Энэ удаагийн Залуус буландаа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын ажиллагааны офицер дэслэгч О.Лхагвасамбууг онцолж байна.
Юуны өмнө өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу?
-Би 1998 онд Говь-Алтай аймагт төрсөн. 10 жилийн сургуулиа дүүргээд 2016 оноос ҮБХИС-д ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж, улмаар сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр 2018 онд ХБНГУ-ыг зорьсон. Германд Хуурай замын офицерын сургуульд суралцаж, 2021 онд шүхэр десантын офицер мэргэжлээр төгссөн.
Ихэнх нь л удмаа дагаж, энэ мэргэжлийг өвлөдөг. Тиймдээ ч тэдний хүүхэд насны ой тоонд цэргийн хүн гэх ойлголт нэвт шингэсэн байдаг юм билээ.
Таны хувьд?
-Нүд нээж, энэ хорвоотой танилцсан цагаас ойр дотнынхон, хамаатан садан дотор цэргийн хүн байгаагүй. Ахмад дайчин байсан гэж сонссон юм байна. Тиймээс багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөөгүй. Инженер болох сонирхолтой, аав ээжийн хэлснээр хичээл, номдоо их идэвхтэй хүүхэд байлаа. Үүний хажуугаар бас бөхийн спортоор хичээллэнэ.
ҮБХИС-д суралцаж байхдаа цэргийн нөхөрлөл гэдгийг зах зухаас нь амсаж, бүхнийг л хамтдаа хийдэг болсон. Цаг хугацааны эрхээр албандаа дурлаж явсаар хийсэн сонголтдоо өөрийн мэдэлгүй баярладаг болчихсон байсан. Ингээд хоёр жил суралцаад гадагшаа явж суралцах цонх нээгдсэн юм.
Хэн бүхэнд л гадаадын оронд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшээд эх орондоо ирж ихийг хийж бүтээнэ гэсэн дэврүүн хүсэл тэмүүлэл байдаг шүү дээ. Би сурагч байхдаа бас ингэж боддог л байлаа. Орос, Япон гээд сүүлд ХБНГУ-д суралцах сонгон шалгаруулалтад тэнцэж, бодож явдаг нэг зүйлээ ч болтугай бодит биелэл болгох нь гээд их баярласан.
Тэгвэл өөрийн хүрээлэл, ойр дотнынхноосоо цэргийн хүн болох шанг анх татсан байх нь ээ?
-Аав, ээж хоёр маань зөвлөгөө өгдөг байснаас хэзээ ч ямар нэг мэргэжлийг тулгаж байгаагүй. Жишээлбэл манай аав эмч. Миний хүү эмч болох уу гэж асууснаас заавал эмч бол гэж шахаагүй. Сонголт миний гарт байсан болохоор би цэргийн хүн болсон. Энэ бүхэнд гэр бүл минь үргэлж дэмждэг. Герман руу сургуульд явна гэсэн мэдээг аав, ээж сонсоод цэргийн сургуульд орсноор ийм том боломж нээгдлээ гээд их баярласан. Тэгээд хүний нутагт ихийг сурч мэдээрэй гэж ерөөлөө хайрлаад мордуулж байв. Тэд маань цэргийн баяраар уралдаад л мэнд хүргэнэ шүү дээ.
Ер нь Зэвсэгт хүчинд алба хааж байгаа залууст наад зах нь гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, цаашлаад энхийг сахиулах ажиллагаанд оролцох, төрөл бүрийн сургууль, соёлд хамрагдах гээд тоочоод байвал олон боломж нээлттэй байдаг.
Суралцахаас гадна тухайн оронтой хэр сайн танилцсан бэ?
-Би Германд очоод хэлний бэлтгэл, анхан шатны дамжаанд хамрагдаад, офицерын сургуульдаа суралцсан. Сургалтын үе шатуудаас хамаараад дадлага хийхдээ өөр сургуулиуд, олон газраар дамждаг юм билээ. Энэ хүрээнд жилдээ 2-3 удаа нүүдэл хийнэ. 3 эсвэл 6 сар гээд янз бүрийн хугацаанд цэргийн ангиудтай танилцаж, дадлага хийдэг. Олон хүний арга барил, ур чадвараас суралцана. Энэ бүхэн цэргийн хүн болох замыг минь бага багаар зассаар байсан гэж боддог.
Герман Улс нь мэргэжлийн цэрэгтэй. Цэрэгт татах дайчилгааны хууль байдаггүй болохоор заавал цэргийн алба хаана гэхгүй. Хэрвээ Зэвсэгт хүчинд алба хаахаар бол гэрээт цэрэг болж, тодорхой хугацаанд хэрэгжих гэрээ хийдэг. Мөн офицер болно гэвэл 13-25 жилийн гэрээ байгуулна. Офицерууд 13 жилээсээ 7 жилийг нь цэргийн сургуульд сурч, үлдсэн 5 жилийг нь ангид ажиллаж дуусгана.
Дараа нь мэргэжлийн цэрэг болох боломжтой. Тогтвор суурьшилтай олон жил ажилласан гэрээт цэргүүд ч бас мэргэжлийн цэрэг болох хүсэлтээ өгөөд, шийдвэрлүүлж болдог. Энэ хүрээнд Зэвсэгт хүчнийх нь хэмжээнд жилд нэг удаа тодорхой эрх бүхий албан тушаалтнууд хэлэлцүүлэг явуулж, тухайн цэргийн алба хаагч мэргэжлийн цэрэг болох үгүйг нь шийддэг. Ярилцлага авч, намтартай нь танилцана. Хэрэг зөрчилд холбогдолгүй эсэхийг нягтлаад, ажил албаны үнэлгээтэй нь бас танилцдаг буюу олон талаас нь нухацтай авч үздэг. Тиймээс өндөр ёс зүйтэй бэлтгэгдсэн, шилдгүүд нь мэргэжлийн цэрэг болдог гэсэн үг.
Дан ганц цэргийн анги гэлтгүй олон газраар явдаг учраас нийгмийн байдал, хүмүүсийн аж амьдрал, боловсрол, ёс суртахуун, соёл, улс орны хөгжил гээд их л олон зүйлийг анзаарсан. Ингэхдээ манай улс юунаас нь суралцаж, аль туршлагыг нь нэвтрүүлэх вэ гээд л сониуч нүдээр хараад эхэлдэг юм байна лээ.
Герман хүн цаг сайн барьдаг гэж ярьцгаадаг. Энэ соёл цэргийн албанд нь бүр ч илүү тусдаг уу?
-Тийм ээ. Энэ бол Германд маш сайн тогтсон соёл. Энгийн газар, цэргийн байгууллага гээд хаана ч явсан ямагт мөрдөгддөг. Германчууд өөрсдөө бид бусад улсуудын яриад байдаг шиг тийм ч сүртэй цаг бариад байдаг хүмүүс биш л гэдэг. Ингэж даруухан загнадаг ч гаднын нүдээр харахад үнэхээр л цагийг яс барьдаг.
Сургуулиа төгсөөд энэ ангидаа хуваарилагдана гэсэн хүлээлт байсан уу? Бас нутаг буцахад герман багш нар юуг чухалчлан захиж байв?
-Шүхэр десантын офицер мэргэжлээр төгссөн болохоор тийм хүлээлт өндөр байсан. Германд өмнө сурч төгссөн ах нар ч бас надад тэгж зөвлөсөн. Тэгээд яг л бодсоноор минь болж, 2022 оны 1 дүгээр сард ЗХЖШ-ын даргын тушаалаар салааны захирагч, бүлгийн даргаар томилогдсон. Анх ирснээ бодвол ажилдаа нэлээд дадлагажсан. Ангийн удирдлага, ялангуяа олон жил ажилласан офицер, ахлагч, ажилтнууд шинэ, залуу боловсон хүчнээ халуун дотноор хүлээж аваад, боломжоороо дэмжиж ажилладагт нь баярладаг.
