“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр шинээр томилогдсон Д.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрээр өмнө нь олон улсын Брукинс институт, Транспэрэнси интернэшнл зэрэг байгууллагуудад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, авлигын тэмцэх чиглэлээрзөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай билээ.
-Та бид хоёр өмнө нь компанийн засаглалын талаар ярилцаж байсан. Монгол Улсад төрийн өмчит компанийн засаглал тааруу байна гэдгийг та өмнөх ярилцлагад онцолж байсан. Харин одоо өөрөө дотор нь ороод ажиллаж эхэллээ. Нөхцөл байдал ямар байх юм бэ?
-Компанийн засаглал гэдэг мэдээж олон зүйлсээс бүрддэг. Эдийн засггийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын шинэчлэгдсэн стандартаар зургаан асуудлыг хамарч үздэг. Тодруулбал, ТУЗ-ийн сайн засаглал буюу хяналт, хариуцлага,хувьцаа эзэмшигчдийн эрх үүний дотор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудал, санхүүгийн сахилга бат буюу хууль, бодлого, журмын хүрээнд, ил тод ажиллах,дотоод хяналтбуюу зохицуулагч байгууллагын шаардлага, комплаенс, эрсдлийн удирдлага, бүтцийн оновчтой байдал, хариуцлага, хууль бодлого журмын хэрэгжилт, байгаль орчин, нийгмийн хариуцлага буюу үйл ажиллагааг ээлтэй болгох мөн эцэст нь дээрх бүх үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зэрэг багтдаг.
Тэр дундаа ТУЗ-ийн хараат бус гишүүний үүрэг тусдаа. ТУЗ өөрөө хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг бүтэц. Тэр утгаараа хараат бус гишүүдийн үүрэг жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь нэн чухал. Нэг ёсондоо 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих нь хараат бус гишүүний үүрэг.
Өмнөх асуулт руугаа ороход бүх зүйлийг үгүйсгээд яах вэ. Гэхдээ заавал магтах албагүй. Магтаалаа өөрсдөө ярина биз, хангалттай ч ярьж байгаа харагддаг. ТУЗ дээр хараат бус гишүүдийн тоог нэмсэн нь авууштай. Зарим гэрээг ил болгож, Монгол Улс тээврээс татвараа авч чаддаггүй байсан бол одоо бүрэн авдаг болсон гэх мэт засаглал, эдийн засагт ч нэмэртэй алхмууд хийжээ. Гэхдээ улс төрийн нөлөөлөл ТӨК дээр өндөр байгаа тохиолдолд компанийн засаглал хэзээ ч сайжрахгүй. Эрдэнэс Тавантолгой ХК дээр улс төрийн нөлөөлөл өндөр хэвээрээ байна.
-Тодруулж болох уу?
-Яг алинаас эхлэх вэ, мэдэхгүй. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор БЭТ 1.6 жил ажилласан. Түүнээс хойш гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчтэй бараг гурван сарын нүүрийг үзэж байна.Монгол Улсын эдийн засагт хамгийн жинтэй хувь нэмэр оруулж байгаа, топ татвар төлөгч ААН нь эзэнгүй айл шиг л байна шүү дээ.Тэр дундаа гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт удаашралтай байна.
БЭТ-ийн үед томилогдсон компанийн удирдлагууд хэний эрх ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа нь надад бол тодорхойгүй байна. Үнэндээ энэ компанийн үйл ажиллагааг уурхай дээр ажиллаж байгаа хэдэн ажилчид л нуруун дээрээ үүрч явна. Түүнээс удирдлага зохион байгуулалт оновчтой болсон зүйл бага харагдаж байна. Товчхондоо хэлбэл, өмнө нь хэсэг бүлэг завшигчид энэ компаниас ашиг хонжоо олдог байсанбол одоо өөр хэсэг бүлэг завшигчид ашиг хонжоо олж байна. Үүнийг засаглал сайжирсэн гэхгүй байх.
