Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Ардчилсан намын бүлэг: Хэмнэлтийн хэмээх хууль хэрэгжсэнгүй

    МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН САНАЛ, ДҮГНЭЛТ

    Монгол Улсын Их хурлын дарга, УИХ-ын эрхэм гишүүдээ,

    Дэлхий дахины улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, ээдрээтэй цаг үед 2023 оны Монгол улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн улс орнуудад төсвийн бодлогоо чангаруулж, орлогоо зөв төсөөлж, хэмнэлттэй, зардлаа танасан, алдагдалгүй төсөв батлахыг анхааруулан зөвлөж байна. Гэвч Засгийн газраас тэрхүү анхааруулгыг үл тоон, бодит бус төсөөлөлтэй, алдагдал өндөртэй төслийг оруулж ирснийг хариуцлагагүй үйлдэл гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.

     Дөрөвхөн сарын өмнө хуульчлан баталсан төсвийн голлох үзүүлэлтүүд Төсвийн тогтвортой байдлын, Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн төсөл УИХ-д өргөн барьж хэлэлцэж байна. Тогтвортой байх хуулийг хамгийн тогтворгүй болгож, үүндээ огт хариуцлага хүлээдэггүй явдал сүүлийн жилүүдэд энгийн үзэгдэл боллоо. Мөн төсвийн хөрөнгийн оруулалтын хуваарилалт, эрэмбэ, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын зарчим алдагдсан жилүүд өнгөрч байна.

    Гуравхан жилийн өмнө Монгол улс 9 ихнаядын нийт төсөвтэй байсан. Харин сүүлийн 3 жилд зөвхөн төсвийн алдагдал нь 10 их наяд хүрч, энэ хэмжээгээр өр нэмэгдлээ. Ирэх жилийн төсөв 1.5 ихнаядын алдагдалтай гэж ярьж байна. Гэвч дээр нэмэгдэх далд-нуугдмал алдагдлууд байна. Ирээдүйн өв санд хуримтлагдах ёстой 1,5 их наяд төгрөг буюу зарласан алдагдалтай тэнцүү хэмжээний алдагдлыг нуун далдалж оруулж ирж байна.

    Хэмнэлтийн хэмээх хууль хэрэгжсэнгүй. Төсөв алдагдал дээрээ нэмээд 2 ихнаядаар тэллээ. Дээр нь экспортлох нүүрсний хэмжээг энэ жилээс 2 дахин их буюу 36 сая.тн гэж тооцсоны, зэсийн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс хэт өндрөөр буюу 8400$-оор төсөөлсний болзошгүй алдагдлууд нэмэгдэнэ. Энэ бүхнийг оруулж тооцвол ирэх оны төсвийн алдагдал бодитоороо 5-6 их наядаар хэмжигдэнэ. Улсын төсвийн сүүлийн 4 жилийн алдагдал 15 их наяд төгрөгөөр хэмжигдэх нь. Ийм хэмжээний хөрөнгө нь Монгол улсын иргэн бүрт 5 сая₮ ноогдох, мөн гэр хорооллын бүх айлыг тохилог орон сууцанд оруулаад зогсохгүй нийслэлд метро барих хэмжээний боломж алдагджээ. Тооцоо судалгаагүй төрийн шийдвэрүүд цаашид үнэ өсөх, ханш сулрах, гадаад валютын нөөц багасах, зээлийн хүү нэмэгдэх, зээлжих зэрэглэл буурах олон муу үр дагавар дагуулна.

    ОУВС Монгол Улсын 2023 оны төлвийг “Сэргэлт эмзэг, эрсдэл их” гэж дүгнэж байна. Гэтэл улсын эрх ашгаас намын эрх ашгийг өндөрт эрэмбэлсэн эрх баригчид ирэх оны төсвийн төсөлд орлогоо хэт зохиомлоор төсөөлжээ. Нийт татварын орлогын хэмжээ 2018 онд 6.2 их наяд төгрөг байсан бол 2023 онд 17.0 их наяд болж 3 дахин өсгөхөөр тооцжээ. Ингэснээр бүтэн 3 жил ковидын хатуу хөл хорионд үйл ажиллагаа нь тасалдсан аж ахуйн нэгжүүд, иргэдээсээ илүү их хэмжээтэй татвар авах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэхээр тооцсон нь иргэд, бизнесүүдэд нэн халтай бодлого болжээ.

