/Ордост аялсан тэмдэглэл-2/
Вулан зочид буудлын өглөөний цай. Тоо томшгүй олон төрлийн зууш, англи өглөөний цай, өөрөө дуртай орцоороо найруулж болох салат, хулууны, вандуйны, мөөгний зутан болон тунгалаг шөлнүүд татмал гурилтайгаа, төрөл бүрийн жимсний шүүс, халуун цай, кофе, зүсэн зүйлийн жимс, бялуу, амттанаас гадна зочид буудал болгонд зэс тогоо дүүрэн сүүтэй цай, хуурсан амуу будаа, шар тос, өрөм, хайрсан жижиг боорцог өглөөний цайнд заавал байх юм. Монгол үндэстний уугуул нутгийн нэгэнд ирснийг сануулж байгаа эхний сануулга гэлтэй.
Эх орноосоо гараад хоёрхон хоносон ч бид томхон аяга олж аваад сүүтэй цай руу уулга алдан дайрцгааж, аяганыхаа ёроолд хуурсан шар будаа, өрөм, боорцог хийгээд тогоотой цайнаас зэс шанагаар хутган аягаллаа. Яг энэ үед монгол хүний царайг харсан бол бүүр нэг сэтгэл ханасан амгалан нүд, бүхнийг умартсан тайван төрх.
Бага зэрэг богшсон ч юм уу гэмээр сүүтэй цайг харин хуурай биш шингэн сүүгээр сүлжээ. Амт нь тийм ч гойд биш боловч шар будаа, өрөм, боорцогтой хоршихоороо өөлөх юун. Сүүтэй цайндаа шар тос боорцог хөвүүлэн, шар тосыг нь үлээж үргээгээд таатайхан оочилж байхдаа өнөөдрийн төлөвлөгөөгөө ярьцгаав. Харин кофе нь тийм ч гайхалтай сайхан биш, зүгээр л уух хүсэлтэй бол ууг гэсэн сонголт шиг. Гэхдээ муу биш ээ, надад бол таарсан зөөлхөн, гашуунгүй. Өнөөдрийнхөө ажлынх төлөвлөгөөг бодохоор аяга кофе илүүдэхгүй мэт санагдав. Нэг аяга чихэргүй американод халбага шар тос хийгээд хүртчих нь урьд шөнө нэг л тухгүйтэн нойр муутай хоносон надад сэргээш болов. Таван одтой буудлын зөөлөн тухлаг ор дэр байсан ч төдийлөн сайхан амарч чадаагүй нь тэвэрч үнэрлэж, тайвширч унтдаг энэ ертөнцийн хамгийн сайхан залууг санаснаас болсон биз ээ.
Гарьд маань өглөөний цайн дээр ороод ирлээ. Бид хамтдаа цайлж дуусаад түүний гялтагнасан хар бензэнд сууж Чингис хааны онгоныг зорилоо. Бидний буудалласан Эзэн хороо хошууны Вулан зочид буудлаас тахилгын газар хүртэл 30-аад км. Ордос аймгийн нийслэл Канбаши хот, Эзэн хороо хошуу хоёр нэг л голоор тусгаарлагджээ. БНХАУ саяхан засаг захиргааны шинэ хуваарь хийж Өвөр Монголын аймгуудыг Хятадын хотын статустай болгожээ. Үүнээс гуравхан аймаг үлдсэний нэг нь Ордос.