-Өмнө нь хэсэг бүлэг завшигчид энэ компаниас ашиг хонжоо олдог байсан бол одоо өөр хэсэг бүлэг завшигчид ашиг хонжоо олж байна гэлээ. Төсвийн хулгайг зогсоох гэж энэ компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон шүү дээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бас нэг чухал үүрэг байсан байх?
-Сүүлийн жишээ ярья. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 онд батлагдсан. Хуулийн гуравдугаар зүйлд үйлчлэх хүрээг заахдаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан, төрийн, улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчийн, хуулийн этгээдийн аль алиных нь санхүүжилтийн эх үүсвэр, мөнгөн зарцуулалт хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу дээр этгээд санхүүгийн сахилга баттай бай гэж үүрэгжүүлжээ. Хэмнэлтийн арга хэмжээнийн үед хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэвэр, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэж монгол хэлээр бичсэн.
Гэтэл энэ хууль, компанийн засаглалын зарчим зөрчигдсөн тохиолдлыг гэрч боллоо. Засгийн газрын тогтоолоор 2022 оны арванхоёрдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК дээр Бүрэн эрхэт төлөөлөгч/БЭТ/-ийг томилсон байна. Энэ албан тушаалтан 18 сар ажилласан байдаг. Энэ хугацаанд цалинд 400 гаруй сая төгрөг авсан. Ингээд 2024 оны тавдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөхөн 2023 оны урамшуулалд ойролцоогоор 250 орчим сая төгрөгийг авсан. Ингээд ажлаа хүлээлгэж өгөөд явсан.
-Хэмнэлтийн хууль хэрэгжиж төрийн байгууллагуудын төсвийг танаад удаж байгаа. Энэ үед ийм өндөр, цалин урамшуулал авах нь зүйд нийцэх үү?
-Энэ дөнгөж эхлэл нь.Албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд хоёр сар гаруй хугацааны дараа дахин урамшуулал авахаар ТУЗ-ийн хуралд асуудал оруулж ирсэн. Ингээд нийт 529.8 сая төгрөгийн урамшууллыг нэмж олгохоор шийдвэрлэчихлээ. Нэгтгээд харвал цалинд 400 гаруй сая төгрөг, урамшуулалд 780 орчим сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг цалин урамшууллыг жил хагас ажиллаад л авч байна. Энэ бол баримжаа тоо. Эндээс дээшээ доошоо хэдэн сая ч байж магадгүй. Дээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг энэ хугацаанд шинээр, өөр хүн томилоогүй бол энэ албан тушаалын цалинг нэмэхээ битгий мартаарай. Ингэхээр төрийн хэмнэлтийн тухай хууль бүтнээрээ зөрчигдсөн явдал болсон. 150 хүүхдийн нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө биш гэж үү?
Жишээ нь, ажилтанд хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээний дагуу урамшуулал олгодог бол удирдах албан тушаалтанд зөвхөн гэрээн дээр тохирсон нөхцөлөөр л урамшуулал олгодог. Гэрээнд тохирогүй л бол хэн дуртай нь ямар ч хамаагүй үндэслэл хэлээд энэ мэтээр хэдэн ч сая, тэрбум төгрөгийг хэнд илүү таалагдмаар байна тэрэндээ олгоод байх боломжтой гэсэн үг болж таарч байна шүү дээ. Хэрэв гэрээ байхгүй бол урамшуулал олгох тухай ойлголт байхгүй. Байх ч ёсгүй гэдгийг удирдах албан тушаал хашиж байгаа хэн ч мэдэж авах хэрэгтэй. Ядаж компанийн засаглалын сургалтанд суух хэрэгтэй.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хянах олон байгууллага байгаа. Аудитын байгууллагын хяналтаар хамгийн түрүүнд орох байх аа?
-Аудитаас 2023 оны аудитыг хийх үед санхүүгийн тайлангийн бичилтэд нэг хүнд ганцааранд нь 200 сая төгрөгөөс дээш төгрөгийн урамшууллын өглөгийн бичилт хийгдээгүй байсан. Компанийн засаглалын зарчмаар, нягтлан бодох бүртгэлийн зарчмаар тухайн оны урамшууллыг санхүүгийн тайландаа тусгасан байх ёстой. Би бол алдаа гэж харж байна. 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар шалгагдах байх.