    Ардчилсан намын бүлгийн гишүүд яагаад төсвийн алдагдал, тэлэлтэд анхаарал хандуулан, онцгойлон эсэргүүцээд байгаа вэ. Эсэргүүцэх олон шалтгаан байгаа ч онцгойлон 4 зүйлийг дурдъя.

    Нэгдүгээрт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр ирэх 2023 онд Монгол Улс гадаад төлбөр тооцоогоо төлж чадахгүй дампуурал буюу дефолт зарлах бодит эрсдэл улам нэмэгдэнэ. 4 тэрбум доллар хүртэлх өр, своп хэлцлийг төлөх эдийн засгийн чадамж, валютын нөөц байхгүй. Хөрөнгө оруулагчдын Монголын бондод итгэх итгэл улам унаж, гадаад зах зээлээс дахин зээл авч, өрийг өрөөр дарах боломжгүй болсон нь харагдаж байна.

    Хоёрдугаарт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр Монгол банк мөнгөний бодлогоо хатууруулж 2023 онд иргэд бизнест, мөнгө зээл очихгүй нь. Очсон мөнгө нь илүү өндөр хүүтэй болж, эдийн засаг “борц” болох аюул ирлээ.

    Гуравдугаарт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр эдийн засаг дах төрийн оролцоо улам ихэсч авилгажсан үр ашиггүй тогтолцоог улам өдөөнө. Төсөв сүүлийн 4 жилд 9 ихнаядаас 20 ихнаяд болж 2 дахин томорлоо. Олон Тавантолгойн нууц гэрээ, олон Хөгжлийн банкных шиг дуулианууд шинээр үргэлжлэн дэлгэгдэнэ.

    Дөрөвдүгээрт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ирэх онд ч үргэлжлэх нь.

    Монголбанк мөнгөний бодлогоо чангалж бизнесүүдийг “борцолж” байгаа энэ үед Засгийн газар төсвөө тэлж, алдагдлаа нэмэгдүүлж эсрэг тэсрэг ажиллаж байгаа нь эдийн засагчдын гайхашралыг төрүүлж байна. Нэгдсэн улсын нэгдсэн эдийн засгийн бодлого хаана байна вэ? Ийм бодлогын алдааг улсаараа дампуурсан улсуудын жишээн дээрээс харж болно.

    Өнөөгийн Монголын эдийн засаг төрийн оролцоо давамгайлж төржсөн, түүхий эдэд тулгуурласан төрөлжилтгүй эдийн засгийн загвар луу улам хурднаар чиглэсээр. Түүхий эдийн үнэ үргэлж савладаг. Манай Засгийн газрууд үнэ өсөхөөр зарцуулаад, үнэ буурахаар зээлдэг үндсэн ганц арга барилтай. Өсөлт бууралтыг ирээдүйдээ хадгалах замаар дундажладаг олон улсын сайн туршлагыг оруулж ирсэн ч тэр сан маань Засгийн газрын төсвийн алдагдлыг нөхдөг хавсарга данс болгож хувиргалаа.

    Хоёрхон жилийн өмнөх та бүхний сонгуулийн амлалтуудын бэх нь хатаагүй, цуурай нь буугаагүй байна гэдгийг АН-ын бүлгээс ахин нэг сануулья. Монгол улсын нийт иргэдийн 75 хувь, хүүхдийг хасвал 45%-нь халамж авдаг орон боллоо. Зөвхөн сонгуульд ялах зорилгоор татвар төлөгчдийн мөнгийг халамж хэлбэрээр хайр найргүй тараах нь улс орныхоо ирээдүйг хорлож буй ноцтой гэмт хэрэг мөн.

