад Э.Гансүх, ахмад Э.Эрболд нар мэдээлэл өгч, авьяаслаг хугацаат цэргийн алба хаагчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Сурагчдаас ч мөн талархлаа илэрхийлж цэргийн ах эгч нар, хугацаат цэргийн алба хаагчдад ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Түүнчлэн сурагчид цэргийн байр, Алдрын танхимаар зочилж, цэрэгжлийн буухиа тэмцээнээр өрсөлдөв. 10 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт 7 дугаар сургуулийн сурагч Н.Мягмарбаатар, дэд байрт 5 дугаар сургуулийн сурагч Н.Анхбаяр, гутгаар байрт 4 дүгээр сургуулийн сурагч А.Энх-Амгалан ахлагчтай багууд шалгарч, сурагчид цэргийн албаар бахархал дүүрэн буцсан юм.


Хошууч Ц.ГАНБАЯР
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1