Энд нэмж хэлэх нэг зүйл бас бий. БЭТ-ийн цалингкомпани 2024 оны дөрөвдүгээр сард нэмж баталсан. 2023 оны урамшууллыг тооцохдоо 2024 оны буюу дараа жилийнх нь нэмэгдсэн цалингаар үржлүүлж олгосон. Энэ явдал ёс зүйд нийцэхгүй. 2024 онд цалин нэмсэн бол тухайн 2024 ондл тэр цалингийн суурийг ашиглах ёстой. Түүнээс өнөөдөр нэмчихээд жилийн өмнө, санхүүгийн тайлан гарчихсан жилийн урамшууллыг нэмсэн дүнгээр олгох зарчим бүү хэл ёс зүйд ч нийцэхгүй биз дээ. Энэ бол төрийн өмчит хамгийн том компанид ёс зүй, санхүүгийн сахилга бат ямар байгааг харуулж байгаа жишээ.
-Тэгвэл Засгийн газрын хяналт ч бас байх ёстой. БЭТ-ийг Засгийн газар томилсон шүү дээ?
-“Засгийн газраас хоёр дахь урамшууллыг олго” гэсэн гэж удирдлагуудад нь мэдэгдсэн. Гэхдээ би эргэлзэж байна. Засгийн газар өөрөө ТӨК-ийн засаглалыг сайжруулна гэж байгаа хэрнээ Төрийн хэмнэлтийн тухай хууль, компанийн засаглалыг зөрчөөд ийм их хэмжээний мөнгийг нэг хүнд олгох үүрэг өгсөн гэж би бодохгүй байна. Өмнө нь бас 250 сая орчим төгрөгийг олгосон байсан гэдгийг огт дурдаагүй, Засгийн газарт мэдэгдээгүй гэдэгт итгэлтэй байна. Засгийн газраас ийм их хэмжээний урамшуулал олго гэсэн тэмдэглэл бидэнд өгөөгүй. Харин толгой компанийн хувьд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-өөр энэ асуудлыг шийдвэрлэ л гэсэн удирдамж өгсөн.
-Ядаж шилэн дансанд бүртгэгдсэн үү?
-Шилэн дансны бүртгэлийг шүүхэд нэг хүнд ийм их хэмжээний урамшуулал олгосон бүртгэл тайлагнал би олсонгүй. Шүүж үзсэн.
Энэ бол Төрийн хэмнэлтийн хууль, санхүүгийн бүртгэл, Шилэн дансны тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна төрийн албан тушаалтнуудын дураараа аашлах Эрүүгийн хуулийн зүйл ангитай хэрэг байж болзошгүй гэж үзэж байна.
-Ажлаа өгөхийн өмнө их хэмжээний урамшуулал тооцуулсан. Ажлаа өгөөд явсны дараа дахин хагас тэрбумаас давсан урамшуулал бодуулжээ. Дураараа аашлах гэмт хэрэг авлигын гэмт хэрэгт багтдаг байх аа. АТГ-т хандаж шалгуулах уу?
-Шалгах эсэх нь тухайн байгууллагын асуудал. Миний бие мэдээллийг ил тод болгож байгаа нь хувьцаат компани, төрийн өмчит компани, 1072 хувьцаа эзэмшиж байгаа 3.4 сая иргэний мэдэх эрхийг хараат бус гишүүний хувьд хангаж байна. Гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн бол нэн даруй мэдэгд гэж хуульд ч байна. Би танай сонингоор дамжуулаад мэдэгдсэн гэсэн үг.
-Одоо ч улс төрийн нөлөөлөл өндөр хэвээр байна гэж та дээр дурьдлаа. Компанийн засаглалыг сайжруулах гол ажил юу гэж харж байна?
