Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Д.Нямдорж: ХЗИХС-ыг түшиглээд, замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, хяналт ЗОХИЦУУЛАЛТЫН ИНСТИТУТ байгуулах боломжтой

    Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Д.Нямдоржтой “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажлын талаар ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хууль зүйн докторын зэргээ хаана ямар сэдвээр хамгаалсан талаар ярилцлагаа эхэлье.

    -Би 2009 онд эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөө, дэмжлэгээр “Монгол Улсад үйлдэгдэж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх эрүүгийн эрх зүй, криминологийн шинж” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. ОХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалах боломж хүртсэнийгээ их хувь заяа гэж боддог.

    Москва хотын Островитяновын гудамжинд байрладаг Дотоод явдлын яамны их сургуулийн Криминологийн тэнхимийн хамт олон болон тухай үед тэнхимийн даргаар ажиллаж байсан, эрдэм шинжилгээний ажлын удирдагч багш, ОХУ-ын гавьяат хуульч, доктор, профессор Лебедев Семён Яковлевич мөн тэнхимийн профессор, доктор Аванесов Геннадий Арташесович, Гаухман Лев Давидович, Вицин Сергей Ефимович, Квашис Виталий Ефимович болон бусад алдартай олон эрдэмтдийн сургаал, шүүмжийг сонсож явсандаа бахархдаг.

    Намайг эрдмийн ажилд чиглүүлсэн аав, ээж болон гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөөс гадна судалгааны ажилд үнэтэй зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлж байсан доктор, профессор С.Жанцан Б.Болдбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ч.Жаргалсайхан, Ж.Бямбаа, Г.Гантөмөр, Т.Оюунчимэг, мөн нэрт шинжээч, цагдаагийн хурандаа Равагийн Пүрэвжав, цагдаагийн хурандаа Ч.Ганбат, Р.Мөнхбаяр болон бусад эрдэмтэн, багш нартаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

    Би 2009 оны 06 дугаар сарын 01-нд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багшаар анх томилогдон ажилласнаас хойш цаг, хугацаа хурдан өнгөрчээ. Нэг л мэдэхэд 13 жил шавь нараараа “Багшаа” хэмээн дуудуулж, тэд нараараа гоёж, бахархаж явна.

    ДХИС-ийн Замын цагдаагийн тэнхимд 2011 оноос томилогдон ахлах багшаар ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сараас тус их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байна.

    -Та хүрээлэнд томилогдож ирээд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ шаардлага” судалгааны ажлын хэсэгт ажиллаж байгаа талаараа ярина уу?

    -ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас 2021 оны 12 дугаар сард хүсэлт ирүүлсэн. ДХИС-ийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажлын Тээврийн цагдаагийн алба, ДХИС-ийн Цагдаагийн сургууль бусад салбарын эрдэмтдийн оролцоотойгоор судалгааны тайлан боловсруулах багийг байгуулж, 2022 оны 02 дугаар сараас уг ажлыг эхлүүлсэн.

    ДХИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын Захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/30 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулсан.

    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны ажлыг сайжруулах хэрэгцээ шаардлага” судалгааны ажлын шинэлэг тал нь Монгол Улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн-Цагдаагийн ажилтан” бэлтгэх шинэ ажлын эхлэл болж байгаагаараа онцлог юм.

    Дэлхий нийтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх талаар тодорхой хөтөлбөр, зорилтуудыг боловсруулан үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдээ бэлтгэх тусгайлсан чиг үүрэг бүхий сургууль, институтийг байгуулан, үйл ажиллагаа явуулж байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон түүний зохицуулалтын асуудал Монгол орны хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа билээ. Энэ цаг үед Монгол улсын хувьд авто замын түгжрэл саатал, зам тээврийн ослын хор уршиг, эдийн засгийн хохирол үлэмж их байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.

    -“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажлын үр дүн ард иргэдэд хэрхэн харагдаж, мэдрэгдэх вэ?

    -Замын хөдөлгөөний түгжрэл саатал нь дан ганц хүчин зүйл нөлөөллөөс болдог гэсэн ойлголт байдаггүй. Бид бүхэн Хүн-автомашин-зам-орчин /ХАЗО/ гэсэн системийн талаар олон жил ерөнхий ойлголттой явж ирлээ. Гэтэл замын хөдөлгөөнийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, цэгцлэх, аюулгүй байдлыг хангах асуудал нь өөрөө дээрх хүчин зүйлсээс гадна иргэний болон улс орны нийгэм-эдийн засгийн чадавхи, боловсрол, эрүүл мэнд, ард иргэдийн уламжлалт тээврийн аж ахуй эрхлэлт, төрийн удирдлагын бодлого бусад олон, өргөн хүрээнд ярих ёстой асуудлуудын нэгдэл юм.

    Аливаа судалгааны үр дүн ялангуяа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлийн сургалтын судалгааны үр дүн шууд харагдахгүй. Тодорхой цаг, хугацааны дараа л үр дүн, сайн, муу үр дагавартай байсан эсэх нь ард иргэд, нийгэмд харагддаг.

    Нэн түрүүнд бид өөрсдийгөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт болон хөгжлийн хувьд дэлхий нийтэд яг хаана яваагаа тодорхойлох хэрэгтэй.

    Энэхүү судалгаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага, өнөөгийн байдал, цаашид зам үйлдвэрлэж байгаа болон түүний зохион байгуулалт, аюулгүй байдлын орчинд ажилладаг мэргэжилтэн, бусад хөдөлгөөнд оролцогчийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлагыг судлан ойрын болон урт хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, хэтийн төлөв, төсөөллөө тодорхойлох юм.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны ажил бага хийгдсэн ба хийгдэж байсан судалгаанууд хуучирсан байна.