Гэхдээ… Өвөр Монгол нь өөртөө засах улсын статустай, түүн дотроо Ордос аймаг, Ордос дотроо сум, хошуудтай байсан бол одоо Ордос мэт аймгууд БНХАУ-ын хотын статустай болж, хотуудыг өөрөөр нэрлэж эхэлжээ. Зөөлхнөөр, аажмаар, зогсолтгүй…
Канбаши бол Хиа багши гэсэн үг. Манжийн дараах үеийн тэр хавьдаа нэртэй нэгэн багшийн нэрийг үүдэн саяхнаас энэ хотыг ийн нэрийджээ. Тэр чигтээ ногоон мод, зүлэг, бутаар хүрээлэгдсэн гайхалтай амгалан тайван, цэвэр цэмцгэр, үзэсгэлэн төгөлдөр шинэхэн хотоор явахад аль нь Канбаши, аль нь Эзэн хошуу юм бүү мэд, бидэнд тэр нь ерөөсөө ч чухал биш. Хатан голын эрэг дагуух энэ хотыг арван хэдхэн жилийн дотор танигдахгүй болж төрөл арилжтал өөрчилжээ. 14 жилийн өмнө Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчидтэй энд ирж байсан миний нөхөр А.Баатархуяг лав энэ хотоо таньсангүй. “Юу вээ, энэ чинь одоо! Намайг 14 жилийн өмнө ирэхэд зүгээр л элсэн цөл байсан шүү дээ!…” гээд толгой сэгсэрч байна. Би “Төртэй улс гэж ийм байдаг юм! Монгол төргүй байна шүү дээ…!” Ингэж хэлэхээр л Хуягаа намайг шоолно. Ордосын хурдацтай хөгжлийн тухай шагшин магтсан яриа бидний дунд гарах бүрт би дээрх үгийг хэлсээр байгаад сүүлдээ манай хүн миний хэзээ энэ үгээ хэлэхийг бүүр мэддэг болчихсон, байсгээд миний өмнөөс түрүүлэн хэлж эхнэрээрээ наадна.
Ордос хотыг нүүрсний мөнгөөр босгожээ. 50 гаруй нэр төрлийн ашигт малтмалын уурхайтай, тэр тусмаа нүүрсний нөөц арвин. Дэлхийн нүүрсний нөөцийн 1/6 нь Ордост байдаг гэх. Монгол ч бас сайн чанарын коксжсон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т орно.
Ордосын гол бизнес нүүрс. Мэдээж хүн л байгаа юм хойно хулуух хулгайлах юм гарна аа. “Нэгэнтээ манай засаг гурав хоногийн хугацаанд нүүрснээс олж нуусан мөнгөө ил гаргах гурав хоногийн өршөөл зарласан. Энэ 3 хоногт 40 дүнчүүр зоос орж ирсэн шүү” гэж Гарьд сонирхууллаа. 3 хоногт 4 тэрбум юань гэсэн үг.
Хүний нүүрсчдийн юу бүтээснийг хараад өөрийн нүүрсчдээ бодохоор арай л гомдмоор…
Хиймэл нуур хэд хэдийг үүсгэж, эрэг дагуу нь гоёмсог цэцэрлэгт хүрээлэн үүсгэжээ. Хэрэв оройн Канбашид голын эргээр зугаалж дууны аясаар бүжих усан оргилуурыг харах юм бол өөрийн эрхгүй дуун алдаж дагаж найган бүжмээр болно.
Нэг урсгал нь гурван эгнээ арчсан толь мэт өргөн замуудаар нь зорчих машин олонгүй. Бужигналдаж чихэлдэж, яаран зөрөлдөн алхаж, дуут дохио хангинуулахгүй амгалан тайван хот. Дэлхийн хүн амын долооны нэг нь амьдардаг энэ улсын нөгөө шоргоолж шиг бужигнасан олон хааччихаа вэ гэмээр эль хульдуухан.
Хүн амыг нь тоолбол бараг л Улаанбаатартай адил боловч сийрэг, намуухан. Замын хажуугаар тасралтгүй ярайх өтгөн саглагар модод, өнгө өнгийн цэцгийн мандлууд, явган хүний өргөн зам, гүйлтийн зам, дугуйн зам, амралтын сандал, гайхам сайхан цэцэрлэгүүд, усан оргилуур, хөшөө дурсгал, сонин чамин хийц загвартай барилга байшингууд, сэтгэл татам цэвэр цэмцгэр. Ерөөсөө л тэр чигээрээ амар амгалан диваажин, хүний сайн сайханд л зориулан бүтээгдсэн амралтын газар ч гэж болохоор. Орчин үеийн хот, гэхдээ МОНГОЛ хот. Монгол гэдгийг энд биш тэнд очиж мэдэрмээр ч юм шиг. Замын хажуугийн гэрлэн дохионууд монгол гэр, эсвэл морин хуурын хэлбэртэй, байшингуудын дээвэр мөн л монгол гэрийг, эсвэл малгайг санагдуулна. Зоогийн газар, айл, албан газар… хаана ч орсон Их Эзэн хааны хөрөг хойморт заларна. Зочид буудлын өрөөнүүд монгол гэр, ханын монументал чимэглэл нь Их эзэн хааны төрөхөөс эхлээд Их Монгол улсыг байгуулсан хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн уран зураг.
