Нүүрсний хэргээр АТГ-аас 17 хүн нэрлэгдэж , үүнд таван УИХ-ын гишүүн багтсанаас хойш замхарсаар, залхаасаар, гурвынх нь нэр УЕП-оос орж ирэн хоёр нь огцрох боллоо. АТГ нэмээд ч 20 гаруй гишүүдийн нэр зарлах боломжтой гэгдэж байсан ч түдгэлзүүлэн шалгах дээрээ тулахад цөөрсөөр дөнгөж гурав дээр л тогтсон нь цаагуураа ихээхэн наймаа, улс төрийн тохиролцоо явагдав уу? гэх хардлага төрүүлж буй юм. Олон нийт ч дараагийн удаад нүүрсний хэрэгт төрийн өндөр албан тушаалтнуудыг хуруугаа даран тоолж, овог нэртэй нь жагсаах шахан гадарлаж байлаа.
Гэтэл эл хэрэг ингэсгээд нам дарагдвал нэг их том шинэчлэл өөрчлөлт,гайхамшигт сайн сайхан сэргэлт босголт яриад нэмэргүй юм. Өөрөөр хэлбэл МАН-ын загалмайлсан эцэг гэгддэг луугарууд урдаа хэдэн золиосны хүүхэлдэйнүүд түлхэж орхиод хөшигний ард өч төчнөөн тэрбумаар ялаа наймаалцах тэр ч байтугай дараагийн сонгуульд жагсаалтад багтахаар улайрч байгаа дүр зураг ажиглагдах боллоо. Улс төрийн хачин нам гүм байдал хэзээ ч сайн сайхан зүйл авчирч байгаагүй. Харин ч түмний эрх ашгийг бөгсөн доороо хийж суух санаархал шарвалздаг нь жам.
Нүүрс үнэтэй, нүүрсчид хүчтэй байх тусам мөнгөний хамаг урсгал тэдэнд төвлөрч дагаад улс төрийн ашиг хонжоо наймаа арилжаа ч тун нууцлагдмал буцалж байх шиг. Прокуророос түдгэлзүүлэхээр оруулж ирсэн гишүүд нь хүртэл ил цагаан өөрсдийгөө өмөөрөөд эхэлсэн нь эрх баригч намын фракцууд дотор эрх мэдэл, эд баялаг сайтай хэсгийнхэнд “хаданд гарах” сайхан боломж болох.
УИХ өөрөө авлигын сүлжээний автор, толгой болов уу гэлтэй. Өөрөөр хэлбэл 10 гаруй гишүүн Хөгжлийн банкны, түүнээс ч дутахгүй тооны олон гишүүн нүүрсний хулгайд, тэгээд ихэнх нь ЖДҮ-ийн зээлийн сангаас шамшигдуулсан хүмүүс тул олон нийтэд нэг их чимээ аниргүй, улс төржилтгүй хуралдаад байгаа гэж харагдах мөртлөө төрийн ордонд хөл хөдөлгөөн их байгаа бололтой. Энэ бүхнээс эцэстээ нэг л дүгнэлт гарна. Нэлээдгүй урхагтай, нийтэд онц хохиролтой нүүрсний хулгайчдын дараагийн цуваа, нэрс, хариуцлага хэзээ орж ирэх вэ? Ард түмэн ч, төр засаг нь ч түүхчлэн мэдэж байгаа хар гартай, цагаан захтай нүүрсчдээ хариуцлага тооцож чадахгүй бол нэг алхам ч урагшлах боломжгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1