Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Үе залгамжлан попрогч ББ сайд та ажлаа хийнэ үү

    БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ буюу ББ 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд 77 дугаар сургуулийг дүүргэсэн тэрбээр 2003 оноос ажлын гараагаа шууд л “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирлаар эхэлсэн байх юм. Энэ түүний өөрийнх нь байгуулсан компани мөн үү?

    Түүний намтраас үзвэл тэрбээр хар бор ажил хийж үзээгүй цагаан гартай нэгэн юм. Захирлаас шууд зөвлөх болж дэвшээд, дараа нь МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Энэ цагаас тэрбээр улс төртэй холбогдсон бололтой. Төрийн томоохон албан тушаалуудыг ээлж дарааллан халаасласан байна. Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас түүний БОАЖ-ын сайд болгохыг дэмжсэн шийдвэр гарчээ. Ингээд маргааш нь буюу нэгдүгээр сарын 18-нд үүрэгт ажлаа хүлээн авсан байдаг. Ийнхүү түүний попрол эрчээ авч өөртөө ББ гэх нэрийг хайрлан цуврал ном туурьвиж эхэлсэн аж. Түүний цуврал ботиуд одоо арваад болоод байгаа.

    Үе үе хөөрхөн хэдэн үг хаяж энд тэнд хүн загнах ажил хийж попордог нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн залгамж халаа гэлтэй. Тэр ч ШӨХТГ-ын дарга байхдаа олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээсээр дөжирсөн бололтой. Ажлаа амаараа попорлоороо хийгээд сурсан түүний ажилласан салбарт ахиц дэвшил гарсан эсэхийг олон нийт дэнсэлнэ биз. Ямартаа ч ШӨХТГ-т байхдаа л дуучин Анутай ажлаа сольж, ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийг загнаж баахан попроод, араас нь цэцэг барьж уучлалт гуйдаг ганц дарга тэр байсан байх.

    Байгаль орчин аялал жуучлалын сайд болоод ч тэрбээр өөрчлөгдсөнгүй. Нөгөө попрол. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг тэрбээр санаачилсан байдаг. Түүнийг санаачилсан Зөрчлийн тухай хуулийн 10.14 дүгээр зүйлийг өөрчлөх санаачлага дотор нь “Майхнаа зоогоод буусан бол 100 мянган төгрөгөөр торгоно, жуулчны компаниар дамжуулахгүй найзуудаа уриалаад аялсан бол 1 саяар торгоно” гэх заалтууд бий. Үүнийг нь учир мэдэх зарим хуульчид, иргэд ихээхэн эсэргүүцсэн.

    Хамгийн сүүлд тэрбээр Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллан тоос шороогоо цэвэрлэ хэмээн үүрэгдсэн. Тэхдээ тэргүй наад тортогт хотод чинь тоос шороогоо угааж цэвэрлээд цэвэрхэн байх баталгаа байна уу?

    Түүний оронд тортог тарьж байгаа эх үүсвэр тэр сайжруулсан гээд байгаа түлшээ шалгавал яасан юм бэ. Утааг бууруулах чиглэлээр танд санал санаачлага байна уу? Улаанбаатар хот урьд хожид хэзээ ч байгаагүй хар тортогтоо холилдоод байна. Та Улаанбаатар хотод төрсөн хүн. Таныг төрсөн цагаас хойш хэзээ хот ийм тортог хөөтэйгөө холилдсон хар бараан байсныг санаад үзээрэй. Утаагүй түлш хэрэглэсэн сүүлийн дөрвөн жилд л энэ илт мэдэгдэж байгаа.

    Улсдаа ганцхан олон улсын нисэх буудлаар явахдаа тэгж загнаж байгаа хүн хотын захын гэр хороолол дундуур явбал хүн барьж авч зодох нь ээ. Та сошиалаар биш биеэрээ ажлаа хийнэ үү. Эс чадваас чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өг гэдэг титэм сургааль ч бий.

    М.БЯМБАА

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