Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ бараг маани мэгзэм болтол нь хэллээ. Засгийн газар ч гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар л тэргүүн эгнээнд харагдаад байгаа. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар араас нь дагалдах маягтай.
Ард түмнийг өвлийн хүйтэнд арваад шөнө гадаа хонуулж байж 17 нэр арай гэж зарлан ингэсхийгээд байж бай гэсэн шиг дахиад таг болов. Өнөөх 17 хүний 5 тав нь өдөр шөнөгүй намын даргадаа гомдоллож, гэмгүй царайлж гэгээнтний дүрийг эсгэж явна. Тэгвэл Засгийн газар нүүрсний хэрэгт 50 хүн холбогдсон гэдгийг олон нийтэд тодорхой гэгч нь мэдээлсэн. Одоо үлдсэн 33 хүний нэрийг хэзээ зарлах вэ. Үлдсэн хүмүүс дунд хэн, хэний нэр байгаа вэ гэдэг асуулт нийгэмд хүлээлт үүсгээд буй.
Ерөнхий сайдтай дөрөө харшуулж намынхаа бодлогыг зангидаж яваа генсек Д.Амарбаясгалан, улсын мөнгийг удирдаж суугаа Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ыг атгаж яваа Г.Занданшатар, хамаг том дарга У.Хүрэлсүх гээд нам нэгтэй ах нар нь нүүрсний хулгайн ард байгаа учраас Ерөнхий сайд наанаа зоригтой дуугарч, цаанаа жижгэрч сууна гэх яриа ч гарах боллоо. Учир нь нүүрсний хулгайгаар шалгаж байгаа 17 хүний 7 нь УИХ-ын гишүүд. Үлдсэн албан тушаалтнууд нь эрх баригчдын томилсон хүмүүс. Тиймээс төрийн өмчийн газрын дарга, хэлтсийн дарга нар бол үнэндээ нүүрсний хулгайд жижигдэнэ. Гарцаагүй гарын үсэг зурсан нь үнэн. Улсын нууцад оруулсан гэрээнд ганцаараа шийдвэр гаргаж том толгойлж гарын үсэг зурна гэж үү. Иймэрхүү дүр зургийг бид олон ч дуулиант хэргээс харж л байсан. Тэгэхээр энэ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон нүүрсний хулгайн ард том тоглогч нар байх нь тодорхой. Тиймээс л өнөөдрийг хүртэл хэдэн тоо хэлээд ард түмнийг аргацаад байгаа хэрэг.