-Компанид амаар биш, бодитоор хийх ажил их байна. Уурхай дээр ажилладаг ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн асуудлаас авахуулаад огт шийдэгдээгүй асуудал олон байна. Яагаад гүйцэтгэгч компаниуд нь батлагдсан ТЭЗҮ-д заасан том оврын техник ашигладаггүй, замын засварт ашигладаг ховогоор ажлаа хийж, хөрс эвдлэх, тоосжилт нэмж, байгаль орчны асуудал үүсгээд байгаа юм. Яагаад энэ талаар хэн нь ч судалдаггүй сууж байдаг юм. Яагаад компани ерөнхий эдийн засагчгүй, дуртай нь тоо зохиож бичээд түүнийгээ мөнгөд үржүүлээд батлаад байдаг юм. Шийдэх хэрэгтэй шүү дээ.Энэ компани яаралтай сонгон шалгаруулалт явуулж гүйцэтэх удирдлагаа зөв, зарчимтай, ёс зүйтэй, мэдлэг ур чадвартай хүнийг томилох шаардлагатай байна. Сонгон шалгаруулалт, томилгоог дээрээс заадаг биш компанийн засаглалын зарчмаараа явууулах хэрэгтэй. Тэр хүн нь зах зээл, эдийн засаг, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Дагуулж төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хоёр гол хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд оруулж ирээд хэлэлцэж байна. Энэ чухал үед төрийн өмчит хамгийн том компанийн удирдлага нь засаглалаа сайжруулж, бизнесийн зарчмаар , хуулийн хүрээнд ёс зүйтэй, улс төр, улстөрчдөөс хараат бус байх зарчмаа барих хүн байх хэрэгтэй. Тийм ёс зүйтэй, завшигч сэтгэхүйгүй, нийт хувьцаа эзэмшичдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй чадвартай хүн олны дундаас байгаа шүү дээ. Тухай бүрдээ завшигч баймааргүй байна. Өмнө нь далд хэлбэрээр авлига ашиг сонирхлын зөрчил гардаг байсан бол одоо дураараа аашлах гэмт хэрэг ил явагдаж байна.
-Мэдээллээ ил болгоогүй, тайлагнаагүй юм байна. Тэгвэл ТУЗ-ийн гишүүдэд хурлын проткол, шийдвэр байгаа юу? Тэдгээрийг ил болгож болох уу?
-Эрдэнэс Тавантолгой ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнд ТУЗ-ийн хурлын протоколыг авах боломж олгодоггүй юм байна. Энэ нь өөрөө компанийн засаглалын маш том зөрчил. Нээлттэй, хувьцаат, төрийн өмчит, 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй компанийн хурлын протокол, тэмдэглэл, шийдвэрүүд бүр олон нийтэд ил тод байх ёстой. Гэтэл ил тод байх зарчим алдагдаж байна. Цалингийн эсхүл бизнесийн нууцтай холбоотой мэдээллийг нууж болно. Гэхдээ бусад нь ил байх ёстой, шилэн дансанд мэдээллээ хөтлөөд оруулдаг байх үүрэгтэй. Компани дээр бол энэ баримтууд нь бий.
-Ингэж хэлэх нь танд эрсдэлтэй биш үү. Та жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах л үүрэгтэй хараат бус гишүүн шүү дээ?
-Би цалин авдаг. Тогоон дотор нь ороод хоолыг нь амсахаар амаа үдүүлчихдэг байж болохгүй. Энэ чинь л дараа нь шантажийн нэг хэлбэр болдог. Сүүлийн гурван сарын хугацаанд дотор нь орж ажиллахад сайхан хамт олон угтаж авсан. Би өөрөө санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа хүн. Тийм хэрнээ санхүүгийн гэмт хэрэг байж болзошгүй асуудал гарч ирэхэд дуугүй өнгөрөөвөл өөр хэн дуугарах юм бэ.Эрсдэл гарах тоолонд ил хэлж, судалгаанд оруулж, шинжилж байснаа, одоо дотор нь орлоо гээд надад юм өөрчлөгдөхгүй.Тэгээд ч энэ нууцлалтай мэдээлэл байх үндэслэл хаа ч байхгүй учраас шийдвэр олон нийтэд ил байх ёстой, буруу жишиг гарч байгааг хурал дээрээ ч хэлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН