Тэрбээр “Өмнөх жил манай улс 315 сая ам.долларыг угаасан ноолуураас олсон байна. Хэрэв бид самнаад гадаад руу гаргавал 550 сая ам.доллар болно. Төр бодлогоор дэмжвэл ноолуурын салбараас олох орлогоо ахиулах боломжтой. Мөн угаахаас самнах гээд ганц шатлал нэмэгдэх 4,200 ажлын байр нэмэгдэх тооцоо гарч байсан.
Хүчин чадлаа баталгаатай болгож байж ирэх жилээс самнасан ноолуур экспортод гаргахаар боллоо” гэдгийг хэллээ. Харин үхэр ээмэгжүүлэх талаар “Таван сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна. Төсөвт мөнгө шинээр тусгаагүй. ХХААХҮЯ-ны дэргэд ажилладаг төслүүдийн зарим арга хэмжээг үхэр ээмэгжүүлэх ажил руу шилжүүлж, санхүүжилтийг шийдэж байгаа. Мөн хөдөө аж ахуйн биржийн ашигт ажиллагаанаас 2.6 тэрбум төгрөгийг уг ажилд шилжүүлж байгаа. Ийм байдлаар нөөц боломжоо ашиглаж үхэр сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ” гэсэн юм.
Түүнчлэн “Эрүүл бүс байгуулж, гол төв замууд дээр мал эмнэлгийн пост ажиллуулж байж тодорхой журмын дагуу ажилласнаар эрүүл бүсийг бий болгодог. Сар тутамд хийсэн ажлаа малын эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, тэдний хяналт дор хийгддэг ажил. Энэ бол ганцхан баруун гурван аймаг биш юм.
Хөвсгөлийн зургаан сум, Булганы Тэшиг гээд хойд талдаа долоон сум, Ханх, Тэшигийн боомт, зүүн талдаа Халх голын эрүүл бүс байгуулна. Халх голын хувьд онцлогтой. Тэнд 100 мянган үхрийн аж ахуй байгуулахаар төлөвлөж байна. Халх голын өвс ургамал төрөлжсөн үхрийн аж ахуй байгуулж, экспортлоход тохиромжтой” гэв.