Морины хөшөө хаа сайгүй. Эзэн хорооны төрийн засаг захиргааны ордны өмнөх цэлгэр талбайд дөрвөн том монументал хөшөө босгожээ.
Эв нэгдлийн сургааль- Алунгоо эхийн таван сумын домог, Ертөнцийг эзэлсэн аугаа их Чингис хаан төрсөн болон бага нас, Боорчитойгоо андлалцсан нөхөрлөлийг дүрсэлсэн, мөн зоригт баатар жанжидтайгаа ертөнцийн дайдыг эзэлсэн идэр нас, Эзэн Чингис хаан Шихихутаг, Чанчун бумба, Елүй Чуцай зэрэг их мэргэдийн хамт. Аугаа их түүхийг бахархан бахдам сүрлэг, сүрдэм баримлууд. Сэтгэл огшихгүй байхын аргагүй монголчуудын түүх. Урдхан талд нь өөд өөдөөсөө цойлон тэмүүлсэн эр хоёр загалын сүрлэг хөшөө…
Морь, морин хуур, монгол гэрийг энэ хотын юухан хээхнээс харж болно. Гэрлийн бүрхүүл, ханын гэрэл, хотын чимэглэл, сандал, хөшөө, зоогийн газрын элдэв гоёлоос…
Шөнийн Канбаши, Эзэн хорооны үзэсгэлэнтэйг яана. Түм түжигнэж бум бужигнасан Америк, Европын хотын гудамжинд үдшийн бүрий татаж гэрлэн чимэглэлээ асаахад ер бусын шуугиантай, хөгжөөнтэй, орхиод орондоо орчихож боломгүй сэтгэл татам шөнийн амьдрал нь эхэлдэгсэн. Гэтэл ер бусын амгалан шөнө гэдэг бас ийм сэтгэл хөдлөм сайхан байдаг юмсанжээ. Шуугиант Европын гудамжинд хэн нэгэнтэй цагийг өнгөрөөмөөр байдаг бол энд ганцаархнаа алхаж цэнгэл таашаал эдэлмээр ч юм шиг. Монгол Улс, манай нийслэл л ийм байх ёстой байсийм! гэж адган уурсан давчидмаар.
Гэхдээ…
Гэхдээ яагаад ч юм тэр бүх сүрлэг хөшөө, гоо үзэсгэлэн, цэвэр цэмцгэр байдал нэг л худлаа, хиймэл, амьгүй дүрснүүд санагдаад байв… Өнгөц нүдээр харвал биширч бахдам тэр “хөгжил” яагаад ийм сэтгэл татах амь үгүй юм бол оо. Асар их хөрөнгө, мөнгө, хөдөлмөр бас бодлого, алсын хараа шингэсэн нь илт. Гэтэл яагаад миний сэтгэлийг тэгтэл хөвсөлзүүлэн татахгүй байна вэ?!
