Аль ч улс оронд эдийн засаг нь хүнс болон бусад хэрэглээнээс бүрддэг. Шинэ зуунд улс орнуудын ерээд хувь нь хүнснийхээ хэрэглээний ихэнхийг дотоодоосоо хангаж байна. Цөөн тооны буурай хөгжилтэй орнууд л гадны хүнсний хараат байгаа нь Орос Украины дайны үеэр тодорч байна.
Сонирхолтой нь Сингапур улс цэвэр усаа 100 хувь импортоор авдаг гэнэ. Харин асар уудам нутагтай, Хөвсгөл гэх хэд хэдэн томоохон нууртай гуравхан сая монголчууд цэвэр усаар хангагдаж чадахгүй байгаа нь гайхалтай. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Зайсанд хэд хэдэн байрны цоргоноос зэвтэй ус гардаг аж.
Энэ тухай тв-ээр олон удаа шүүмжилсэн ч үр дүн гарахгүй өнөөг хүрчээ. Эдийн засгийн нэг хөл болсон хүнсний гол хэрэглээ цэвэр ус. Ерөнхийлөгч хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавиад, хэрэгжүүлж эхэлсэн. Үйлдвэрлэгчид таатай хүлээж авч байна. Учир нь хүнсний бизнес хамгийн ашигтай, найдвартайд тооцогддог. Өмнөх мянганд хүн төлөрхтний хамгийн том импорт хүнс байсан бол энэ мянганд хамгийн том экспорт болж хувирчээ.
Энэ том зах зээлийн ихэнхийг өндөр хөгжилтэй орнууд эзэлнэ. Өчигдөр хүнсний хангамж нь газар, байгал орчноос хамаардаг байсан бол өнөөдөр технологи хүнсний асуудлыг шийддэг болов.
Скандинавын нэг жижиг улс дэлхийд үхрийн махны экспортоороо тэргүүлж байгаа бол Японд 600 метр газар дээр барьсан 25 давхар, 24 цаг ажилладаг автомат хүлэмжээс манай улсын жилийн хэрэгцээтэй тэнцэх хүнсний ногоо хураана. Монголчуудын гол хүнсний хэрэглээ мах, гурил, ногоо.
Гэтэл намартаа гурил, хавартаа мах, ногооны хэрүүл төр засгийн хэмжээнд дэгдэнэ. Дээрх хүнсийг хэр хэмжээгээр үйлдвэрлэх нь биднээс биш, байгалаас хамаарна. Ган, зудгүй бол жаахан өег өвөлжинө.
Монголчуудын хүнсний хэрэглээ туйлын цагаан баавгайтай тун төстэй. Баавгайн хоол өвөлдөө хомсддог бол монголчуудын хүнс хавартаа ховордоно. Манай улс нэг хүнд ноогдох газар, мал, байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг боловч хүнсний хангамжаар дэлхийн орнуудын дунджаас доогуур аж.
Сүүлийн 20 жил бид эдийн засгийг солонгоруулах тухай ярьсан. Харамсалтай нь өнөөдөр уул уурхайн салбартаа улам л шигшээр. Үнэн хэрэгтээ бид нефть, нүүрс, зэсийн үнэ болон хятадын хэдэн компаниудын хөмсөг дор л амьдарч байна. Энэ хөмсөг зангирвал бид нялх хүүхдээс дор болохыг ковид баталлаа.
Энэ нь монгол улс тусгаар тогтносон гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Энэтхэгийн зээл болох тэрбум ногооноор ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулсан өнөөдөр эхнээсээ ашиглалтад ороод зогсохгүй өрөө төлж эхлэх боломжтой тухай эдийн засагч ярьж байна. Дэлхийн зах зээлд ноосон даавуу, ээрсэн утас үнэд орж байна. Энэ өрсөлдөөнд бмдний ялах давуу тал нь эко бүтээгдэхүүн гэнэ. Монголыг зах зээлийн эдийн засагтай орон гэж хүлээн зөвшөөрдөггүй Европын холбоо бидэнд маш том боломж олгосон. Энэ боломжийг ашиглаад малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах хэдхэн үйлдвэр байгуулчихсан бол өнөөдөр долларын ханш, хүүхдийн мөнгө гэх мэтийн ялиг шалиг асуудлаар шилдгийн шилдгүүдээс бүрдсэн УИХ маань галзуугийн эмнэлэг шиг болчихгүй л байсан байх.
Бидэнд арав хүрэхгүй ХАА бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байхад л хангалттай. Дэлхийн хамгийн өндөр худалдан авах чадвартай 600 шахам сая хүн буюу Еврогийн зах зээл бидэнд нээлттэй.
Ширхэг долларын өр тавиххгүйгээр, энэ зах зээлээс бид жилд таван тэрбум ногоон зулгаах боломжтой гэсэн судалгаа бий. Харамсалтай нь манай төр зах зээл, хувийн хэвшилд үл итгэх социалист удамшлаас салж чадаагүй л байна.
Засгийн газар дэлхийн хаа сайгүй хөглөрч байгаа 3-5 хувийн зээлээр хэдэн үйлдвэр барьчихаж болно. Менежмэнт, гүйцэтгэлийг өлөн төрийн түшээгийн оролцоогүйгээр хувийн хэвшилд даатгаж чадвал үр дүнгээ өгнө.
Эс тэгвээс нефтийн үйлдвэр барина гэдэг үлгэр л болно. Тухайн үйлдвэрүүдийг богино хугацаанд барьж, үйлдвэрлэлийг жигдрүүлнэ. Үндсэн үйлдвэрлэл эхэлснээс хойш 1-2 жилийн дараа үйлдвэрийг олон нийтэд хувьцаална. Хувьцаанаас босгосон мөнгөөр зээлээ төлж болно.
Зээлийн хугацаа хожсон нөхцөлд дахин нэг үйлдвэр ч барьж болно. Энэ зарчмаар үйлдвэрүүд байгуулахад төрөөс мөнгө гарахгүй. Арваад үйлдвэр байгуулахад л хангалттай.
Малчдын орлого багаар тооцоход 2-5 дахин нэмэгдэнэ. Эрдэнэт, Оюу толгойтой адил чанартай ажлын байр арав гаруй мянгаар нэмэгдэнэ. ДНБ тал хувиар нэмэгдэж зөвхөн малаас олох ашиг уул уурхайг гүйцэж түрүүлнэ. Ингэсэн тохиолдолд манай доголон эдийн засаг тэгширнэ. 70 сая малтай гурван сая монгол жаргана.
Х.Бат