Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайг шийтгэхгүй бол Монгол Улс халтайлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан 40 их наядын нүүрсний хулгайн эсрэг нийгмийн эсэргүүцэл Монголд тогтолцооны өөрчлөлт яригдах хүртлээ өндрөө аваад байна. Хөрш орнууд “Эхлээд хулгайчидтайгаа учраа олчих” гээд зэнзийрхэх болов. Манайтай эдийн засгийн харилцаа сайтай, донор орнууд болох Япон, Солонгосын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг онцолж байна. Блүүмберг, BBC,  AL JAZEERA зэрэг гадны томоохон хэвлэлүүд “Монголын эдийн засагт уул уурхай, тэр дундаа нүүрснээс олох орлого маш том нөлөө үзүүлдэг. Гэвч энэ баялгийг улс төр, бизнесийг дамнасан бүлэглэлүүд завшсан асуудлыг ард иргэд нь ихээр эсэргүүцэж, Төрийн ордон руугаа дайрсан байна” гэж мэдээлж эхэллээ.

    Тийм болохоор “шударга ёс”-ны тэмцлээр имиж хийж гарч ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та нүүрсний хулгайчдаа хурдан шалгаж, шийтгэлийг нь оноомоор байна. Өмнөх шиг ард түмэн дундаа ярьдаг, хулгай зэлгийтэй нь тэмцэнэ гэж Засгийн газар нь мэдэгдэл төдийгөөр явдаг байдалдаа цэг тавихгүй бол дотоод улс төрөөс илүү гадаадаас манайд гаднаас нөлөөлөх эдийн засгийн хямралаа улам хурцатгахаар болчихлоо. Товчхондоо, “Шударга ёсны тэмцэл бол намын нөхөдтэйгөө хийх тэмцэл юм” гэдэг амандаа хүрч, манай танай гэж эвийлэлгүй шийдвэртэй арга хэмжээндээ ормоор байна. Тэгж чадахгүй бол ийм хулгайчидтайгаа үгссэн, толгойг нь илсэн төртэй оронд цаашид хөнгөлөлттэй зээл тусламж ирэх үү, эдийн засгийн дэмжлэг гадаад орчиндоо царцах биш үү. Дэлхийн доог тохуу болсон, хулгайч нүүрлэсэн орнуудын эгнээнд жагсаж онигооны бай болох нь байна.

    Сар гаруйн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсон, “Тавантолгой төмөр зам” компанид шалгалт оруулж, удирдлагуудад нь эрүү үүсгээд явж байна. Өдийд хангалттай мэдээлэл цугларсан байх ёстой. Гадаад талаасаа ч мэдээлэл хангалттай авсан талаар дотоод, гадаадын эх сурвалжууд хэлэх болов. Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлэл хийх үеэрээ “Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг цэгцлэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа юм. Цаана нь нөлөө бүхий том лидерүүд байгаа. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэж байлаа.

    Түүнийг энэ оны хоёрдугаар сард Хятад улсад айлчлал хийхэд урд хөршийн талаас дотооддоо нүүрсний хулгайтай холбоотой албан тушаалтнуудаа барьсан гэдгээ мэдэгдсэн төдийгүй манай талаас оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалт гардуулсан гэх юм билээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин “БНХАУ Монгол Улсын Засгийн газар хүсэлт ирүүлсэн тохиолдолд нүүрс хулгайлсан гэх хэргийг шалгахад нь туслахад бэлэн” гэж саяхан мэдэгдсэн нь дээрх мэдээллийг баталж байна. Азербайжаны  хэвлэл “Репорт”-од дурдсанаар бол “Хятадын тал авлигажсан төрийн албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг Монголын засгийн газарт дамжуулсан тухай Хятадын хэвлэлүүд мэдээлсэн. Хятадын хэвлэлүүдийн мэдээллээр, гэмт хэргийн схемийн тусламжтай тэд нүүрсний борлуулалтаас 12.9-17.6 тэрбум ам.доллар шамшигдуулсан байна” гэжээ. Мөн “CentralAsia” порталд “Хятад улсад Монголын нүүрсний хулгайтай холбоотой албан тушаалтнуудыг цаазалж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ хэрэгт холбоотой Монголын улс төрчдийн нэрсийг явуулсан” гэж онцолсон байх аж.

    Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарт хангалттай баримт очсон гэх мэссэж юм. Тэгэхээр одоо энэ нүүрсчдийн асуудал дотоод асуудал биш болсон гэсэн үг. Нэг намын асуудал бүр ч биш. Ийм цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд түүхэнд ямраар үлдэх тухай асуудал. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн бүлэглэлээ хурдан шалгаж, шийтгэхгүй бол Монгол Улс халтайх нь байна шүү.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