Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    Р.Эмүжин: Цэнхэр гаригийн Бурхны шашны төв Монгол Улс байх боломж эндээс харагдаж байна

    Шинийн гурванд ширээнээ заларсан 10 дугаар Богд ч бас амаргүй долоон жилийг үдэх шиг боллоо. Монголоос тодорсон 10 дугаар Богд, дээр нь Далай лам хагас сая орчим хүүхдээс шинжин, маш олон шалгуураар өөрийн биеэр тодруулсан гэдэг утгаараа гуравхан настай хүүгийн аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр явж ирсэн болов уу.
    Монголчууд 10 дугаар Богдоо дэлхий нийтэд зарлачих вий гэж болгоомжлон гадаад харилцааны шугамаар, ил далд хэлбэрээр өмнөд хөршийнхөн маань манайд дарамт учруулсан байх магадлал өндөр. Энэ мэтийн асуудлаас гадна гэр бүлийнхэн нь шашингүй үеийн сэхээтнүүд гэдэг утгаараа эвлэрч ядан хүлээж авсан гэдэг мэдээ байдаг. Энэ цагийн олонх гэр бүл, аав ээжүүд үр хүүхдээ Богд лам байгаасай гэж хүсэх үү, эдийн засаг бизнесийн том сургууль төгссөн өв залгамжлагч байгаасай гэж хүлээх үү?
    Ялангуяа цаг үе өөрчлөгдөж, хүмүүний сүсэг бишрэл хувирамтгай болж, техник технологи үсрэнгүй хөгжиж, дээр нь Монгол Улс олон шашны орон гэр болчихоод байгаа энэ үед Богд байх нь тухайн хүндээ ямар ачаалал, эргэлзээ, хардалт авчрахыг таашгүй. Гэвч энэ мэтийн адармаатай долоон жилийг ардаа хийсний эцэст Монголоос тодорсон 10 дугаар Богдыг өнөөдөр 10 настайд нь бүгд мэддэг боллоо.
    Далай лам өөрийн биеэр шашны талын ёс эрэмбэ, зан үйлийг гүйцэтгэн залсан мэдээ байна. Эл үйл явдлыг энэ дэлхийн Бурхны шашинт хүн бүр анхааран харж байна. Цэнхэр гаригийн Бурхны шашны төв Монгол Улс байх боломж эндээс харагдаж байна. Монгол Улсын байр суурь, тусгаар байдал, төвийг сахисан бодлогыг баталгаажуулахад 10 дугаар Богдын нэр л байхад хангалттай тийм том учир шалтгаан үүний цаана оршиж буй юм.
    Дэлхийн геополитик, улс төр, дипломат бодлогод Монгол Улс өөрийн дархлааг олж авлаа хэмээн ойлгож байна. Богдыг тодруулдаггүй, Богд төрдөг гэж би боддог. Анхдугаар Богд Түшээт хан аймгаас тодорсон, 10 дугаар Богд Түшээт ханы нутгаас төрлөө. Бурхны шашинт хэдэн тэрбум хүний чихийг дэлдийлгэсэн энэ мэдээ дэлхий даяар салхи мэт түгэж, Монголын 10 дугаар Богд уламжлал шинэчлэлийг нягтлан хослуулж, өрнө дорнын боловсрол хийгээд ухааныг өвөрлөн түгээсэн эрхэм нэгэн болж өсч төлөвших болтугай!
    Төвд болон монгол, соёмбо, тод, дөрвөлжин бичиг дээр үлдсэн Бурхны шашны анагаах ухаан, гүн ухаан, сансар огторгуй, шим мандлын судлагдахуун, ерөөл залбирлуудыг монгол, англи хэлнээ олноор хөрвүүлэн, хүн төрөлхтөнд өвлүүлэхийн эхлэлийг тавиасай хэмээн хүснэ. Хүний сайхан хүүгийн өлмий бат, эрдэм өөдөө байг.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