Би өөрөө ч сайн мэдсэнгүй. Хотын гудамжаар нь цагаан оймстой явсан ч хиртэхээргүй тэр гоо үзэмж, цэвэр цэмцгэр байдал, хаашаа ч харсан хараа булаам өнгө үзэмж нэг л амьд биш, бүр цэвдэг ч юм шиг. Яагаадыг би өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй байв…
Хэрэв гаднын хэн нэгэн зочин Монголд ирвэл “Аан, Монгол гэдэг чинь энэ юм байна” гэж гайхаж бишрэм юу ч байхгүй. Шороотой, утаатай, бохир, бас түгжрээтэй, бухимдалтай… Гэхдээ энд, Монголд хиймэл юм үгүй, бүгд яг л буй байгаагаараа оршино. Их Эзэн хааны төрсөн газар нь нар салхиндаа гандан, хураар угаагдан байна, Онон мөрөн байгалаараа, байгаагаараа мяралзана, хэдэн мянганы өмнөх хөшөө дурсгалууд, буган чулуун хөшөөд хөдөөд нар салхинаас өөр тоох зүйлгүй хөсөр хэвтэнэ. Айлын зуслангийн гадаах чулуун хиргэсүүр дээр угаасан цамц, оймс дэлгээтэй байх ба ишиг хурга сэжлэн тоглоно. Энд адган адган асар их мөнгөөр түүхийг бүтээх гэж хичээж, бүтээж босгож, байгуулж байхад алхай залхуу миний эх оронд түүх нь буйгаараа тайван амгалан оршино, хэн ч сандаахгүй, хэн ч булаахгүй, хэн ч маргахгүй, эзэд нь ч тоохгүй… Төрсөн газар нь, байгуулсан голомт нь, бүтээсэн түүх нь амгалан оршиж үлдээсэн үрс нь бужигнан амьдарч байна. Эх орон минь ямар сэтгэл татам юм бээ…
Тэнд хиймэл, харин энд амьд. Бид буйгаараа, ямар ч хиймэлгүй оршиж байна. Энэ сэтгэл татам үнэн нь хамгийн сайхан биш гэж үү?!…
Өөрт заяагаагүйг бий болгох гэж түдэхийн зовлонг хэн ч атаархам буй баялгаа үл огоорон ядуу амьдрахын зовлонтой харьцуулж нэг үзэв. Гарьдын бенз машины арын суудлын цонхоор харангаа дотроо ингэж бодож өөрийгөө баясган, бахархан, инээвхийллээ. Сэтгэл тэнийгээд нэг л сайхан уужирчих шиг. Бидэнд БАЙГАА юм чинь яах вэ дээ, өнөө биш ч маргааш гоё болно! Тэр ойлгомжтой!
Урд толиндоо намайг ажигласан Гарьд:
-Бэргэн яагаав?
-Зүгээр ээ…
-Инээснийг асуу гэдэг?
-Сайхан санагдаад.
-Бэргэнд юу сайхан санагдав?
– …
Би хэлмээргүй байв. Гарьд манай хотын сайхныг биширсэн гэж бодсон уу, эсвэл юу гэж таамагласныг мэдэхгүй над руу хэсэг гайхан харснаа дахин асуусангүй. Ямар ч байсан би энэ удаа гайхам сайхан бодлоо өөртөө л хадгалмаар байв.
Хааны онгонд ирлээ. Хааш хаашаа лав 5 км уужим сайхан хөндийг Их хааны тахилгад зориулжээ. Тэртээ урд хоёр томоо багана харагдана. Дээр нь хоёр загал морины сүрлэг хөшөө байгаа гэнэ. Хөшөөнөөс тахилгын газрын үүд хүртэл лав хоёр км орчим өргөн чөлөөнд нэг урсгал нь гурван эгнээ байхаар хоёр урсгалтай машины зам,түүний хоёр талаар явган зам, явган замын хоёр талаар битүү зүлэг, модоор чимэглэн зассан нь үзэмж төгөлдөр.
Уужим саруул машины зогсоолд машинаа тавиад явган хүнийг сумаар чиглүүлэн заасан замаар явсаар “Жуулчдын төв” гэсэн хаягтай онгон руу орох үүдний хэсэгт очлоо. Шил толь, гял цал болсон уужим саруул танхимын баруун урд буланд монгол дээл өмссөн хоёр бүсгүй үүдний хамгаалалтын дохиотой хаалганы дэргэд зогсоно. Гарьд нэгэнтэй нь танимхайран мэндэлж хятадаар хэд гурван үг сольсноо биднийг дагуулан дотогш орлоо. Нөгөө бүсгүй “Гадаадын иргэн тал үнээр нь орох ёстой шүү дээ” гэж сулхан хэлэхдээ Гарьд руу инээмсэглэж байна. Гарьд “Эд нар чинь бүр монголчууд шүү, мөнгө нэхэж болкүэ” гэж наргиад “За орцгоо, орцгоо” гээд шууд дагуулан орлоо. Бүсгүй инээмсэглэн гар даллаад үлдэв. Гарьд “Маргааш та нар хажуугаар нь монголоор яриад зүгээр ор оо, паспортоо үзүүлж бүр болкүэ” гэж зөвлөв.
