Сайд болсон гишүүдээ салтайнааас бусдыг үнсэж, долоолцож байсны учир ердөө л ард түмний эрх ашгийг авлигалын замаар шамшигдуулах шуналын далай буцалж, түүнийг хуваарилах төрийн эрхтэнд тэгэж долгинох шалтгаан гэх. Нам дагасан дуучин, жүжигчин, бүжигчин хэн ч бай мөлчийтөл долоож, гөлийтөл долдойлж чадвал мөнгө, эрх мэдэл тэр ч байтугай дархан цаазат газар ашиглах эрхээр шагнуулдаг бололтой. Удахгүй хүний мах үнэтэй гэвэл ядуусыг өөр хоорондоо наймаалцах нь л дээ энэ байдлаараа.
Хаврын хуй босч газрын хөрснөөс тоосонцор, өмхий самхай, утаа тортог, өвчин вирусээр өвч бүрхсэн Улаанбаатарт ханиад томуу дэлгэрч хөөрхий борчуудын хүүхэд цэцэрлэг сургуульдаа сурах ч эрхгүй ханиаданд боомилуулж хатгаа тусан эмнэлэг бараадахад тэнд нь хэвтэх ор ч үгүй, хэдэр ааштай эмч нар, хэзээ бүтэж бүрэлдэх нь тодорхойгүй эрүүл мэндийн нурсан тогтолцоо угтаж шар махтай нь хатаана.
Гэтэл нөгөө талд нь баяуудын тансаглал өдрийн 20 сая төгрөгөөр хоол идэж, архи уудаг болтол хэтэрч, хүүхдүүдэд харамлан байж олгомор аяддаг 100 мянган төгрөг монголын тансаг хэсгийнхэний уудаг шил архиных нь чинээнд хүрэхгүй байна. Тэгш бус байдал ингэтлээ туйлдсан байхад хүн чанар, өрөвч нинжин сэтгэл ор тас мартагдаж, галзуурлын шуурган газар сайгүй нөмөрчээ.
Төрийн яамд хулгай луйвар нь дэндээд, дэлбэрээд ил болохоор ямар нэг өнгөлөн далдлах шалтаг шалтгаан өнөө шөнөдөө бодож олоод маргааш өглөө иргэдийн толгойг эргүүлэх ээлжит тактик хэрэгжиж өөр нэг хурцадмал асуудал руу өргөн олны сэтгэл санааг хөвөрдөж орхино. Энэ бол дээрэлхэлт, доромжлол, дарлалын дээд хэлбэр мөн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1