“Сэндли ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгон анх удаа гаргаж буй бондын арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Өлзий&Ко Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд чамлахааргүй ахиц дэвшил гарсан бөгөөд 2021 онд гэхэд 10 бүтээгдэхүүн шинээр гарч нийт 22 мянган хөрөнгө оруулагч оролцож, 850 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн жил 15 бүтээгдэхүүн гарч, 45 мянган хөрөнгө оруулагч оролцож, 300 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Мөн банкны салбарын реформ амжилттай хэрэгжиж системийн нөлөө бүхий оролцогчид болох Төрийн банк, Голомт банк хувьцаагаа олон нийтэд амжилттай санал болгон нийт 144.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгож, засаглалыг сайжруулж үе шаттайгаар олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ээс эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосныг та бүхэн мэднэ. Цаашилбал, УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжийг IPO, компанийн бонд гарган санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд өмнө нь нэг байсан журмыг “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” гэж төрөлжүүлэн салгаж олон улсын жишигт нийцүүлж, бонд гаргах ажиллагааг хялбаршууллаа.
Ингэснээр хөрөнгийн биржийн нэгдүгээр салбарт бүртгэлтэй хувьцаат компаниуд болон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниас олон нийтэд санал болгон гаргаж буй бондыг хялбаршуулсан байдлаар Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээр болсны зэрэгцээ бонд гаргагч компани нь бондоо бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олон нийтэд санал болгож санхүүжилт татах давуу талыг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл дотоодын шилдэг аж ахуйн нэгжүүд банкны өртөг өндөр зээлтэй харьцуулахад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс хялбар, түргэн шуурхай байдлаар татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа ашиглах боломж бий болж цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжил олон улсын төвшинд хүрэхэд нөлөөлөхүйц бодлогын чухал алхам болсон. Эцэст нь хэлэхэд иргэд, харилцагчдад санхүүгийн үйлчилгээг хялбар шуурхай хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй финтек компани болох “Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын зах зээлийн арилжаанд нь амжилт хүсье” гэсэн юм.
Анхдагч зах зээлийн арилжаагаа нээж буй тус компанийн энэ удаагийн бонд нь 18 сарын хугацаатай, 19.2 хувийн хүүтэй, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ба нийт 8,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.