“Саусгоби сэндс” ХХК гэх, Тус гаднын компанид Монголын хууль үйлчлэхээ больж, Монгол хүний амиар тоглох боллоо гэх мэдээлэл манай редакцид ирлээ. Тодруулбал, 30 орчим насны Монгол залуу тэдний буруутай үйлдлээс болж сэхээнд орж, биеийн байдал нь туйлын хүнд байгаа гэнэ. Мэдээллийн мөрөөр бид нэхэн сурвалжлав.
Тэд чухам хэн бэ?
“Саусгоби сэндс” ХХК нь Хятадын Хонконгийн болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржэд нээлттэй хувьцаа арилжаалдаг, хувьцаа эзэмшигчид болох ТУЗ-өөс бодлогын шийдвэрээ гаргадаг аж. Тэд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дах Овоот толгойн уурхай болон Сүмбэрийн орд, Заг сүүж зэрэг бүлэг ордод олборлолт явуулдаг гэнэ. Мөн Шивээ хүрэн хилийн боомт хүртэл ойролцоогоор 45 км хатуу хучилттай замаар 120 тонн когсжих нүүрсийг чиргүүлтэй хүнд даацын автомашинаар тасралтгүй зөөвөрлөж хилээр гаргадаг компани юм. Тодруулбал, Монголын баялгийг зөөж мөнгө олдог, тэгсэн хэрнээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг уландаа гишгэдэг, Монгол хүний амь насыг золбин нохойн чинээ ч тоодоггүй ийм нэг Эзэнт гүрэн аятай дураараа дургидаг компани аж.
Бурхангүй газрын бумба галзуурав
Нутгийн иргэн “Эл компани Монголын баялгийг зөөвөрлөж, мөнгө олохоос өөр ид шид алга. Мөнгөний төлөө гэвэл юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Гадаадын хөрөнгө оруулалттай мөнгө улаан, нүд цагаан гэж боддог ийм хүмүүсийг нутгаасаа гаргамаар л байх юм” гэж хэлээд санаа алдав. “Саусгоби сэндс” ХХК-ийнхан зам дээр ноцтой осол гаргасан. Тээвэрлэлтийн зам дээр ямар ноцтой осол гаргасныг доорх зургаас харж байгаа байх.
Энэ талаар эх сурвалжаас тодрууллаа.
-“Саусгоби сэндс” ХХК ноцтой осол гаргасан мэдээлэл байна. Ямар маркийн автомашинтай байсан бэ?
-ЛАНД200 маркийн автомашин байсан. Ер нь энэ компанийн дарга, захирлууд машинаа байнга сольдог. Арга ч үгүй биз яндаж болохгүй энэ их баялгийг ухаж байгаа хүмүүс. Дандаа л сүүлийн үеийн ЛАНД200 авч унадаг. Шинэ загвар гарлаа, худалдаад л авчихдаг юм билээ. Хэргийн газрын зураг дээрээс харахад ямар ноцтой, аймшигтай осол болсныг харж байгаа байх. ЛАНД200 бол Монголын хөдөөд тохирсон, бат бөх, туулах чадвар сайтай машин. Барагтаа л аваар гаргахгүй тохиргоо, системтэй. Ийм машинаар ийм ноцтой осол гаргаснаас харахад бараг л албаар осол хийсэн үү гэж бодож байна.
-Ослын үеэр Монгол залуу ноцтой гэмтэл авсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Үхэх сэхэх дээрээ л байгаа. Маш харамсалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм журмыг үл хайхарсны гай. Цаана нь нүүрс тээврийн хүнд даацын автомашинууд явж байхад үл тоон шинэ машиндаа эрдэж, тоосжилт бүхий зам дээр хурд хэтрүүлэн давхисан. Машин нь хэдэн хэсэг болж бутарсан. ЛАНД200 шүү дээ. “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ЛАНД200. 30 орчим насны орчуулагч монгол залуугийн бие маш муу байгаа гэсэн юм.
“Саусгоби сэндс” ХХК Ослыг олон нийтэд мэдэгдүүлэгүйгээр нуун дарагдуулах гэж байна
“Саусгоби сэндс” ХХК-ийн ТУЗ-өөс компанийн удирдлагаар Хятад захирлуудыг томилоод удаагүй байна. Шинэ удирдлагууд асуудлын буруутанг олох, хариуцлага тооцох, ажил үүргээ гүйцэтгэж явсан Монгол ажилтны амь нас, эрүүл мэндийг аврахын оронд дээрх ослыг олон нийтэд мэдэгдүүлэхгүйгээр нуун далдлахыг зорьж байгаа гэнэ. Ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулахаар Монгол Улсын цагдаа, прокурорын нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбогджээ. Түүгээр зогсохгүй “Саусгоби сэндс” ХХК-ийн үйл ажиллагаа, удирдлагын багийн гэмт хэргийн, хүчирхийллын шинжтэй үйлдлүүдийн тухай мэдээлллийг нутгийн иргэд, тээврийн жолооч нараас бидэнд ирүүлсэн юм.
Мөн Гурван тэс сумын нутаг Нарийн сухайтын нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компаниас өдөр бүр нүүрс тээвэрлэдэг олон арван автомашин дугаарладаг боловч “Саусгоби сэндс” ХХК-ийн автомашинууд давуу эрхтэйгээр тээвэрлэдэгт бусад компаниуд байнга гомдол гаргадаг байна. Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа худалддаг “Саусгоби сэндс” ХХК ийм гэмт хэргийн шинжтэйгээр Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдийн талаар манай редакцид мэдээллүүд ирсэн. Эдгээр мэдээллүүдийг нягтлан шалгаж, үнэн зөвийг нь тогтоогоод дараа дараагийн нийтлэлдээ оруулна.