Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Хөдөлмөрийн насны 40 гаруй хувийг бүрдүүлдэг залуус гадаадад дүрвэх хүсэлтэй байна

    Монгол улсын нийт хүн ам 2021 оны байдлаар 3.3 сая байснаас, үүний 62.6 хувийг 35-с доош насныхан эзэлж буй насны бүтцийн хувьд харьцангуй залуу орон юм. Тэр дундаа 15-35 насны иргэд нийт хүн амын гуравны нэг буюу 30.7 хувийг бүрдүүлж байгаа нь зохистой бодлого, зохион байгуулалтаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан ажиллах хүчнээ бэлтгэж чадвал хүн ам зүйн энэхүү бүтцээсээ эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломж бүхий онцлогтой орон билээ

    Гэвч 1990-д онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ашигт малтмал, гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарал бүхий уул уурхайн салбарт хэт түшиглэсэн эдийн засгийн тогтворгүй байдал, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөн, газар зүй, эрс тэрс уур амьсгалаас үүдэлтэй улирлын чанартай хөдөлмөр эрхлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөө болон бусад тогтолцооны асуудлуудаас шалтгаалан Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцооны бууралт, ажилгүйдэл, албан бус хөдөлмөр эрхлэлт, хүйсийн тэгш бус байдал, залуучуудын ажилгүйдэл зэрэг асуудлууд нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй, бодлогын түвшний томоохон сорилтуудын нэг байсаар байна. Хүн амын статистик мэдээллээс үзэхэд Монгол улсад 15-29 насны нийт 720,624 иргэн байгаа нь нийт хүн амын 21.5 хувийг бүрдүүлж байна. Залуучуудыг тодорхой насны бүлэг болон хүйсээр нь ангилан харвал 15-19 насны бүлэг хамгийн бага буюу 30.4 хувийг эзэлж байгаа бол, 20-24 насны бүлэг 32.9 хувь, 25-29 насны бүлэг 36.7 хувийг эзэлж байна. Нийт залуусын 49.4 хувь нь эмэгтэйчүүд бол 50.6 хувь нь эрэгтэйчүүд байна (График 1-д тоогоор). 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогоос үзэхэд нийт 15-29 насны залуусын 42 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна.

    Манай улсын 15-29 насны залуучуудын 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй, мөн боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа бөгөөд үүний тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна.

    Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан, 31.8 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байна.

    Харин хөдөлмөр эрхлэгчдийн дунд явуулсан суурь судалгаануудад хөдөлмөрийн орчин эрсдэлтэй, цалин хангамж хаана ч хүрэлцэхгүй байгаа нь харагдаж байна.

    “ … Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Монголд хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүний 80 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгвэл дэлхийн улс, орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 дахин их. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Люксембургт цагийн үнэлэмж 13.78 ам.доллартай Монголынхоос 13 дахин их үзүүлэлт. Тус улсад хуулиараа 18 нас хүрсэн бол хөдөлмөр эрхлэх насаар тооцож, цалингаа 20 хувиар нэмжээ. Харин 16, 17 настнуудыН дадлагажигч статуст цалин 20-25 хувиар бага байдаг аж.

    Залуучуудын дунд явуулсан судалгаагаар 90 шахам хувь нь гадаадад хөдөлмөр эрхэлж, одоогийн нөхцөл байдалдаа эргэлт, хөгжил авч ирэх боломж эрэлхийлж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл залуус эх орондоо сэтгэл хангалуун гэдэс цатгалан мөр бүтэн амьдрах ирээдүй байхгүй болсон гэдгийг хэлж байна.

    Хөдөлмөрийн насны залуус монголоос мянга мянгаараа дүрвэж байгаагын цаад шалтгаан ийнхүү дээрх судалгаануудаас тодорхой харагдах ба хүн амын тал шахам, хөдөлмөрийн насныханы дийлэнхийг эзэлдэг залуучуудаа шударга хөдөлмөрлөх боломж бий болгож чадахгүй өдий хүрсэн нь Монголын үе үе засгийн газар төр засгийн удирдлагуудын бодлогын алдаа гэдгийг олон улсын ажиглагч, судлаачид ч илэрхийлсээр байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