-Уг нь хааныхаа онгонд нэг удаа ирж байгаа юм, мөнгөө төлөөд л орох байж уу…
– Та нар монгол хүн юм чинь бүр зүгээр ээ. Энд монгол хүн бүр мөнгөгүй орох ёстой шүү… гэж Гарьд зөвтгөнө.
– Дотор ороод хандиваа өргөчихнө дөө… гэж ярилцсаар цааш нэвтэрч уудам талбайд гарч ирлээ.
Таван орцтой, орц болгоны дээр хятад маягийн нүсэр дээвэртэй, голын орцны дээр алтадмал үсгээр “Чингис хааны онгон” гэж монгол бичгээр болон ханзаар бичсэн орох хаалганы наана өргөн гэгчийн шат байна. Шатны наана түүний энгээр улаан зөөлөн шалавчийг уртаас урт үргэлжлүүлэн дэвсжээ.
Өнөөдөр тахилгын өдөр биш тул хөл хөдөлгөөн бага. Их хаалгаар ормогц Аугаа их Чингис хааны сүрлэг морьт хөшөө угтана. Тэр хөшөөг харсан хэн ч сүрэнд нь дарагдаж бишрэн сөгдмөөр. “Энэ ямар гайхалтай хөшөө вэ, хэн хийгээ вэ, лав хятад хүн ингэж хийхгүй. Энэ яг л монгол төрх байна даа…” гэж ар араас нь угсруулбал манай хүн “Болд гэдэг монгол барималчийн бүтээл” гэхдээ над руу харах сөхөөгүй хөшөөнөөс нүд салгалгүй харж байлаа. Азаа эгч 2016 оноос хойш тахилгад тасралтгүй оролцож байгаа туршлагатай хүн гэсэндээ арай сөхөөтэй эндэх тэндхийг тайлбарлан ярьж байна. Харин бид хоёр тэр сүрлэг хөшөөг бишрэхэд хоёр нүд хүрэлцэхгүй явлаа.
-Алив, ойртчихоор хөшөөгөө олигтой харуулж болохгүй болчихно, хол байхдаа хөшөөгөө бүтнээр нь оруулж зургаа авахуулцгаая гээд би утсаа гаргалаа. Хуягаа:
-Алив, намайг яг хааны өлмий доор оруулаад дараад өгөөрэй!
-Жаахан баруун тийшээ, арай хэтэрчихлээ, ай даа одоо битгий хөдлөөрэй…
Дөхөж очоод нэгд нэггүй ажиглан саатав. Хөшөөний нүүрэн хэсэгт алтан шармал дугуй дотор “Эзэн Чингис хаан” гэж монгол бичгээр бичжээ. Суурийг тасралтгүй өлзий хээгээр шармалдан хүрээлсэн нь зохимжтой. Суурийн цул гантиг чулуу гурван хэсэг байх агаад тэдгээрийг дотор талдаа хааны сэлмээр холбосон байна. Таран сарнисан монголчууд Их хааныхаа өлмий дор нэгдэхийг бэлгэдсэн гэж Азаа эгч тайлбарлалаа. Гантиг чулуунуудын дотор болон гадна монгол бичгээр Нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товчоос эшлэж монгол бичгээр бичжээ.
“Өл буга өтөглөлтэй
Өөлжин шувуу өндөглөлтэй
Эвдэрхүй төр дор хургалалтай
Үдэх хүмүн амралтай”
Их хааны хөшөөний зүүн талд ийн бичжээ.
“Эвдэрвээс зөвхөн төрийн дор нэгдэн хуралтай…” гэж хамгийн таалагдсан мөрөө амандаа өөрийнхөөрөө давтан хэлээд хааныхаа өлмий дор сөгдөн алга дэлгэн мөргөлөө.
