Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    МОНГОЛ киног үзээд МОНГОЛ-оо цэгнэсэн бодрол

    Эх оронтой атлаа төр үгүй, эх нутагтай атлаа эзэн үгүй. Ийм он жилүүдийг бидний Монголчууд их олон жарнаар туулсан. Одоо ч туулсаар байх шиг! Дөчин түмэн Монголоос зургаан түмээ авч үлдсэн эмгэнэлт цагаас хойш өнөөг хүртэл энэ улсын газар шорооноо бидний байгуулсан Монгол төр дангаар чухам оршиж чадаж  байв уу? Өндөр хаадаасаа хойш энэ эх оронд өөрийн гэх төр үнэн чанартаа байсан юм болов уу? Одоо ч цаашид ч байх болов уу? Яг үнэндээ Монголын төр Монголынх байв уу? Өрнө эсвэл дорнын аль нэг гүрний тэмтрүүл энэ улсын төрийг чиглүүлж чичиж байв уу?
        Энэ олон асуулт Б.Амарсайханы  МОНГОЛ хэмээх киноноос тархи зүрх рүү чичилж тарчлаан үүсгэж орхив. Энд аль ч үед байдаг ноёдын урвалт. Нохдын шуналыг дурдах нь улиг. Гэхдээ төр үүнийгээ цэвэрлэж байв уу? Гэсэн асуулт бол чухал! Дээдсийн самууралд доодос шаналах гашуун. Мэдээж Монгол гэх энэ кинонд Baljinnym Amarsaikhan ойлгодог бол үүнийг гасалтал зоож өгч ээ. Богд хааны зарлиг үл тоогч Манж амбан Монголоос… Танай төр чинь хаана байгаа юм бэ? Хэмээн тавлан асуух асуулт үзэгч таны бас миний зүрх рүү ёг хийтэл зүсээд орно. Нээрээ Монголын төр хаана байна аа? Өчигдөр газар шороо, уул ус, ураг цус нэгтэй Монгол ах дүүс ээ таван хэсэг тасчуулахдаа! Өчнөөн Монгол эрс ээ өмнө хойд руу дөнгөтэй тууж, цаазын тавцанд хүргэхдээ!
       Төв Монгол оо зорьж тэмцсэн эх оронч олон өвөрлөгч, торгууд, буриад эрсээ хормой дороо авч үлдэж чадахгүй холын төрд нулимстай тушааж явсан энэлэнт цаг дуусаа болов уу? гээд олон олон шаналан. Оройгүй их бодол Монгол киноноос тан руу чичилнэ.
    Монгол төр дангаар орших цаг эхэлж байна уу? Энэ олон самуунтай цагт Монгол оо зорьсон элэг нэгт ахан дүүс дээ иргэншил олгох, төв Монголын төрт ёсны соронзон чадавх сэргэх цаг болсон уу? Сэргэж байна уу? Дахиад л бас олон асуулт дараалан тархин төрж зүрхэнд чанагдана.
    МОНГОЛ ТӨРД ХАЯГЛАСАН НАЙРУУЛАГЧ АМАРСАЙХАНЫ КИНО АСУУЛГА
        Ай бас айхавтар санаа. Аймшигтай шаналан дагуулсан ямар хэцүү кино үзэж орхив доо. Амараа анд минь! Чиний жүжигчний ур чадварыг энд ярих илүүц. Таны найруулагчийн хэм хэмжээ хязгааргүй болж орхисон нь цочирдууллаа. Монголын төрд, эсвэл түүхэн цаг хугацааны хүрдэнд найруулагч Амарсайхан Та Монгол киногоороо захидал эсвэл асуулга тавьжээ. Монголчууд дэлхийг засаглаж, зааж явсан өндөр хаадын олон зууны алдаа онооны төлөөс Манжийн төрөөс хойш мөлхөж ирсэн Монгол түмний гаслант он жилүүдийн зовлон бэрхшээлээр өнөөдөр төлөгдөж дуусаагүй гэж үү?
      Монгол хэнээс ч юунаас ч үл хамаарах төртэй орших цаг хугацаа хэзээ вэ! гэсэн асуулга найруулагчийн бүтээлээс нэвт харагдаад байна. Би энд мөн л киноны хийц. Жүжигчдийн ур чадвар. Дуу хөгжим, өнгө дүрслэл огт ярихгүй. Яагаад гэвэл ярих юмгүй таалагдсан учраас.
    ЖҮЖИГЧНИЙ БОСГО ТОГТООСОН АМАРСАЙХАН НАЙРУУЛАГЧИЙН БОСГЫГ ӨНДӨРЛӨЖ БАЙНА
      Бенз бусад машин гэдэг шиг Монголд найруулагч Б.Амарсайхан бусад найруулагч гэдэг ангиллыг чи өөрөө л тогтоочихлоо. Чи үүнийг өөрөө л эхэлсэн шүү! Эргэж ирэхгүй намар кинонд нь өөрийн хувьд багахан ч гэсэн нэмэр болж явсан. Нэг тийм Монгол утга уянга. Нэг л бүлээн дотно ахуйд уусаж үзсэн. Гэтэл одоо зүрхний гүнд чимчигнэн хатгуулаад байдаг Монголын хувь заяаны эмзэглэлийг Монгол киногоороо зүсээд гаргаад ирэх юм. Би Монгол УСКиног үзчихээд Онон мөрний шугуйдаа очоод цурхиртал уйлмаар. Гурван нуурын хөвөөнд Их Эзнийхээ хөшөөнөөс өршөөл эрж өмөлзмөөр. Бүүр түүхэн цаг хугацаа чамаас Монголын хувь заяаны төлөөсийг нэхэмжлэн. Монгол төрийн дангаар орших их эхлэлийг шаардмаар. Нэг тийм омогшил, хэлж чадамгүй гунигт мэдрэмжийг тээж гарч ирсэн.
      Одоо яая гэхэв жүжигчин Амараа биш найруулагч Б.Амарсайханаас үзэгчид үүнийгээ давсан олон бүтээл нэхнэ. Дэлхийн дэлгэц кино шиг кино танаас хүлээнэ. Битгий зогс давхиад бай! Бидэнд хийх зүйл их байна анд минь.
    МОНГОЛ уран сайхны кино үзэх ёстой гэж албадах ахадсан үзэх учиртай кино байлаа.
    Оросоогийн Түвшиндэмбэрэл
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