Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    МАН бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдийг шалгуулахыг шаарджээ

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган зохион байгуулах асуудал хэлэлцлээ” гэж товчхон мэдээлсэн. Тэгвэл хөшигний ард УИХ дахь МАН-ын бүлгийн хурал нүүрсний хулгайн асуудлаар ярилцаж, нэлээд ширүүхэн өрнөсөн байна.

    Юун түрүүнд УИХ-ын гишүүд хуулийн байгууллагын мэдээлэл сонсохыг шаарджээ. Тэрчлэн “Энэ нүүрсний хулгайгаар далимдуулаад гишүүний Бүрэн эрхийг хүчгүйдүүлж, парламентын хүчийг сулруулж байгаа нь яавч зөв биш”, “Цаашид энэ хэрэгтэй холбоотойгоор нэг нэгнийхээ тойргийг булаахаар зэхэж, нэр төрд халдаж, шорон гяндангаар айлгадаг юм ихсэх нь байна” гэх зэргээр бухимдсан аж.

    Нөгөө талаар АТГ-аас 17 нэр зарласан. Цаашдаа ч цөөнгүй УИХ-ын гишүүний нэрийг зарлахаар шалгаж байгаа тухай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл эхний зарласан нэрс дунд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар байсан. Тэдний хувьд хурлын үеэр намдаа их гомдож байгаагаа илэрхийлсэн сурагтай. Тэр байтугай “Хулгайч барих гээд, олон нийтэд гаргаж өгөх гээд байгаа юм бол мань мэтийг зарласан болж дүлэгнэж байхаар бүгдийг нь зарла”, “Хэрвээ ингээд өнгөрнө гэж байгаа бол бид та нарын булхайг зарлаад явна” гэж туньжээ.

    Бүлгийн хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцсон байна. Тэрбээр “Нүүрсний хулгайгаас эхлээд цаашдаа төрийн өмчид гараа дүрдэг, эрх ашиг сонирхолдоо нийцүүлж ашигладаг асуудлуудаар зоримог арга хэмжээ авах цаг нь болсон. Олон нийтийн бухимдал ч их байна. Энэ бол ганц жил, хоёр жилд болсон асуудал биш. Цэгцлээд цаашаа явахгүй бол улс орон ч хэцүүдэх нь. Би Ерөнхий сайдын хувиар нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна, үүнээсээ эргэж буцахгүй. Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд бүгд өөрсдөө шалгуулаад нэг талдаа гараарай. Цаг нь болсон шүү. Нам хаацайлах гэсэн асуудал энд байж болохгүй”  зэргээр байр сууриа хэлээд гарсан байна.

    Нийтэлсэн: Г.ОРЧЛОН  

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