    Автомашинжилт, хотжилт эрчимтэй явагдаж байгаа Монгол орны хувьд дэлхий нийтэд хэрэглэгддэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 128 төрлийн мэргэжлийн 4-5 нь л ашиглагддаг гэсэн судалгаа байна. Бидэнд хийж бүтээх, судалж хэрэгжүүлэх ажил маш их байна.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгааны ажлын үр дүнг бидний харж байгаагаар эхлээд салбарын судлаачдаа тасралтгүй бэлтгэх тогтолцоог бий болгох, улмаар тэднийгээ бэлтгэн гаргах, бакалавр, магистр, докторын сургалтыг дагнасан энэ салбарт сайжруулан хөгжүүлэх, цаашлаад мэргэжлийн сургууль, институтийг байгуулах зорилготой.

    -Таныг VTV телевизээр ярилцлага өгч байсныг санаж байна. Та ярилцлагадаа ард иргэд хөдөө орон нутгаас хот руу нүүх нүүдэл, хүн амын сийрэгжилтийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалттай холбон ярьж байсан. Энэ талаараа ярьж өгөөч?

    -Би энэ ярилцлагад Хотын зогсоолын талаар ярилцаж байсан юм. Сэтгүүлч бид хоёрын яриа сэдвээсээ жаахан хазайгаад хөдөө орон нутаг хүн амын нүүдэл, сийрэгжилт ихэссэн болон энэ нь хотын Замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж байгаа талаар мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын чанарын талаар хөөрөлдсөн.

    Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүнгүй шахуу үлдсэн Беларусийн Хатинь тосгон хот болон хөгжиж байгааг мөн ОХУ-ын Орёл хотыг дайны дараа шинээр төлөвлөн байгуулж байсан түүхтэй холбон төсөөллөө гаргаж ярьсан хэрэг.

    Би ер нь ОХУ-ын хотууд болон Москвагийн зам дээр 5 жил, Европын 20 гаруй улс, орнуудын хот тосгодоор автомашинаар 2 удаа аялсан хүн байгаа юм.

    Европод өндөр хөгжилтэй улсуудын бодлого нь газар нутгаа хүнтэй байлгахын тулд хот, хөдөөгийн ялгааг арилгах чиглэл дээрээ анхаарч дэд бүтэц, эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд шийдэж, тусгай мэргэжлийн боловсон хүчнүүдээ таатай орчинд сургаж бэлтгэхээр нарийн тооцож байгаа нь харагдсан.

    Улс орны өндөр түвшинд хөгжих бодлого нь маш жижиг асуудлуудын шийдлээс бүрддэг юм байна гэдгийг л харсан.

    Бидний сайн, муугаар дүгнэдэг ярилцдаг мөнхийн хоёр хөрш орон маань ч энэ талаар ихээхэн дэвшилтэй ажиллаж амьдарч байна.

    -Танай хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажил ямар шатандаа явж байгаа вэ?

    -Энэ судалгааны ажил зөвхөн манай хүрээлэнгийн ажил биш юм. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажил Монголчууд бидний ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй холбоотой учраас ДХИС-ийн алба хаагч бүхэн санаагаа уралдуулах ёстой.

    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны ажлыг сайжруулах, түүнд үндэслэн цаашид хийх ажлын санал, төсөлд их сургуулийн профессор багш нарыг саналаа нэмэрлээсэй гэж хүсэж байна.

    Манай эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгээс уг ажлыг удирдан зохион байгуулж, 2022-2024 онд хийх судалгаагаа эхлүүлээд Онцгой байдал, Цагдаагийн болон бусад салбар сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллах, чиглүүлэн сэдэлжүүлэх хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

    -“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны тайлангаас эрдэм шинжилгээний хурлууд хийгдэж сайжруулах санал зөвлөмжүүд нэлээд гарах болов уу?

    -ДХИС-ийн үе, үеийн удирдлагууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг хэрхэн сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч ирсэн байдаг.

    Мэдээж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, судалгааны чадавхыг сайжруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны тайлангаас үүдэлтэй салбар судалгааны ажлууд, эрдэм шинжилгээний хурлууд өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг мөн ирээдүйд хүрэх үр дүнгүүдийн талаар төсөл, төсөөллөөр дүгнэлт хэсгээрээ харуулж байгаа.

    -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын түвшин өнөөдөр ямар байдалтай байна вэ?

    -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа шинжилгээний ажил өнгөрсөн жилүүдэд цөөн тоогоор хийгдсэн байдаг. Сүүлийн 70 жилийн түүхэнд Техникийн ухааны чиглэлээр нийтдээ 10 гаруй, Хууль зүйн чиглэлээр буюу эрүүгийн эрх зүй, криминологийн шинжээр 2 хүн л докторын зэргийн бүтээл бичсэн байдаг. Магистрийн зэргийн бүтээл 70 орчим бичигдсэн нь чамлалтай тоон үзүүлэлт юм.

    -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл хүндэрч байгааг юутай холбон тайлбарлах вэ?

    -Энэ талын асуудал дээр олон шалтгаант холбоос, асуудал ярих боловч шууд хэлэхэд мэргэжилтэн байхгүй гэж ойлгож болно.

    Хууль зүйн их, дээд сургуулиудыг түшиглэн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, хяналт зохицуулалтын чиглэлээр ДХИС-ийн бусад салбар сургуулиудтай адил, төстэй институтийг бий болгох боломжтой.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