Нэг зүйлийг хэлэхэд Германд сурч байхад багш маань болох нэг дэд хурандаа хэлж байсан юм. Та нутагтаа очоод өөрийн Зэвсэгт хүчинд ямар байдаг, юуг яаж хэрхэн хийдгийг нь сурч мэдээд, дараа нь энд сурсан эрдмээ харьцуулаарай. Германд ингэдэг гээд шууд өөрийнхөөрөө зүтгэж болохгүй, дүн шинжилгээ хийгээд авахыг нь авч хэрэгжүүлээрэй гэж захиж билээ. Үүнийг үнэтэй зөвлөгөө гэж ойлгодог, энэ зарчмыг ч барьж ажилладаг. Эхний ээлжид ангийнхаа үүрэг, онцлогтой сайн танилцаж, хийдэг дадлага сургуулиудыг нь гүйцэтгэж хэвшсэн. Харин одоо энэ дадлага сургуулилтыг, төстэй гэмээр дасгалуудыг Германд хэрхэн хийдэг, ямар туршлагыг нэвтрүүлбэл илүү дэвшилттэй, хөнгөн байх вэ гэдгийг бодолцдог болсон.
Анх шүхрээр буух үеийн тэр мэдрэмж ямар вэ? Зориг, айдас хосолдог уу?
-Германы шүхрийн курс ч гэсэн манайхтай адил бие бялдрын бэлтгэлжилт, сахилга бат, өндөр зохион байгуулалттай. Бэлтгэл сургалтыг чамбай явуулдаг. Шүхэр гэдэг тоглоом биш гэж манай зааварлагч нар үргэлж сануулдаг байсан. Алдаа гаргавал хүний амь нас яригдах тул их өндөр шалгуур тавьдаг. Анги, байгууллага, зааварлагч нарын хувьд биеийн бэлтгэл, шүхэртэй ажиллах арга аргачлалыг булчингийн санах ойд нь санагдахаар маш сайн заана.
Анх шүхрээр буусан мэдрэмж, үсрэлт мэдээж айдастай. Хүн бүр л шүхрээр буухдаа багахан ч гэсэн айдас мэдэрдэг. Айдсаа дагаад болгоомжлол, аюулгүй байдлаа хангадаг. Монголдоо, Германд ч шүхрээр олон удаа бууж үзсэн. Хамгийн гоё мэдрэмж нь үсрэлт хийгээд, дараа нь шүхэр задрах тэр үе. Холоос харахад цэнхэрлэн үзэгдэх тэнгэр, ногоон тал хоорондоо захгүй нийлсэн мэт тун ч гоё. Үүнийг л тод сайн санадаг юм.
Бөхийн спортоор хичээллэдэг талаар дэлгэрүүлж ярилцъя.
Тамирчин хүний мөн чанар ч бас албандаа амжилт гаргахад нөлөөлдөг байх. Тийм үү ?
-Дунд ангиасаа чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Ерөнхийдөө Герман руу явснаар хичээллэхээ больсон. Гэхдээ дээр хэлсэнчлэн спортын суурь тавигдсан гэж боддог. Аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцдог байлаа. Хүн ямарваа нэг зүйлийг сурчихад амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Бидний сургалт бэлтгэлийн салшгүй нэг хэсэг нь мэдээж биеийн тамир. Нэр алдраа цуурайтуулсан мундаг тамирчин болоогүй ч тамирчин хүний тэсвэр хатуужил, спортын суурь маань цэргийн хүн болоход нэлээд түлхэц өгсөн.
Германд суралцахаар явахад чамайг О.Лхагвасамбуу гэхгүй, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч гэж хардаг шүү хэмээн олон хүн захисан. Тиймээс бие бялдрын бэлтгэл, ур чадвар шаардсан үед тамирчин байсны минь ашиг тус гардаг л байлаа. Дан ганц биеийн тамир гэхгүй бусад үед ч тууштай байж, багш даргын нэг үгийг ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихгүй юм сан гэж их хичээсэн.
Сүүлийн жилүүдэд оюун санааны түүчээ, эрүүл нийгмийн хөрс нь байгаасай гэж залуусаас хүсдэг болж. Зэвсэгт хүчний хувьд ч энэ эрэлтэд нийцүүлэн 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгосон. Харин манлайлал гэдэг таныхаар чухам юуны тухай ойлголт вэ?
-Цэргийнхний дунд манлайлагч гэж хардаг хүн олон. Тэдний зан төлөв, нийтлэг байдал нь ажилдаа хариуцлагатай, албандаа сэтгэлтэй, ур чадвартай байхаас гадна өндөр ёс зүйтэй байдаг. Бас гэр бүл, найз нөхдийн хүрээнд, нийгмийн байр суурь зэргийг нь бодоход ч үүргээ сайн гүйцэтгээд л, үеийн залуустаа үлгэрлээд л явж байх жишээтэй.
