Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Dronecon 2025” нисэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг Зэвсэгт хүчний агаарын цэргийн бие бүрэлдэхүүн хангаж байна.
Дэлхий дахинд дроны уран жолоодлогын тэмцээн нь 2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2024 оны судалгаагаар нисэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглэгчийн тоо хэдийнээ 100 сая давжээ.
Манай улсын хувьд нисэгчгүй нисэх төхөөрөмжийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж буй бөгөөд энэ нь тус спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой аж.
“Дронокон-2025” тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын нисэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Тус төв нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг амжилттай бүтээсэн, арвин туршлагатай хамт олон аж.
Тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны өдрүүдэд буянт ухаа спортын ордонд зохион байгуулах тул нисэгчгүй нисэх төхөөрөмж сонирхогч хүн бүрийг идэвхтэй оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1