Цойлон янцгаах аргамаг хүлэг дээр цулбуураа бат атган яг суух хааны төрх ялан дийлсэн ч санааширав уу гэмээр. Яг л амьд мэт ээ…
Хааны хөшөөнөөс цааш тахилын сүм нэлээд зайтай харагдана. Тус тусдаа есөн гишгүүртэй есөн үет шат буюу 81 гишгүүрийг дамжиж хааны онгонд очино. Сүмийн зүүн урд талаар Алтан гандирын овоо, түүнээс хойшоо зулсан 12 харуул овоо, түүний зүүн талд Алтан гадас байна. “Чингис хааны дурсган босгосон овоог өндөр довын оройд хад чулуу шороо овоолон бургас мод хатган хадаг далбаа өлгөдөг. Жил болгоны билгийн улирлын 5 сарын 13-нд овоог тахидаг…” гэж монгол бичгээр бичсэн тайлбартай чулууг овооноос нэлээд урд байрлуулжээ. Овооны чанх урд талд арц хүж уугиулах асар том сангийн бойпор, зул өргөх гантиг чулуун тавцангаас гадна мөргөхдөө сөхрөхөд зориулсан зөөлөвчтэй чулуун тавцан засжээ. Овооны хүрээний дээд хэсгийг тойруулан эмжсэн нарийн төмөр хоолойд битүү хадаг уяжээ.
Азаа эгч Хуягаад хандан:
-Хадаг уяад байгаа юм даа, шарын шашин хэзээ хойно дэлгэрсэн байтал?
-Хадаг харин Төвдийнх биш манайх гэж байгаа юм даа. Эрт үед дайнд явахдаа эрчүүд хадаг биеэрээ ороож явдаг байж. Морин дээр зайлагдахгүй бие чанга байхын дээр хамгийн гол нь торгон хадагны чанга нэхээс сумнаас маш сайн хамгаалдаг байсан бололтой. Кинонд гардаг шиг хүн бүхэн хөө хуягтай байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд дайнд явах болохоор хүмүүс эрчүүдэд “Олзтой сайн яваад ирээрэй” гээд хадаг барина. Өгсөн хадгийг нь хэлхээд биеэ орооно. Манай энэ заншлыг төвдүүд харин мэдчихээд монголчуудад хадаг барьж саймширдаг заншил тогтсон бололтой. Нээрээ намайг Төвдөд явж байхад тэд дарцаг л уядаг болохоос яг хадаг хэрэглэдэггүй юм билээ.
Би:
-Чи минь аль эх сурвалжаас ийм юм олоод үзчихэв?
-Миний аян замын тэмдэглэлийг уншаад Савка /төвд судлаач Г.Ням-Очир буюу Танхай Банди / ярьж байсан, үнэн байх. Харин Савкагийн эх сурвалжийг би мэдэхгүй шүү гэж бултав. Овоонд зөвхөн сүү, тараг, эсэг тэргүүтэн цагааныг өргөх учиртай. Бид гурав овоог тойрч хүндэтгэл илэрхийлээд тахилын сүмийн баруун талд байх Их хар сүлд рүү зүглэлээ. Сууриан тавцан нь лав хорин метрийн диаметртэй баймаар гурван давхар өндөр тавцанг мөн л цул гантиг чулуугаар засаж дээр нь алтан шармал хүндэтгэлийн тавцан засаад төрийн их хар сүлдийг байрлуулжээ. Тээр өндөрт сүр хүчээ илтгэх мэт салхинд хийсэн намирах Их хар сүлдийн хүндэтгэлийн тавцан руу эмэгтэй хүн ойртох учиргүй гэнэ.
-Их хаан маань жендерийн хувьд тиймэрхүү үзэл цухалзуулах учиргүй дээ, сүүлд нэмчихсэн юм биш бээз?! хэмээн хошигновол Азаа эгч:
-Жендер мээндэртэй ямар ч холбоогүй ээ. Дайны догшин сүлд учраас бүсгүй хүнд хүнддэж гэмтээдэг гэж үздэг, тиймээс эмэгтэйчүүдийг хамгаалж гаргадаггүй учиртай гэдэг юм билээ. Түүнээс шарын шашин энэ тэр шиг бузартана бохирдоно гэдэг утга агуулга огтоос байхгүй.
