100 жилийн бахархалт түүхээ мөнгөн тэмдэгт дээр хэвлэж хүртэл аархаж байгаа эрх баригч нам 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж ялалт байгуулсан цагаас хойш ард түмний үнэлэмжийг бодитоор хүлээж, сайшаагдсан нэг ч ажил хийж чадсангүй. Чин үнэндээ бусдын хийсэн, санаачилсан дээр нэр төр булаацалдаж, алдаа дутагдал гарвал харин сөрөг хүчин Ардчилсан нам руу сурмаг гэгч нь бухах аргаа хэрэглэсээр байна. Энэ нь нэг талдаа эдийн засаг, нийгмийн асар муу үр дагавартай ч иргэдэд улс төрийн сургамж, сануулга болж байх шиг. Улсын их хурал өөрийн чадамжаа алджээ. Эрх баригч МАН алдагдуулжээ ч гэж хэлж болно.
1. Чадамж Парламентийн нийтлэг ойлголт бол УИХ хууль тогтоох, батлах бүрэн эрхийг хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Гэтэл энэ удаагийн УИХ давхар дээл өмссөн гишүүд Засгийн газарт орох боломжийг Үндсэн хуульд засвар оруулах, цэцийг улс төржүүлэх замаар хэрэгжүүлсэн нь ардчилсан ёс, орчин үеийн улс төрийн соёлоос ухарсан, чадамжгүйгээ шууд нотолцсон үйл явдал болсон юм. Чадамж гэх ойлголт УИХ дээр яригдахдаа улс орны эдийн засаг, нийгмийн эерэг сөрөг үзүүлэлтүүдээр шууд илэрхийлэгдэх ёстой.
Гэтэл монголын нийгэм эдийн засгийн байдал хямралаас илүүтэй авлигын атганд орсон нь УИХ нэг намын гараар буюу өөрөөр хэлбэл намыг удирддаг хэдхэн бүлэг улс төрчид тэдний хамтрагчдаар удирдуулсан нэг ёсны мафи шинжтэй болсон хэрэг. Ийм үед парламентын чадамж ярих боломжгүй.
2. Легитм чанар Хууль ёсыг эрхэмлэх ойлголт дэлхий дахины нийтлэг зорилт болоод хэдэн зууныг ардаа үдсэнийг бид мэддэг. Иргэдийн төлөөлдөг бага ард түмэн гэгдэх Улсын Их Хурал хууль ёсны хүчинтэй эсэх дээр дүгнэлт тайлбар ч аль хэдийн гарсан. 2021 оны 3-р сард шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шалгагдаж шоронд суусан нэгэн эрхэм УИХ-ын гишүүний тангарга өргөсөн явдал гарав.
Харин энэ үеэр УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож гишүүдийн талаас илүү хувь нь гэм хэрэгтэн гэж зарлахад нэг ч гишүүн үгүйсгэж чадаагүй ба эргээд түүнтэй заргалдах ч хүн гараагүй юм. Гэм буруугүйгээ нотлож, нэр төрөө хамгаалах эрх хэнд ч бий. Гэтэл ингэж чадахгүйгээр үл барам шүүх засаглалд шинэчлэл хийх ч хүсэлгүй УИХ, МАН-ын Засгийн газруудыг хууль ёсных гэж үзэх боломжгүй болов.