    “Олон төсөвтэй байж болохгүй”, “гадаад өрийг нэмж болохгүй” гэх шүүмжлэл МАН-ын улс төрчдийн амнаас салдаггүй байсан нь саяхан. Гэвч өнөөдөр Монгол улсын төсөвтэй зэрэгцэн Монголбанк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК гэх мэт төрийн өмчит компаниуд төсвийн шинж чанартай санхүүжүүжилтыг тоолбол бие даасан арав гаруй “төсөв”-тэй болжээ. “Төсвийн иж бүрэн байдлын зарчим” ийнхүү бүрэн алдагджээ.

    Өнөөгийн эрх баригч та бүхэн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ. Өрийн асуудал Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя.

    Ардчилсан намын бүлгээс ирэх оны төсөвт тодорхой дараах зарчмын саналыг дэвшүүлж байна.

    Нэг, хэмнэлтийн гэж буй ч үрэлгэн, өгөөжгүй түүхэн хамгийн өндөр төсвийн зардлаа эрс царцааж, төсвийг алдагдалгүй батлъя.

    Хоёр, өрөө бодитоор төлж, багасгах бодлого баръя. Алдагдалгүй төсөв батлагдснаар ийм боломж үүсч, олон улс дахь үнэлгээ ч сайжирна. Энэ бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гэхээсээ илүүтэй Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын ирээдүй, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд нийцэх шаардлага юм.

    Улс орны эдийн засаг “сэхээний тасагт” гадаадын өр зээл гэсэн “хиймэл амьсгаа” залгагдан хэвтэж байна. Ийм байдалд хүргэсэн эрх баригчдын тооцоо судалгаагүй шийдвэрүүд, төсвийн буруу бодлого, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний оффтейк гэрээ зэрэг дуулианууд шил шилээ даран задарч, олонд ил болж байна. Улс төрийн нөлөө ихтэй, улс төрчдийн дохиогоор зангаагаар явдаг хаалттай нөхцөл байдалд энэ мэт ялзарсан асуудлууд цаашид ч тасралтгүй гарсаар байх нь тодорхой. Төмөр зам, эрчим хүчний систем, агаарын тээвэр тэргүүтэй олон салбарт Таван толгойн хаалттай нууц гэрээнүүд шиг асуудлууд цаашид гарч ил болно. Энэ бол зүй ёсны үйл явц. Хаалттай, захиргааны аргаар удирдах гэсэн урхагт бодлогын үр дүн. Зах зээлийг чөлөөлж, нээлттэй ил тод болгож, төрийн өмчит компаниудаа нэн даруй олон нийтийн болгож, төрийн оролцоогоо үлэмж багасгах нь энэ бүхний шийдэл.

    Ужгирсан асуудлын шалтгааныг олж дарахын оронд дотоодоосоо дайсан илрүүлдэг, хэн нэгнийг “цовдолж”, нийгмээр яллуулдаг арга ажиллагаа, зарчмаар цаашид хол явж чадахгүй нь тодорхой. Хэлбэрийн төдий, косметик шинжтэй, буруутныг хайсан, улс төрийн богино зайн оноо авах гэсэн энэ мэт үйлдлүүдээсээ нэн даруй татгалзаж, томорсон төсөв, данхайсан төрөө багасгах системийн шинжтэй, шинэчлэлт өөрчлөлтийг зоригтой хийж эхлэхийг эрх баригчид та бүхнээс хүсэж бас шаардаж байна. Улс орны хэтийн ирээдүйд тустай эрс олон өөрчлөлтүүдийг салбар бүрт хийж эхлэхгүй аваас нэгэнт оройтсон байх агаад хожим харамсмаар үнэ төлөх бараан ирээдүй бодитойгоор үүсэн байгааг УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс анхааруулан сануулж байна.

    Анхаарал хандуулсанд баярлалаа

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