-Тэгвэл буруу төртэй тэмцэлдэх гэж дайнаас дутуугүй хатуу үйл хийх над мэт хүмүүс эр эм хамаагүй мөргөж дайны сүр сүлдээ сэргээх ёстой юм биш үү гэж Азаа эгчийг бас л явууллаа. Мэдээж ёс жаягийг хүндэтгэн дагаж Их хар сүлдэд холоос мөргөөд урд нь зассан том бойпорт арц хүж өргөөд гадуур нь гурав тойрч хүндэтгэлээ. Тэр зуур “Та Ар Монголоос ирсэн үү?” гээд дотносон яриа дэлгэсэн өвөрлөгч залуу өөрийгөө
Алшаа аймгаас хааны тахилгад оролцохоор гэр бүлээрээ ирсэн Мэргэн гэж танилцуулаад хар сүлдний талаар хэлэх нь:
“Уг нь дайны хар сүлдийг байнга гадаа салхинд байлгах ёстой юм. Тэгж байж тэнгэрээс эрчим авч дошгирч байх учиртай. Гэтэл Ар Монголд гэрт хорьдог гэж дуулдав, үнэн үү?”
-Манай хар сүлд Батлан хамгаалах яамны гадаа гэрт хадгалагдаж байдаг… Гэхдээ гэр чинь тоонотой шүү дээ… гэхээс өөр юм хэлж чадсангүй.
-Хар сүлдийг гэрт хорьж болкуэ, нар салхинд байж тэнгэрийн эрчим хураах учиртай… гэж надад тайлбарлаж байна.
Гэнэт ам цангаж байгаагаа анзаарч зочид буудлын өрөөнд өглөө бүхэн үнэгүй тавьдаг хоёр сүүг цүнхэндээ хийж авч явснаа уухаар гаргаж ирвэл Мэргэн сандран:
-Хар сүлдэнд сүү өргөж бүр болкуэ! гэв.
-Бид мэдэлгүй яахав дээ. Дайны догшин сүлд учраас архи өргөдөг. Би сүүгээ өөрөө уух гэсэн юм. Бид маргааш тахилгын ёслолд ирэхдээ хар сүлдэнд өргөх хатуу идээтэй ирнэ ээ. Та сүү уух уу гээд нөгөө сүүгээ сарвайвал залуу тайвшран инээмсэглээд “Жүгээр ээ, би сүү уухкүэ” гэв.
Хар сүлдэнд мөргөөд бууж ирсэн нөхөртөө энэ тухай хэлбэл:
-Харин тийм ээ, манайхан буруу л хийгээд байгаа юм. Хар сүлдийг цэнгүүлдэггүй, харин дошгируулдаг гэж байгаа. Харин манайх цэнгүүлээд л, сүү өргөөд л…
“Ямар дайн байлдаан болж байгаа биш дээ, хар сүлд догшруулж яах юм бэ” гэж хэн нэг нь хэлж магадгүй. Ер нь энэ ертөнц төдийгөөс өдийг хүртэл дайнгүй, амар амгалан байсан юм гэж үү?! Эзлэн түрэмгийлэх, газар, баялаг булаалдах… элдвийн дайн зогссон юм гэж үү? Хэлбэр нь, зэвсэг нь өөрчлөгдсөөр чулуун зэвсэг хүйтэн зэвсэг, цөмийн зэвсгээр үргэлжилсээр, өдгөө технологийн, эдийн засгийн, баялгийн, мэдээллийн дайн… Улам улмаа өргөжин тэлж, төгөлдөржин дайтсаар байгаа бус уу хүн төрөлхтөн?! Ерөөс хүн хэмээгч амьтан оршсоор аху цаг дор амар амгалан тогтох юм уу даа, энэ ертөнцөд…
Ийн бодсоор Эзэн хааны онгон оршин буй гол сүмийг зүглэлээ. Тэнд юу байгаа бол оо…
Г.Уянга
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1