Монголд улс төржилтийг нийгмийг өвчлүүлэх, солиорол хэнээрхэлд автуулах хэрэгсэл болгож ашиглаад сурсан тодорхой бүлэг хүчээ аван оюун санааг хордуулах хачин жигтэй үзэгдлүүдийг улам дэвэргэж байна. Үүний гайгаар төрийн түшмэдүүдийн оролцсон тодорхой гэмт хэргүүд авлигалын аалзны тор улам бэхжиж байна уу. Эрх баригчдын өөрсдөө сөхөж гаргаж ирээд сүр дуулиантай зарлан тэмцэхээ мэдэгдэж, шалгаж байна гэх үгээр сунжирдаг олон хэрэг ор тас мартагдан замхардаг нь явсаар эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь үүр оромжинд тулж ирдэг учраас тэр болов.
Авлигын хэрэг ашигтай бизнесийн хэлбэрт шилжиж ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож халамжинд хавчигдаж, дарангуйлалд дарагдаж байгаа нь нууц бишийг бүгд мэддэг. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөг боомилдог хар мананг ярж гэгээ гаргах нь бүү хэл харин ч түмний улс төрийн эрх чөлөөг хуулиар булаан авч орон зайг бусниулан устгах хандлага ажиглагдаад эхэлсэн нь улсын тусгаар тогтнолын баганыг ховх татахаар улайрахтай агаар нэг боллоо.
Ард түмний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг Улсын Их Хуралын гишүүд сайд дарга нар дээрэмдэн, төрийн эрх мэдлийг схемчлэн наймаалдаг, улсын баялгийг цөөхөн баячууд төрийн томчууд үгсэн хуйвалдаж хулгайлж цулайдаг, хөгжлийн бүтээн байгуулалт хэрэгцээтэй хөрөнгийг хувьдаа цөлмөн зээлээ төлөхгүй гүрийдэг өлөн нь дэндсэн олон улс төрчдийн багагүй гайгаар эх орноосоо дүрвэхийг, элгэн саднаа үзэн ядахыг, нийтээрээ доройтохыг хэзээ ч хүсээгүй монголчууд сайн цагийн эхэнд саар муухайн хар хөшгинд нүдээ таглуулж гараа хумхин сууцгаасаар.
Төр системээрээ шударга ёс, хууль дүрмийг юман чинээнд тоодоггүй хэсэгхэн идээ бээртэй муу муухайгаа шахаж цэвэршихгүйгээр сайн сайхан үнэн зөвийг мөрөөдөөд нэмэргүй бололтой. Наад зах нь шүүхийн шинэчлэл, шүүгч нарын хараат бус байдал, тэдний ажилдаа хандах хандлагыг улс сууриар нь, уг үндсээр нь ширхэгчлэн шалгах засаж залруулах шинэчлэх сайжруулах үүрэг төрийн өмнө бус ард түмний өмнө үүддэг бурангуй цаг ирсэн бололтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1