Өчигдөр АТГ- аас мэдээл хийлээ. Тэд 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлжээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, эх мэдлээ урвуулан ашигласныг илрүүлж улсыг хохиролгүй болгосон гэсэн үг. Сүүлийн хэдэн жилд сонсоогүй сайхан мэдээ, том тоо. Эдгээр мөнгөн дүнг задлаад үзэхээр Хөгжлийн банкнаас зээл авчихаад луу унжсан компаниудаас 861 тэрбумыг буцаан төлүүлж, Дархан төмөрлөгийн үйлдвэрээс 721 тэрбум, Хөтөл цемент шохой үйлдвэрээс 235 тэрбум, Эрдэнэт үйлдвэрээс 647 тэрбум, бусад үйлдлүүдээс 502 тэрбум гэж задарч байх юм. Тоо андуураагүй бол их сайн дүн.
Бас Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ. Авсан хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулжээ. Энэ бол цэвэр мөнгө угаалт.
Хахуулийн мөнгийг бүтээн байгуулалтад оруулсан халхавч хийж бохир мөнгөө цэвэр болгох гэсэн санаархал. Бас нэгэн албан тушаалтан найзынхаа нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсаныг илрүүлсэн байна. За тэгээд маниусын бүгдийн мэдэх болсон Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга Батдөлийн гэрээс хураасан 8.2 тэрбум төгрөг…
Яг одоо АТГ жинхэнэ ажлаа хийж байна. Үе үеийн АТГ -ын дарга нар эрх баригчдаас айсандаа бүр өөрсдөө огцорч байсныг санах ёстой. Тухайлбал, АТГ- ын дарга байсан Ганболд Санжийн Баярын АНУ дахь 7 хаусыг шалгаж чадахгүйн улмаас улс төрийн шахалтанд орж өөрөө огцорч байлаа. Энэ байгууллагын анхны дарга Дангаасүрэн гуайг зэрлэгээр хөнөөж байсныг ч мартах учиргүй. Тиймээс АТГ- ын дарга комиссар З. Давшдавааг одоо дэмжээд өгье.
Түүнийг улс төрөөс дарамтлуулахгүй байх бүх бололцоог бий болгох ёстой. Цагаан захтнуудтай дайн зарлаж тэдний хөрөнгийг хураана гэдэг Монголд байтугай дэлхийд амаргүй ажил. Бүр болохгүй бол түүнийг хамгаалалтад аваад бүрэн эрхийг олгох хэрэгтэй.Үүнд олон нийтийн хараа хяналт маш чухал. Олон жил яригдсан, ард түмэн гадарлах болсон авилгачдын хөрөнгийг хурааж улсын орлого болгож буй нь бодит үр дүн. Хөөс хагарч байна. Одоо тултал ажлыг нь хийлгэж эцсийн үр дүнг үзэх цаг болов. Тиймээс АТГ ын даргыг огцоруулчихгүй шиг ажлыг нь хийлгээд шүүх үнэн зөвөөр яллаж чадах эсэхийг хүлээх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Бүр маш чухал…
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1