Бусад
    Мягмар, 4 сар 22, 2025

    7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.06.12-2023.06.18/

    • МОНГОЛ, КИРГИЗ ХОЁР УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз Улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцон, Монгол улсад 3 хоног хамтран ажиллалаа.
    • ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД, ЗАЛУУ ОФИЦЕРУУД “БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ” ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтаж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, залуу офицеруудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх ажлын хүрээнд Богдхан уул, Туул гол орчмын 9 км радиусын хүрээнд их цэвэрлэгээ хийв.
    • МОНГОЛ ОРНЫ ГОВИЙН ЛАНДШАФТЫГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
    Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн хэсгийг төлөөлж, түүний цар хүрээ, олон талт, онгон дагшин байдлын хослолоороо дэлхийн нийтийн хосгүй гайхалтай үнэ цэнэ бүхий, ховор амьтан, ургамлын онцгой төлөөлөл бүхий чухал популяцуудын өлгий нутаг юм.
    • МОНГОЛ УЛС-ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ОЙН ТҮНШЛЭЛИЙН ЗАМЫН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛЖ, ШИНЖЭЭЧИЙН АЖЛЫН ХЭСГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
    “Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Монгол улс-Европын холбоо хоорондын ойн түншлэлийн замын зургийг ЗГХА Ойн газар, Европын холбооны төлөөлөгчийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран боловсруулсан юм. Замын зургийг Шинжээчийн ажлын хэсгээр хэлэлцүүлэв.
    • БОГДХАН УУЛ, ТУУЛ ГОЛЫН ОРЧМООС 21,6 ТОНН ХОГ ТҮҮВ
    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, залуу офицеруудын 1000 орчим төлөөлөл Богдхан уул, Туул гол орчмын 9 км радиусын хүрээнд их цэвэрлэгээ хийж 21,6 тонн хог түүж, цэвэрлэгээ хийлээ.
    • “МОГОЙН ГОЛ ХК”-Д ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА, “ХУРГАТАЙ ХАЙРХАН ХХК”-Д ЗӨРЧИЛ АРИЛГАХ ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР ӨГӨВ
    БОАЖЯ-ны ТНБД-ын баталсан удирдамжийн дагуу “Уул уурхайгүй Хөвсгөл ТББ”-ын хүсэлтийн дагуу Цэцэрлэг сумын нутагт орших “Могойн гол” ХК, “Хургатай Хайрхан” ХХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гарсан зөрчил дутагдлыг арилгуулахаар ажиллаж байна.
    • ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГ БОЛОХ ОНОН-БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫГ ЮНЕСКО БҮРТГЭЛЭЭ
    2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.
    • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТ” /DET/-Д БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
    Нийгмийн харилцаанд хүн бүрийг тэгш оролцуулахад төрийн байгууллагууд илүү анхаарч хүний эрхийг дээдлэн ажиллах шаардлагатай. Үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг БОАЖЯ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
    • ТУУЛ ГОЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ЗОРИЛГООР БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАРТАЙ 525 000 ЖАРААХАЙГ НУТАГШУУЛААД БАЙНА
    Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 1-р багийн нутагт 2012 онд байгуулагдсан загас үржүүлгийн бага оврын төв нь Туул голын байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор бие даан амьдрах чадвартай нийт 525 000 жараахайг нутагшуулжээ. 2023 оны үржүүлгийн ажил 4 дүгээр сард эхлэн ажилттай үргэлжилж байна.
    • НИДЕРЛАНДЫН МОД ҮРЖҮҮЛГИЙН САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ “ВИСКОН” ГРУППТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАВ
    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацыг бойжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор бий болсон. Иймд Нидерланд Улсын Вискон группийн автомат мод үржүүлгийн системийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, доктор, профессор Н.Батхүү, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Л.Болд нар танилцаж мод үржүүлгийн дэвшилтэт технологи, инновацыг Монгол улсад нутагшуулах боломж, нөхцөлийг судаллаа.
    • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “НОГООН САНХҮҮЖИЛТ-ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН” ХОЁР ДАХЬ УДААГАА БОЛЛОО
    Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулах зорилготой “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” амжилттай болов.
    • ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР АШИГЛАЖ БУЙ 12 АЖ АХУЙН НЭГЖИД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАВ
    Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс БОАЖЯ -ны Салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
    • “ГАН БОЛОН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” ТОХИОВ
    Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.
