Хүн хүнээ боолчилж хөлс хүч, хөдөлмөр зүтгэл,оюун ухааныг хямдхан ашигладаг байдал эцэс болоод олон зуун жил өнгөрсөн ч буурай орнуудын хөдөлмөрийн үнэлэмж тааруу байдал нийгмийн хямралд улам нөлөөлж, шүдний өвчин хэвээр байна.
Нэг ташаа ойлголт байдаг нь “Хоёр тал харилцан тохиролцсон, эсвэл хөдөлмөрийн гэрээ хийсэн л бол тэнд хөдөлмөрийн мөлжлөг гэх ойлголт байхгүй” хэмээх үзэл юм. Үнэндээ хөдөлмөрийн гэрээний дор ч хөдөлмөрийн мөлжлөг явагдах боломжтой. Энэ нь ажил олгогч, ажилтан хоёрын тэгш бус байдлын тухай яриа бөгөөд талуудын зөвхөн нэг нь л хийсэн ажлынхаа ихэнх ашгийг хүртдэг бол энэ нь боломжтой гэсэн үг.
Хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулах, аман тохиролцоо хийх, элдэв амлалт өгөх зэрэг бололцоо нь хөдөлмөрийн мөлжлөг бий болох үндсэн хөрс суурь болж өгдөг талтай. Жишээлбэл, “Тэдэн жил ажилласны дараа орон сууц өгнө” гэх амлалтыг ажил олгогчийн зүгээс өгч, үүнийхээ далимаар тухайн ажилтны үндсэн цалинг багаар тооцож тохиролцох жишиг Монголд олон. Ийм тохиолдол нь ирээдүйн амлалтаар дамжуулан өнөөгийн бодит хөдөлмөрийг багаар үнэлж буй хөдөлмөрийн мөлжлөгт тооцогдоно. Түүгээр ч зогсохгүй, ажил олгогчийн амлалт нь хөдөлмөрийн хууль болон гэрээг орлохгүй.
Олон улс оронд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулж, амлалт өгөх замаар иргэдийг хохироосон жишээ баримт, үйлдлүүд олон гардаг ажээ. Хөдөлмөрийн гэрээний оронд Хамтын ажиллагааны гэрээ, Хамтран ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Дотоод журам гэх зэрэг ажил олгогчийн эрх ашиг, нөхцөл илүүтэй туссан гэрээнүүд нь ажилтны эрхийг ноцтой хохироох магадлалтай.
Монголд ажилчдын хөдөлмөрийг мөлжих, эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчих үзэгдэл бодсоноос ч өргөн хүрээг хамрах болж. Энэ нь хөдөлмөрийн мөлжлөгийн тухай бидний ойлголт өргөссөнийх үү, эсвэл Монголын хөдөлмөрийн орчин дахь хүний эрхийн нөхцөл улам явцуурсаар буйнх уу…
Мөн түр ажлын байр нэрээр оюутан, залуусыг бага цалингаар богино хугацаанд ажиллуулаад тэдний хөдөлмөрийг мөлжих тохиолдол ч цөөнгүй байсаар. Хууль эрх зүйн орчин сайжрахгүй, хөдөлмөрлөж буй залуусын хөлс хүч хий дэмий үрэгдсээр байвал Монголын залуучууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхээр харийн орныг зорьсоор бид хөдөлмөрлөх хүчээ алдана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1