Өчигдөр АТГ- аас мэдээл хийлээ. Тэд 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлжээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, эх мэдлээ урвуулан ашигласныг илрүүлж улсыг хохиролгүй болгосон гэсэн үг. Сүүлийн хэдэн жилд сонсоогүй сайхан мэдээ, том тоо. Эдгээр мөнгөн дүнг задлаад үзэхээр Хөгжлийн банкнаас зээл авчихаад луу унжсан компаниудаас 861 тэрбумыг буцаан төлүүлж, Дархан төмөрлөгийн үйлдвэрээс 721 тэрбум, Хөтөл цемент шохой үйлдвэрээс 235 тэрбум, Эрдэнэт үйлдвэрээс 647 тэрбум, бусад үйлдлүүдээс 502 тэрбум гэж задарч байх юм. Бас Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ. Авсан хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулжээ. Бас нэгэн албан тушаалтан найзынхаа нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсаныг илрүүлсэн байна. Яг одоо АТГ жинхэнэ ажлаа хийж байна.