    • “БОРХҮҮ” НЭРТЭЙ БУГЫГ БАЙГАЛЬД НЬ ТАВИЛАА
    Өнгөрсөн оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгаас авчирсан Борхүү нэртэй бугыг, Хустайн байгалийн цогцолборт газраас авчирсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд нутагшуулан тавив.
    🇲🇳🇲🇳🇲🇳Орон нутаг
    • ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Өвөрхангай аймагт Хөв шинээр байгуулах, хөв цөөрмийн зураг хийлгэх, засварлах ажлууд үе шаттай хийгдэж байгаа бөгөөд Арвайхээр сумын Дэлгэрэх хөвийн инженерийн байгууламжийг засварлаж, 1600м 3 лагийг цэвэрлэн зайлуулж, гарсан шороог Арвайхээр сумын хогийн нэгдсэн төвлөрсөн цэгийн хог, хаягдлыг дарж булшилж, техникийн нөхөн сэргээлт хийж, цаашид биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тус ажлыг “Арвайхээр тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэлд Онги-Таац голын сав газрын захиргаа, аймгийн БОАЖГ, Арвайхээр сумын ЗДТГ хамтран хяналт тавьж ажиллаж байна.
    • ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Туул голыг цэвэрлэх ажлын хүрээнд: Туул голын хамгаалалтын бүс болон Богдхан уулын хязгаарлалтын бүс орчмын 9 км радиуст их цэвэрлэгээ хийж 21.6 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачууллаа. Тус арга хэмжээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төрийн цэргийн болон хууль сахиулах нийт 13 байгууллагын 1000 орчим залуус оролцов.
    •  ҮЕНЧ-БОДОНЧ-БУЛГАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Баруун хязгаар, Байтагийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн арга хэмжээний үеэр Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн Эко клубийн сурагчидтай хамтран “Хоггүй Монгол”, “Цэвэрхэн наадацгаая” , “Save water” уриалгыг олон нийтэд хүргэлээ.
    • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    “ACT for women” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын лаборатори 2-р сургуулийн багш, сурагчид “ECO HIKING+ENGLISH SPEAKING” явган аялал хийлээ. Энэ үеэр Ховд гол орчмын хогийг түүж “Байгальд хог” хаяхгүй байхыг уриалав. Сайн дурын ажилд БОАЖГ, МАНУТХГХЗ-ны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Марина, С.Жадыра нар хамтран ажиллалаа.
    • МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 2023 оны 06 дугаар сарын 14-20-ны хооронд Цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд уулын туруутны хээрийн судалгааг хийж байна.
    • ОНОН БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Ус намгархаг газрын нэн ховор, ховор шувуудыг хамгаалах, олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Тогорууны баяр” 10 дахь жилдээ боллоо. Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуурын баруун дэнжид болсон үйл ажиллагааны үеэр хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Гансүх, 5 байгаль хамгаалагчийн хамт оролцож цогцолборт газрын үнэт цэнэ болон хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг сурталчлан таниуллаа.
    • ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтарын толгой зэрэг газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлж нийт 163 тахь, 1200 хуланг хүснэгтэд бүртгэв.
    • ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Ургамал сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын усны эх үүсвэр, ус ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх ажлыг 2023 оны 06 сарын 14-15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар дараах арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Уурхайнуудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг шалгаж, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг сурталчилж заавар зөвлөгөө өгөв.
    • СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Баруунбүрэн, Хушаат, Цагааннуур сумдад усны
    тоо бүртгэлийн хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
    • УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Гашууны голын усны чанарыг ёроолын макро сээр нуруугүйтэн амьтдаар судлах, Гашууны голын усны нөлөөллийг тогтоох, амьтдаар цуглуулга хийх зорилгоор хэмжилт судалгаа хийлээ. Хоёр удаагийн дээж авахад 1-р бүлгийн мэдрэмтгий амьтад болох Манцуйт хоовгон авгалдай түгээмэл байгаа нь усны чанар болон хүчилтөрөгчийн орчин сайн байгааг илтгэнэ. Авсан дээжүүдээс мэдрэмтгий байдлын элбэгшлийн кодоор бодоход усны чанарын үнэлгээний дүн 18 байгаа нь усны чанар “дунд зэрэг ” байна.
    • БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    “Эвдэрсэн газрын тооллого”- зохион байгуулах тухай ажлын хэсэгт орж Хангайн 5 болох Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Заг, Гаулуут, сумдаар уул уурхай болон хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж буй орхигдсон газрын хяналтын тооллогыг хийв.
    • УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Увс нуурын дархан цаазат газрын Хөндлөн хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурь, Улаангом хэсгийн байгаль хамгаалагч Д.Төрбаяр, Орлого хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурь нар хамтран Увс нуурын Хойд бага нуураас Орлого хэсэг хүртэл хяналт шалгалтхийж, хог хаягдал цэвэрлэв. Нийт 150 кг хог хаягдал түүж цэвэрлэж, 250 хүнд мэдээлэл, зөвлөмж өглөө. Түргэн уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатар Түргэн уулын дархан цаазат газрын Ямаатын дэнж орчмоос 3 шуудай хог түүж цэвэрлэв.
    • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн Санаачилга /BIOFIN/ төсөл хамтран Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт өөрчлөлтийг орон нутагт танилцуулж, тус хуулийн хэрэгжилтийг хангах чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
    • ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Орхон аймгийн Төрийн аудитын газраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийгдэж байгаатай холбогдуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан, Байгалийн ургамал, ойн нөөц, үйлдвэрлэл үйлчилгээ, унд ахуйн зориулалтаар ус ашигласан иргэн, хуулийн этгээдийн төлбөрийн дэлгэрэнгүй судалгааг 2021-2023 оны байдлаар гаргаж, баримт бичгийн тулган баталгаажуулалтыг нэг бүрчлэн хийлээ. Мөн 8 байршилд объектын шалгалтыг хамтран зохион байгууллаа.
    • АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Сав газарт хамаарах Өмнөговь аймгийн Говь Гурван сайхан уулын “Их тахилгат хайрхан” тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллан нүхэн жорлон барих болон буулгах ажлыг хариуцан хийж гүйцэтгэлээ.
    • БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 24 -ний өдрийн “Эвдэрсэн болон нөхөн сэргээлт хийгдээгүй газрын улсын тооллого зохион байгуулах тухай” 03/2986 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын А/317 дугаар захирамжийн хүрээнд Баян – Овоо, Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Гурванбулаг сумдаас ирсэн хүсэлтийн дагуу 81 нэгж талбайн 367,57 га талбайд хяналтын тооллогын ажлыг зохион байгууллаа.
    • БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 оны Бүх нийтээр мод тарих хаврын ажлын хүрээнд 5108 иргэн, 938 айл өрх 8560 ширхэг мод, 219 ААН, байгууллага 41870 ширхэг мод нийт 18 төрлийн 58492 ширхэг мод 64,5 га талбайд, 4 төрлийн 107700 ширхэг харандаан суулгац тарьж нийт 166192 ширхэг мөчир, тарьц,суулгац тарьсан. Тарьц суулгацын арчилгаа усалгааг хийж байна.
    • ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хойд агуйтад зочны гэр ажиллуулдаг иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй газар байшин барьсан 5 иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Тус албан шаардлагын гүйцэтгэлийн шалгалтыг 6 дугаар сарын 8-ны өдөр хийж зөвшөөрөлгүй баригдсан 8 байшин, 9 нүхэн жорлонг буулгуулж зөрчлийг арилгууллаа.
    • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    “Авто засварын үйлчилгээ явуулж буй газруудаас гарч байгаа тос, тосолгооны материал, түүний сав суулга, маслоны шүүр, аккумлятор, hybrid авто машины хуурай зай хураагуур гэх мэт аюултай хог хаягдлын цуглуулалт, хадгалалт хамгаалалт, устгал, тээвэрлэлтийн байдалд байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Мягмардорж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ажиллаж байна.
    • ХАР НУУР, ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Буянт голын онцгой хамгаалалтын бүсээс хууль бусаар хар шороон хөрс ачсан зөрчлийн эзэн холбогдогчийг тогтоож, холбогдох арга хэмжээ авахаар Аймгийн Цагдаагийн газрын Экологийн цагдаа, БОХУ-ын Байцаагч нартай хамтран ажиллаж байна. Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн илүүдэл усны аваарын хоолойноос гарч байгаа бохирыг усны сан бүхий газар луу урсгасан зөрчилд мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллан “Шим ус” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнуудтай уулзаж бохир усыг татан зайлуулах дахин усны сан бүхий газар луу урсгахгүй байх талаар үүрэг өгч ажиллалаа.
    • ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Сав газарт хамрагдах Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Халуун усны булгийн хашааны эвдэрсэн хэсгийг засаж сэлбэн, мал амьтан орохоос сэргийллээ. Байгууллагын 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэж БОАЖЯ- ны хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт хүргүүллээ.
    • ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Эхэн сүвэйн баялаг хоршоо, Хамтын хүч бүлэг хамтарч” Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилтийн эсрэг 5000 сухайн мөчир,1000 гаруй хайлаасны үр суулгаж, арчилгаа усалгааны ажлыг зохион байгуулж байна.
    • СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Сэлэнгэ аймаг Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалан, ойн аж ахуйн чиглэлийн 4 ахлах мэргэжилтэн, судлаачид манай аймагт ажиллаж байна. Дээрх мэргэжилтнүүд Зүүнбүрэн, Ерөө,Сүхбаатар,Сайхан сумдад, Орхон, хүлэмж болон ил талбайн талаар сургалт зохион байгуулж зөвлөх туслах үйлчилгээ үзүүллээ.
    • ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Нарсан ойн ажиглалтын цамхаг руу иргэд ихээр зорчих болсон тул эргүүл шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Ажиглалтын цамхгийг зорих аялагч, амрагчдад зориулан “Маршрут-1” явган хүний замын ус тогтож, шавар ихтэй болдог хэсэгт дайрга асган тэгшилж сайжруулсан бөгөөд маршрутын замыг тодорхой болгон замын хоёр талаар чулуу тавьж тэмдэгжүүлсэн.
    • ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Дорноговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мод үржүүлгийн талбайд
    буйлс, агч, голт бор, жигд гэсэн дөрвөн төрлийн модны үрийг 0,3 га газарт тариалалт
    хийлээ.
    • ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Хөвсгөл аймгийн Ханх суманд “ Стандарттай аялал жуулчлал” аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөний хүрээнд: Хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг иргэн, ААНБ-уудад хаягдал усны 13 дүгнэлт гаргасан, Ханх сумын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг бааз болон гэр буудлуудын нийт 13 газрын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийж хугацаатай албан даалгаврыг өгч ажиллалаа.
    • ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан “Нээлттэй Дорнод”
    хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллагуудын хамтарсан аялал жуулчлалын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
    • ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/27 дугаартай тогтоолын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Дорнод аймагт газрын тос, бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийг тодорхойлох хяналт шалгалтыг Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны 19 болон 21 дүгээр талбай, Меланж ХХК, Степ голд ХХК, Шинь Шинь ХХК, туслан гүйцэтгэх 16 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Дээрх хяналт шалгалтын багт төрийн байгууллага болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд хөндлөнгийн хяналтаар ажлын хэсэгт орж ажиллалаа.
    • ДАРЬГАНГЫН БАЙГАЛЫН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Дарьгангын БЦГ-т нуур хамгааллын ажил үр дүнтэй хэрэгжиж байгаатай холбоотой хамгаалагдсан нууруудын мониторингийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах хамгааллын ажлын хэрэгжилт, үр дүнд ЕТГ-ын албаны дарга О.Алтансаруулаар ахлуулсан ажлын хэсэг, судлаачдын баг мониторинг хийлээ. Үүнд доктор У.Борчулуун, мелиорацийн инженер-идротехникч доктор Ш.Баранчулуун, инженер-гидротехникч Г.Совд зэрэг эрдэмтэд оролцлоо. “Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах” төслийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийж цаашид ‘‘Ганга нуурын хамгааллын ажил-2’’ -ыг эхлүүлэхээр боллоо.
    • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойн санд эргүүл хяналт, шалгалт, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж, түймрийн эргүүлээр ажиллаж байгаа 27 иргэн, ойн санд зуншиж байгаа 32 айл өрх, 7 ойн нөхөрлөлтэй уулзаж түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж, гарсан зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.
    • УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Улаан тайгын ДЦГ-ын ДЦГ-ын Жолгын Ногоон гол чиглэлд гүний хяналтаар ажиллалаа. Тайгын их цас хайлж шар усны үер болж, тайгын гол, нуурууд ихээр үерлэж байгаль хамгаалагчид хяналтаар ажиллахад эрсдэл, бэрхшээлтэй байна. Гүний хяналтыг тогтмол хийснээр хууль бус ашигт малтмал, хууль бус ан, байгаль орчны эсрэг бусад зөрчилгүй. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Хорьдол сарьдгийн ДЦГ-т байгаль хамгаалагчийн дулаацах байрыг барьж ашиглалтад орууллаа.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