Нэг дарга үүрэг өглөө гэхэд тэрийг өөртөө эсвэл өөр хэн нэгэнд тааруулалгүйгээр үүнийг илүү олон хүнд ашиг тустайгаар хэрхэн хийх гэж вэ боддог байх нь чухал. Ажлыг том жижиг гэж ялгалгүй сэтгэлтэй хандах нь хувь хүний том төлөвшил. Ийм хандлагатай хүмүүс бусдыгаа ч уриалан дууддаг. Манлайлал гэдэг нэг талаараа хамтаараа хөдөлмөрлөж, хөгжихийн үндэс суурь. Дарга яв гэж хэлдэг бол манлайлагч явцгаая гэж уриалдаг. Тэр замаар ганцаараа л туучаад байх биш бусдадаа ч амжилтын үүд, хаалгыг нь нээж өгдөг хүнийг манлайлагч гэх байх. Нэг хүний сайн, муу үг үйлдэл бусдын ажил, амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг л бодолцох ёстой юм билээ.
Бидний тайван цагийн үүрэг бол сургалт бэлтгэл. Мэргэжлийн цомхон бүрэлдэхүүнд энэ бүр ч их чухал. Гол зорилго нь мэдээж энэ. Мөн улс орны аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй манай салбарын залуус нийгмийн тусгал, толь болж явах нь чухал. Тиймээс бид ёс зүй, хандлага, оюун санаа, сургалт бэлтгэлээрээ манлайлж, нийгэмд өөрсдийн байр суурийг илүү бататгах хэрэгтэй. Тэгж байж биднийг хамгаалж чадахаар бэлтгэгдсэн залуус байдаг гэсэн итгэл иргэдэд улам их төрөх байх.
Таны цаашдын зорилго юу вэ?
-Тус тусынхаа ажлыг чанартай хийдэг байх нь алсдаа бидэнд хэрэгтэй. Зэвсэгт хүчинд маань бүр ч их. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй том ажилтай ганцаараа зууралдаж байснаас олуулаа хамтраад жижиг ажлуудыг чанартай гүйцэтгэчихвэл тэр бодит амжилт юм.
Намайг хорь гаруй жилийн хөдөлмөр хүлээж байна. Энэ хугацаанд өөрт байгаа нөөцөө шавхаж, Зэвсэгт хүчиндээ ямар нэгэн жижиг ч болтугай үлдэцтэй ажил хийхийг хүсдэг. Тэтгэвэр, чөлөөнд гарлаа гэхэд л үлдээсэн ажил маань намайг сануулж, миний өмнөөс ярьж байвал түүн шиг сайхан зүйл үгүй. Мэдээж тэр нь цаг үеэ дагасан, технологийн шийдлийг ашигласан инновацилаг ажил байх болно. Зэвсэгт хүчин хэдий чинээ хөгжинө улсын хөгжилд ч том хувь нэмрээ оруулна гэсэн үг. Тиймээс бид нэг ёсондоо эх орондоо гэсэн сэтгэлээр аливааг хийж бүтээх ёстой.
Манай үеийнхэнд нэг онцлог бий. Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс дижитал технологитой харьцангуй ойр, утас компьютерын хэрэглээг хэнээр ч заалгалгүй сурчихна. Яриад байгаа GEN-Z үеийнхэн өөрсдийн гэсэн Ноу хау-г бий болгоод эхэлчихлээ. Код бичихийг зөвхөн их, дээд сургуульд заадаг байсан бол одоо багаасаа л сурдаг болчхож. Холын мэт санагддаг байсан технологийн хөгжүүлэлтийг бид хийдэг болсон.
Хөдөлмөрийн зах зээл 2000-аад оныхноор хүрээгээ тэлж байна. Зэвсэгт хүчний шинэ зууны хөгжилд эдгээр залуусын бүтээлч задгай сэтгэлгээ, ур чадвар, мэдлэг маш их хэрэгтэй. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах нь чухал.
Эх Сурвалж: Соёмбо сонин
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1